Европыг цочирдуулсан хар тамхины наймааны сүлжээний үүсгэн байгуулагч, далд ноён хэн бэ?

Нийтэлсэн: Админ 2026-04-22 14:04:32

 

 

Одоогоос зургаан жилийн өмнө Европыг цочирдуулсан хар тамхины наймааны хэрэг гарч, түүнд нь Монгол Улсын иргэд нэр холбогдож байлаа. Туркээс Герман хүртэл хил дамнуулан хар тамхи зөөсөн хэрэгт дипломат паспорттой хүмүүст холбогдсон нь Монгол Улсыг, Монголын дипломат албыг дэлхийд шившиглэж, хар жагсаалт руу чирсэн байдаг.

Тухайлбал, Монгол Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын нутагт баригдаж, улмаар 11 жилийн ял сонссон.

Сонирхолтой нь Б.Баттүшиг ч, С.Эрдэнэбаяр ч тухайн үйл явдлаас нэг жилийн л өмнө буюу 2018 онд Истанбул хотод томилогдсон. Дурын хоёр хүн ганцхан жилийн дотор хамтдаа Европыг цочирдуулах хэмжээний хар тамхи тээвэрлэхдээ хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ хоёр хүний хийсэн гэмт хэргийн цаана өөр хэн нэгэн байсан гэх хардлага эрхгүй төрнө.

Энэ хоёр хүн ямар шугамаар дипломат албанд орж, Истанбулд томилогдсон эх сурвалж, холбоо хамаарлыг нь харахад нэг хүн рүү хөтөлж байна. Б.Баттүшиг бол Улсын дээд шүүгчийн шүүгч агсан Б.Бат-Эрдэнэ агсны хүү. Түүнээсээ гадна өдгөө Беларусь улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж буй Б.Баярсайханы хамаатан.

Б.Баярсайхан бол олон улсын харилцааны мэргэжилтэй хүн биш. Гадаад харилцааны салбарт 2008 онд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болж, олны хэлдгээр тооноор орж ирсэн хүн. Түүнийг тооноор оруулж ирсэн хүн нь тухайн үеийн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар.

Д.Цогтбаатар, Б.Баярсайхан нарын хамаарлыг нотлох ганц баримт нь 2008 оны томилгоо биш. Д.Цогтбаатар 2014 онд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдохдоо мөн л Б.Баярсайханыг ТЗУГ-ын даргаар томилж байжээ. Хожим 2019 онд Гадаад харилцааны сайд байхдаа түүнийг Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар томилсон. Өөрөөр хэлбэл Д.Цогтбаатар хаана явсан газраа дагуулж явдаг итгэлт хүн нь Б.Баярсайхан.

Харин түүнтэй хамт хар тамхи тээвэрлэж явсан жолооч С.Эрдэнэбаяр бол Д.Цогтбаатарыг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь ч, сайд болж ирснийх нь дараа ч жолооч нь байсан. Хар тамхи тээвэрлэсэн жолооч өөрийнх нь жолооч байсныг Д.Цогтбаатар ч өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Энэхүү хэрэг 2019 оны тавдугаар сарын 3-нд үйлдэгдсэн боловч мэдээлэл мөн оны зургаадугаар сард ил болсон. Гэхдээ Монголын албан эх сурвалжаар биш Германы хэвлэлээр анх мэдээлэл гарсныг тухайн үедээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орчуулан нийтэлж байв. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн ГХЯ болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ мэдээллийг нуун дарагдуулсан.

Гадаад харилцааны сайдын итгэлт хүн нь энэ мэт үйлдлийг хянах ёстой албан тушаалд буюу ГХЯ-ны Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байх үед түүний хамаарал бүхий этгээд нь сайдынхаа жолоочтой цуг Туркээс Герман хүртэл улс, улсын хил дамнуулан их хэмжээний хар тамхи тээвэрлэж, түүнийг сайд нь нуун дарагдуулсан үйл явдлыг зүгээр нэг тохиолдол гэхэд итгэмгүй.

Хамгийн ноцтой нь, дипломатууд улс дамнуулан тамхи зөөдөг гэх дуулиан хэзээнээс олны дунд байсан бөгөөд мөн л Д.Цогтбаатарыг сайдаар ажиллаж байхад Польшийн тал тамхины наймаанд нэр холбогдсон байж болох 69 хүний нэрийн жагсаалт гаргаж, тухайн асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэж байлаа. Гэтэл тухайн үеийн сайд Д.Цогтбаатар дипломат алба, улс орны нэр хүндийг бодоод ийм мэдээлэл гаргахгүй байх тухай ярьж байсан нь мөн л хил дамнасан гэмт хэргийг нуун дарагдуулах тухай санаа.

ГХЯ-нд ажилласан, мэргэжлийн дипломат гэдгээрээ бахархах дуртай Д.Цогтбаатар мөн чанартаа Монгол Улсын нэр хүндийг даян дэлхийд шившиглэсэн хил дамнасан тамхины наймааны системийн нэг хэсэг, Европыг цочирдуулсан хар тамхины наймааны сүлжээний үүсгэн байгуулагч байсан юм биш биз? гэх хардлага ч төрөх баримтууд ил болсон.

Үүнээс үзэхэд Д.Цогтбаатар олон нийтийн өмнө салбарын, мэргэжлийн дипломат мэт харагддаг ч мөн чанартаа салбар доторх бугшсан, гэмт хэргийн шинжтэй бүлэглэлийн нэг хэсэг юм.

Өөр нэгэн ноцтой баримтыг дурдахад, түүнийг сайд байхад ГХЯ-ныхан танил талаа албан тушаалд томилдог, гаднын улсаас ч ойр тойрныхноо ажилд томилж өгөхийг гуйдаг гэх хэл ам саяхныг хүртэл тасардаггүй байсан. Тухайлбал, Д.Цогтбаатар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед түүний эхнэр Т.Болормаа Монако Улсын өргөмжит консулаар томилогдож, тэр ажлаа одоог хүртэл гүйцэтгэж байна. Үүнд, Д.Цогтбаатарын Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан гурван жил ч хамаарна. Гадаад харилцааны яамны ТНБД-ын эхнэр яаж өөр улсаас Монгол Улсад суух өргөмжит консул болсон, яагаад энэ албаа түүнийг Гадаад харилцааны сайдаар, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад нь хашсаар байсан нь хачирхалтай.

Гэр бүлээр нь дамжуулж нөлөөлөх оролдлого ч гарахыг үгүйсгэх аргагүй. Д.Цогтбаатарыг өөрийн боловсрол, хилийн чанад дахь сүлжээгээ буруугаар ашиглаж үе үеийн улс төрчдийн авлигын мөнгийг гадаад дахь оффшор дансанд хадгалах сүлжээг анхлан бий болгосон гэх дуулиан ч бий. Түүний эхнэр Т.Болормааг өргөмжит консулаар томилсон Монака Улс бол дэлхийд алдартай, сонгодог оффшор бүс, казиногоороо алдартай.