Нээлттэй сонсгол “гацлаа”, нүүрсний хэрэг ч “гацах” уу?!

Нийтэлсэн: Админ 2023-04-19 9:31:10
Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байв. Тов нь 21 хоногийн өмнө гараад байсан юм. Гэтэл нээлттэй сонсголоос ердөө долоо хоногийн өмнө Нүүрсний түр хороо хуралдаж, “...Хугацаагүйгээр хойшлуулах” шийдвэрийг гаргасан. Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд энэ тухайд “...Хуралдаанд АТГ-ын төлөөлөл оролцож “...Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай. Шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэдгийг илэрхийлсэн. Иймд түр хорооны гишүүд санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлууллаа” гэсэн. Ингээд нүүрсний нээлттэй сонсгол “гацаа”-нд орсон. Харин олон нийт энэ нээлттэй сонсголыг хүлээсээр байгаа юм. “...Нэхэж байгаа” гэсэн ч болно.

Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр дахиад энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “...Бид нүүрсний хэрэгтэй холбоотойгоор сонсгол хийхэд бэлэн байгаа. Хуулийн дагуу долоо хоногийн өмнө гэрчээр дуудах хүмүүсээ зарлах ёстой байсан. “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Н.Удаанжаргал “...Гадаад улсаас цахимаар оролцъё” гэдэг хүсэлтээ тавьсан. “...Хууль эрх зүйн хүрээнд боломжтой юу” гэдэг асуудлыг хуулийн байгууллагад хүргүүлсэн. АТГ-аас мөрдөн байцаах ажил цуг үргэлжилж байгаа учраас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн. Манай түр хорооны гишүүд санал нийлж хойшлуулсан” гэв.

Гол нь Г.Ганболд өчигдөр “...Сонсгол явуулахгүй нөхцөл байдал үүсэх юм бол УИХ-д тайлангаа тавина” гэж мэдэгдлээ. Эндээс “...нүүрсний нээлттэй сонсгол эргэлт буцалтгүй гацаанд оржээ” гэж ойлгогдож байна. Ингэж “гацсан”-ы шалтгааныг “...Нүүрсний хулгайтай асуудлууд мөрдөн шалгах байгууллагуудын ажиллагаатай зэрэгцэж байгаа. УИХ-ын Түр хороо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа боловч мөрдөн байцаалт явуулах боломжгүй. Манай Түр хорооны сонсголд гэрчээр дуудагдах хүмүүс цагдан хоригдож байгаа учраас хууль эрх зүйн хүрээнд боломжгүй байна” гэж тайлбарлаж байх юм.

Ер нь бол Г.Ганболдын тайлбарыг шалтгаан бус шалтаг гэвэл зохино. Нүүрсний нээлттэй сонсголыг товлогдсоноос долоо хоногийн өмнө хойшлуулахаас эхлээд л олон нийтийн дунд эргэлзээ бий болсон. Нэгт, 21 хоногийн өмнө товлон зарлахад нь дуугүй байсан АТГ гэнэт долоо хоногийн өмнө “...Болохгүй” гэсэн гээд байгаа юм. Хоёрт, Г.Ганболдын ярьснаар АТГ-аас Түр хороо руу хүн явуулаад, эсвэл бичиг илгээгээд нээлттэй сонсголыг хойшлуулсан гээд байгаа юм. Түүний өчигдөр ярьснаар “...Н.Удаанжаргалыг оролцуулъя” гэхэд нь АТГ-аас тийм санал хүргүүлсэн бололтой юм. Н.Удаанжаргалын тухайд Монголд ирээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ тэр хүнээс мэдүүлэг авч эхлээгүй гэсэн үг. Ийм нөхцөлд тийм хариу өгөх нь тодорхой юм.

Гэтэл Н.Удаанжаргал гэдэг хүн нүүрсний хулгайтай холбоотой “олон салаа” асуудлын ганцтай нь л холбоотой. Тэгээд түүнийхээ нэг л оролцогч нь байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний ээлжит бус хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж буй есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргах” шийдвэр гаргасан. Эдгээр гэрээний хүрээнд олон хүн тус Түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр оролцох ёстой. Н.Удаанжаргал тэдний л нэг гэсэн үг. Гэтэл дээрх гэрээнүүдийн дийлэнхтэй холбоотой “Бодь”-ийн Д.Баясгалан, тэдний гүйцэтгэх удирдлагууд, дамжаад холбогдоод байдаг Х.Баттулга нарын хүмүүс Монголдоо байж л байна. Гэрээтэй холбоотой асуудлаар Х.Баттулга 2022 оны сүүлчээр АТГ-т дуудагдаад байсан. Мэдүүлгийнхээ “шав”-ыг тавьсан гэх мэдээлэл бий. “Бодь”-ийн Д.Баясгалан ч мэдүүлэг өгсөн байх учиртай. Тиймээс нэгэнт ил болсон гэрээнүүдэд Түр хорооны шинжээчид ямар дүгнэлт гаргасан, түүнийг нь хэлэлцээд явахад саад болоод байх зүйл алга. Ийм л ил тодорхой зүйл дээр Г.Ганболд гэдийгээд байгаа нь анхаарал татаад байгаа юм. Яагаад ингээд байгаа нь бас л хоёр янзаар харагдаж байна. Нэгдүгээрт, энэ Нүүрсний түр хороонд нүүрсний хулгайд холбогдсон хэд хэдэн гишүүн багтжээ. УИХ-ын 72 гишүүнээс нүүрстэй холбогдоогүй, энэ хулгайд сэрдэгдээгүй 13 гишүүн олдоогүй гэхэд итгэмгүй. Өөрөөр хэлбэл, “...Нүүрсний түр хороонд ямар нэг байдлаар нүүрсний асуудалд холбогдсон гишүүд орсон нь нээлттэй сонсголыг хойшлуулахад нөлөөлөөд байна уу” гэж хардахаар байна. Хоёрдугаарт, нүүрсний хулгай тойрсон асуудлуудын зарим, тухайлбал оффтейк гэрээг хэлэлцэхээс болоод нээлттэй сонсголыг “гацаав” уу гэж үзэхээр байна. Г.Ганболдын өчигдрийн “...“Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг оролцуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. АТГ-аас нууц задруулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулах, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нийгэмд яллуулах гээд байгаа учир хууль зөрчиж байна гэсэн санал ирсэн” гэсэн нь ингэж үзэхэд хүргэж буй юм.

Уг нь УИХ-ын нээлттэй сонсгол ямар ач холбогдоотойг Хөгжлийн банкны түр хорооныхон хангалттай харуулсан. Түүгээр олон нийтэд үнэн бодит байдлыг хангалттай ойлгуулсан. Энэ нь хууль хяналтынхны үйл ажиллагаанд ч эерэг нөлөө үзүүлсэн гэдэг нь эргэлзээгүй. Хэрвээ тэр нээлттэй сонсгол болоогүй бол өдийд Хөгжлийн банкны хэргийг шүүх хурлаас болоод шүүхийг “ хэмх нүдэж” эхлэх байв.

Гэтэл нүүрсний хулгайн эргэн тойрон дахь асуудлын “оролцогчид”-ыг нээлттэй сонсголд авчирч чадахгүй нь тодорхой болж байх шиг байна. Тэгэхээр тэднийг байгаа хөшигний ард, нүднээс далд хуулийн өмнө суулгаж чадах нь юу л бол доо. Шулуухан хэлэхэд нээлттэй сонсгол “гацсан” нь нүүрсний хэрэг “гацах”-ын эхлэл ч байж мэдэхээр боллоо.

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР