Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "их цэвэрлэгээ" төлөвлөгөөгөөрөө явж байна уу

Нийтэлсэн: Админ 2019-03-30 13:00:56

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “их цэвэрлэгээ” төлөвлөгөөгөөрөө явж байна уу


Өнгөрсөн жилийн намар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурж УИХ-д өргөн барьж байлаа. Тэр үеэр Ерөнхий сайд өрөөндөө хэвлэлийн хурал хийх үеэрээ “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын индэр дээрээс хэлж байсан үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ерөнхий сайд болсноосоо хойш 13 аймгаар явсан. Ард түмэн хоёр зүйлийг хүсч байна. Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөч. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг сэргээж өгөөч, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлаас ангижруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хүсэж байгаа зүйл бол шударга ёс. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах. Би нэгийг буюу ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь насаа хайрлахгүй тэмцэх замыг сонгож байгаа. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хүмүүс ярьдаг МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна. МАНАН гэж байдаг юм байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэсэн оролдлогыг хийсэн үү гэвэл хийсэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Үүнийхээ төлөө огцрох ёстой. Газрын наймаа хийж байсан уу, байсан. Үүнийхээ төлөө огцор гэсэн.


Д.Хаянхярваа даргыг бүлгийн даргаа хийж чадаагүй, шударга ёсны төлөө, 60 тэрбумынхныг хамгаалсны төлөө огцор гэж хэлсэн. Манай намынхан дэмжиж огцруулсан. Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Энэ асуудлыг НИТХ хэлэлцэнэ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой. Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавилаа. Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэн шаардаж байгаа. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ , эрх зүйн орчин дутаж байгаа. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн гарын үсэг зурсан хүмүүсийн зургийг хараарай. Хэн болох нь харагдана. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл тэнд байгаа. Монголын эд хөрөнгө, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна.  Улс орны эдийн засгийн уналт зогссон. Эдийн засгийн бодит өсөлт 6,3-т хүрсэн. Энэ жил энэ өсөлтийг тогтвортой барина. Ард түмнийхээ бий болгосон шударга ёсыг хамгаалах цаг болж. Үүнээс цааш хугацаа алга. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ  амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Цаашид хуулийн дагуу шалгаад хариуцлага тооцох асуудал үргэлжилнэ. ЖДҮ эрхлэгчдэд тэдэнд зориулсан зээлийг нь өгнө. Бид шалгаж, хэн буруутайг нь тогтоох ёстой. Шилэн нээлттэй санг бий болгоно. Засгийн газрын зүгээс энэ шалгалтыг хоёр сарын өмнө хийсэн. Ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган хүмүүс намуудад байгаа. Эдгээр хүмүүсийг нэгдээсэй гэж хүсэж байна” гэж байв.


Тухайн үед тэрбээр дээр дурдсан асуудлынхаа алиныг нь ч хийгээгүй байсан юм. Харин өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд өрнөсөн улс төрийн үйл явдлуудаас харахад тэр төлөвлөгөөгөө биелүүлж байгаа бололтой. Тэр цэвэрлэгээг намаасаа эхэлж хийнэ гэсэн. Ямартаа ч УИХ-ын даргаас М.Энхболд огцорлоо, Бүлгийн даргын ажлаа Д.Хаянхярваа өглөө. Нийслэлийн удирдлагуудыг холдуулж өөрийнхөө хүнийг тавив. Өөрийнхөө гэж тодотгож байгаа нь Улаанбаатар хотын Захирагчаар НИТХ С.Мөнхчулууныг томилуулахаар явуулсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх татгалзаж С.Амарсайханыг томилуулсан юм. Энэ бүх ажлыг тэр бас хүч түрж ч хийлээ. Ерөнхийлөгчтэй хамтарч ч хийв. УИХ-ын даргаар улс төрийн амьдралдаа салж холдож байгаагүй Г.Занданшатарыгаа тавьчихлаа. Намын удирдлагыг гартаа авсных нь дараа болсон нэг содон зүйл бол Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг УИХ нэг хоногийн дотор бүхэлд нь баталсан явдал юм. Үүгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүх, хуулийн байгууллагуудын удирдлагыг зөвлөмж гаргаад солих эрхтэй болчихлоо. Эхнээсээ ч хэрэгжиж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлсөн бол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцруулаад байна.


ҮАБЗ ийнхүү үлэмж хүчтэй болоход С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн дуулиан түлхэц болсон юм. Эрүүдэн шүүх бүхий л хэлбэрийг Монгол Улсад байтугай дэлхийд зөвшөөрдөг газар бараг байхгүй. Тэр талаар олон улсын конвенцид ч манай улс элсэж байлаа. Тиймээс ийм төрлийн алдаа завхрал гарсан бол түүнд холбогдсон албан тушаалтан, албан хаагчдыг хүндээр цээрлүүлэх ёстой. Энэ ажил ч ингээд эхэлж байх шиг байна. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ярьсан “их цэвэрлэгээ” цааш улам үргэлжлэх нь гэсэн хүлээлт бас үүсчихлээ. Тэрбээр 60 тэрбум, 30 гэр бүл, МАНАН,  Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас авахдаа төрийн мөнгө ашигласан хэргүүдийг зүгээр орхихгүй нь мэдээж. Тийм болохоор л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “их цэвэрлэгээ” төлөвлөгөөгөөрөө явж байна уу гээд байгаа юм.


У.Даш