Х.Мандахбаяр Монголын сэтгүүл зүйг хааш нь чирээд байна вэ?

Нийтэлсэн: Админ 2019-05-18 16:49:00

 

Зиндаа.мн сайтын эзэн Х.Мандахбаяр 2018 оны 2 дугаар сарын 8-нд болсон МСНЭ-ийн XVII Их хурлаас энэ Эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Х.Мандахбаяр бол сэтгүүлзүй хэмээх их айлаар нь аваад үзвэл босгоор нь даваад багагүй он жилүүдийг үдсэн. Тиймээс Монголын сэтгүүлчдийн тодорхой хэсэг түүнийг мэддэг байсан юм. Түүний МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон үйл явдал бас л тодорхой хүрээнд хамаарагддаг сэтгүүлчдийн саналд тулгуурласан байдаг юм.

Х.Мандахбаярыг дэмжээгүй Монголын Өдөр тутмын сонины холбоо, өөр зарим холбоод хурлыг хаяж гарч байсан бичлэг одоо ч интернэтээс устаагүй байна. Хамгийн гол нь Х.Мандахбаярыг МСНЭ-ийн ерөнхийлөгч болгох гэж Монголын сэтгүүлчид бус МАН маш их хөрөнгө, хүч хаясан. Сонгууль нь ч зүгээр л улс төрийн сонгууль болж байв.

Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгууль дагасан бүх “хор” МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд болсон. Ингэж Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсноор энэ Эвлэл МАН-ын одоогийн удирдлагад байгаа зарим хүний шууд мэдэлд очсон салбарын холбоодын нэг болсон юм. Одоо Х.Мандахбаярын МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон Их хурал хууль бус байсан. Түүний ард бүхэл бүтэн нам ажилласан байж “болзошгүй” асуудлыг сэтгүүлчид сөхөж эхлээд байна. Зохион байгуулалтад ч оржээ. Удахгүй энэ ажил давалгаалж, нийт сэтгүүлчдийг хамарна гэдгийг баталгаатай хэлчихье. Ингэх шалтаг, шалтгаан Монголын сэтгүүлчдийн өмнө тулгарчээ. Бичвэрийн гарчигнаас агуулгыг ойлгосон л байх. Маш ойлгомжтой л доо. Монголын сэтгүүл зүйг Х.Мандахбаяр гэдэг хүн хааш нь чирээд байна вэ. Энэ асуултыг сэтгүүлч бид бие биедээ тавиад удлаа. Манай улсад сэтгүүлч, сурвалжлагчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 3-5 мянган хүн бий гэсэн статистик бий. Ийм зөрүүтэй тоо мэдээлэгддэг гэсэн үг. Энэ 3-5 мянган хүнийг нэгтгэж харагддаг ганц байгууллага бол МСНЭ юм. Сурвалжлагчаар ажилладаг би МСНЭ-д нэгдээгүй ч энэ Эвлэл биднийг төлөөлж харагддаг болчихсон. Гол аюул нь эндээс эхэлнэ. Яг үнэндээ одоогийн МСНЭ-ийн удирдлагууд бол 2018 оны 2 дугаар сарын 8-нд МАН-ын ивээлд болсон “Их хурал”-аас бүрдсэн баг байдаг. Х.Мандахбаярыг тойрсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүний эзэд, эрхлэгч нар МСНЭ-ийг одоо удирдаж байна. Тэд сайн ажиллаж байвал энд бичээд байх шаардлага байхгүй л дээ. Гэхдээ тэдний гэхээсээ Х.Мандахбаярын Монголын сэтгүүл зүй, Монголын сэтгүүлчдийн нэр хүндэд шууд халдсан үйлдлүүдийг хазаарлах, хязгаарлах цаг нэгэнт болсныг бид мэдэрч эхэлж байна.

Маш ноцтой хэдхэн үйлдлийг энд дурдъя. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хийж байгаа үйлдлүүдийн талаар бид цаашид илүү тод, чанга дуугарах тул энд шалтаг, шалтгаанаа тоймлох төдий, ойлголт өгөх зорилгоор цөөн хэдийг нь жагсаая.

Нэг. Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсноос хойш өөрөө БНХАУ, БНСУ, бусад улс орон руу байнга аялдаг болсон. Сэтгүүлчдийг ч хэдэн арваар нь баг болгон “нисгэдэг” болов. Б.Галаарид гуайгаас өөрийн гэсэн өртэй цөөхөн хэдэн мкв байр өвлөж авсан Х.Мандахбаяр энэ зардлыг хэн төлж, хаанаас гараад байна вэ.

Хоёр. Х.Мандахбаяр МСНЭ-ийн ерөнхийлөгч болсныхоо дараа Монгол, Хятадын сэтгүүлчдийн ээлжит форумыг Өмнөговь аймагт, Тавантолгойн “нөмөрт” зохион байгуулсан. Форум амжилттай болжээ. Харин хэдэн зуун хүнийг хонуулж, хооллож, байр саваар хангасан энэ их зардлын оронд Монголын сэтгүүлчид, МСНЭ Тавантолгойн орд, түүнийг хариуцсан байгууллага, орон нутагт ямар хэмжээний өртэй болсон бэ.

Гурав. Х.Мандахбаяр бол МАН-ын гишүүн. Одоо ч хэвээрээ байна. Тэр ч байтугай Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга байхдаа МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Тэр утгаараа, бас өөрөө Өмнөговь аймгийн хүн гэдгээрээ тус аймаг дахь уул уурхайн асуудалтай салшгүй холбоотой тухай олон эх сурвалжийн мэдээлэл сэтгүүлчдэд байдаг. Тэгэхээр Х.Мандахбаярын эрх ашиг Тавантолгойн орд, жижиг Тавантолгойд хэрхэн шингэсэн байдгийг сэтгүүлчид мэдэхийг хүсч байна.

Дөрөв. Х.Мандахбаярын сонгогдсон байдал, улс төрийн үзэл баримтлал зэрэг нь эрх баригч МАН-ыг дэмжигч гэдэг нь тодорхой байдаг. Тэрбээр энэ давуу талаа ашиглан Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа агентлагууд, НЗДТГ, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Монгол Улсад гадаадын ЭСЯ-дуудтай онцгой харилцаа тогтоон ажилладаг боллоо. Энэ хүн юу амладаг, цаадуул нь юу өгдгийг Монголын сэтгүүлчид мэдэхгүй байна.

Тав. Х.Мандахбаярыг олны өмнө гарахад эрхэлж буй ажлаар нь МСНЭ-ийн байр суурь гэдэг ойлголт нийгэмд хэдийнэ бий болжээ. Гэтэл энэ нөхөр хэдхэн хоногийн өмнө өөрийн найзуудыг дагуулж “МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр” гэж зарлуулж байгаад нэгэн уул уурхайн компанитай асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг ньтэрээр “Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга Х.Мандахбаяр”, “МАН-ын гишүүн Х.Мандахбаяр”, “Өмнөговь аймгийн иргэн Х.Мандахбаяр” гэж зарлуулаад хийж болох л байсан. Гэвч тэгээгүй. Харин Х.Мандахбаяр нарыг өөр зорилготой энэ хэвлэлийн хурлыг хийсэн гэх албан бус мэдээлэл сэтгүүлч бидний дунд түгээд байна.

Зургаа. Х.Мандахбаярыг өмнө нь Зиндаа сонин, Зиндаа сэтгүүл, Зиндаа.мн сайт зэргийг үүсгэн байгуулсан гэдгийг сэтгүүлч бид мэднэ. Гэвч энэ хүн МСНЭ-ийн ерөнхийлөгч болоод ганцхан жилийн дараа телевиз, өдөр тутмын сонин худалдан авсан. Хэний мөнгөөр яаж авчихав гэдэг сэтгүүлчдийн сонирхлыг талын түймэр шиг л өдөөж байгаа юм. Энэ мэтийн Х.Мандахбаярт эргэлзсэн сэдвүүдийг цааш нь лав арав хүртэл шууд л өрж болохоор байна. Ийнхүү улс төрийн намтай, уул уурхайтай холбогдсон Х.Мандахбаярын явуулж байгаа сэтгүүлчдийн ордон, сэтгүүлчдийн орон сууц, сонин, телевизүүдийнх нь зардал гээд санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой эргэлзээ маш их бий. Хардлага ч зохих түвшинд яваад эхэллээ. Уг нь Х.Мандахбаяртай холбоотой иймэрхүү асуудлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх дэмий юм.

Гэвч түүний ард улс төр, бизнесийн томоохон бүлэглэл байж болзошгүй. Бас Монголын сэтгүүлчдийн нэр хүнд Х.Мандахбаярт чирэгдээд хаашаа ч юм буруудаж явж байж мэдэхээр байна. Үүнийг дагаад “Бид 2018 оны 2 дугаар сарын 8-нд юу хийчихсэн юм бэ”, “Ерөнхийлөгч болсон Х.Мандахбаяр Монголын сэтгүүл зүйг хааш нь чирээд байна вэ” гэх мэтийн хамгийн эхний асуултууд тавигдаж байгаа юм. Тиймээс сэтгүүлчид бидэнд бусдаас нуух шаардлагагүй гэсэн үг. Учир нь сэтгүүлчид бол нийгмийг мэдээллээр хангаж, урд нь алхах ёстой. Гэтэл Х.Мандахбаяр гэдэг нэг хүнд чирэгдчихээд явж байгаагаа олон нийтээс нуух хэрэггүй юм.

 

 

5 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх