ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ РҮҮ ӨНГИЙХӨД...

Нийтэлсэн: Админ 2023-05-30 17:56:26

 

1. Мексик болох уу, Канад болох уу?

Хүн төрөлхтөн дэлхий хавтгай биш, бөөрөнхий гэдгийг батлаад хэдэн мянган жил өнгөрч байна. Гэвч МЭӨ нотолсон энэхүү ололт даяаршихын хэрээр “бүдгэрч”, өдгөө дэлхий ердөө л хэлбэрийн хувьд бөөрөнхий үлджээ. Эдийн засаг, худалдаа, тээвэр ложистик гээд бүх талаараа улс орнууд харилцан хамааралтай болж, “хавтгай” дэлхийд бид амьдарч байгааг үгүйсгэх аргагүй боллоо. Орос, Украины дайн ч улс орон бүрд дэлхий хэдийнэ “хавтгай” болсныг дахин мэдрүүлж буй цаг үе тохиож байна. Тэгвэл хавтгай энэ дэлхийд бид хэрхэн амьдарч, яаж тэсч үлдэх ёстой вэ? Мексик шиг амьдрах уу, Канад шиг болох уу?

Хойд болон Өмнөд Америкийн энэ хоёр улс эдийн засгийн хувьд дэлхийд эхний 15 байр дотор бичигддэг. Энд тааруугийн жишээгээр сонгож буй Мексик л гэхэд Латин Америктаа тэргүүлэгч экспортлогч орон. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1177.00 тэрбум ам.доллар гэхээр ямар хэмжээний аварга эдийн засаг гэдэг нь харагдана. Гэхдээ энэ бол хөрш зэргэлдээ дэлхийн №1 эдийн засгийн хажууд “жижигхэн” тоо. 113 сая орчим хүн амьтай Мексикт гэмт бүлэглэлүүд нь хүчирхэг, авлига хээл хахууль цэцэглэсэн, хууль бус наймаа газар авсан гээд хүн амьдрах орчинд халтай байдлаараа дэлхийд тэргүүлдэг. Хөгжлийн хувьд Хойд Америкийн улсуудаас хол хоцорсон. Тиймээс ч нэгэнтээ “Хойд Америкийн улсууд хөгжөөд, Өмнөд Америкийнх яагаад хөгжихгүй байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад тухайн үеийн Мексикийн Ерөнхийлөгч “Хойдууд мөрөөдлөө бүтээж амьдардаг. Харин өмнөдүүд бол ердөө л алт ухах гэж цугларсан, одоо ч алт л ухах философитой” гэж хариулсан гэдэг.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж, улс төр, геополитикийн чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын хажуу бөөрөнд байгаа нөгөө улс нь Канад. Авлигын төсөөллийн индексээр дэлхийн хамгийн бага авлигатай орны тоонд ордог. Уул уурхай голлосон эдийн засагтай энэ улсын худалдааны гол түнш нь хөрш АНУ нь. Амьдрах орчны хувьд асуудалгүй Мексикийг хол хаяна. Тиймдээ ч энэ хоёр улсын аль нэгэнд очиж амьдрах талаар санал асуувал дийлэнх олонх нь ямар ч эргэлзэх зүйлгүйгээр Канадыг сонгох буй за. Эдийн засаг, амьдрах орчны аль алинаар нь Канад илүү болохоор тэр биз ээ.

Тэгвэл Монгол өнөөдөр мексикчүүдтэй адилхан “алт” ухаж амьдарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш БНХАУ-даа худалдаж, хил нээгдэж, хаагдах тоолонд Монголын эдийн засаг донсолж ирлээ. Хэдхэн жилийн дараа эдийн засгийн өсөлтөөрөө АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн таамаглалтай байгаа аварга том эдийн засгийн бас л хажуу бөөрөнд амьдарч буйгаараа бид Канад, Мексиктэй адилхан. Газар зүйн энэ байрлалаа ашиглаад Канад шиг хөгжиж чадах уу, Мексик шиг хоцорч үлдэх үү гэдэг сонголтын өмнө л зогсч байна.

Бүгд л дуу нэгтэй Канадыг сонгох боловч, бодит байдал, туулсан замнал, 30 жилийн туршлагаа харвал Мексиктэй л илүү дөхүүтэй явна.

2.     Тогтолцооны гажуудлын төлөөс

Хүн хаана төрөхөө сонгож чадахгүйтэй адилхан Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Аль аль нь дэлхийн бодлогыг тодорхойлогч хүчирхэг гүрнүүд. Манжийн дарлалын 200 жил, ЗХУ-ын “хараат” хэдэн арван жилийг туулсны эцэст 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар эрх чөлөөгөө бүрэн олж авсан. Гэвч энэ хувьсгалын үр дүнд Монгол Улс эрх чөлөөний хувьд тусгаар тогтнож чадсан ч, эдийн засгийн хувьд чадаагүй гэвэл буруудахгүй. Мэдээж эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь амьдралын баталгаа зэргээр шууд л Канад шиг болчихно гэж үгүй. Тэртээ 100 гаруй жилийн өмнө С.Данзан Швейцарь лугаа хөгжих тухай ярьж, хоёрхон жилийн өмнө Г.Занданшатар Япон мэт хөгжихийг тунхагласан ч бид саяхан дампуурлаа зарладаг Шри Ланкад хүртэл өртэй л тууж явна. Байгалийн асар их баялагтай байлаа гээд бодлогын төв цэгээ тодорхойлж чадахгүй бол амжилт холуур тойрдгийг бид 30 жилийн туршлагаараа баталсан.  

Нийт экспортынх 90 гаруй хувь уул уурхайгаас, импортоор бол бараг бүхий л зүйл дээр хараат байгаагаа Ковид19-ын хоёр жил Хятадын хил хаагдаж, нээгдэх бүрт мэдэрч байна. Инфляц нь 15 хувьд хүрч, гадаад валютын нөөц шавхагдаж, гадагшаа харсан хоёр цонх нь “хаалттай” байгаа энэ үед дэлхий хавтгай болсны зовлонг улсаараа амсаж сууна. Гэлээ гээд Хойд Солонгос шиг хаалгаа түгжчихээд бүгдийг өөрсдөө хийнэ гээд суугаад байх боломж ч, чадал ч алга. Харин аль өсөлттэй байгаа салбарын өгөөжийг нийгмийн, дэд бүтцийн бусад салбараа тэтгэж босгоход зарцуулах ёстой юм.

Гэвч бид чадаж байна уу? Зэсийн үнэ дэлхийд рекорд эвдэх үед ч, нүүрсний салбар галзуурч валют цутгаж байх үед ч бид ирээдүйдээ зориулсан хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн 21 мянга гэхчлэн олсноо тарааж, эцэстээ бүр ямаанд хүртэл уул уурхайн баялгаас олсон орлогыг хуваарилж үзсэн ард түмэн. Энэ бол тойргоо л усалдаг улстөрчдийн буруу, сонгуулийн тогтолцооны гажуудал, улс төрийн тогтворгүй байдлын төлөөс.

3.     Гишүүдийн тоо хэд байх вэ?

Улс төрийн тогтворгүй байдлын үндэс суурь нь юу юм бэ. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үгтэй. Эндээс үзэхэд даргыг өөрчлөөд асуудал шийдэгдэж, ажил урагшилна гэж үгүйг бид арьсаараа мэдэрсэн. Тиймээс ч үеийн үед 1992 оны гэх өдгөө 30 жил мөрдөж буй Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн яриа хүчтэй гарсаар ирсэн билээ. Энэ удаад ч ёс юм шиг гарч байна. Гэхдээ энэ удаагийн өөрчлөлтийн давтамж өмнөхөө бодоход илүүтэй ойрхон байгаа нь анхаарал, сэрэмж аль алийг нь шаардаж буй нь зүй ёсны хэрэг. Учир нь, ердөө гуравхан жилийн өмнө буюу 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар бол Үндсэн хуульд нэг удаа өөрчлөлт оруулсан заалтыг дахин найман жил хөндөхгүй байх учиртай. Гэвч ердийн хуулийг УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа нам дангаараа ч өөрчилчихөж чадна. Гэтэл энэ удаад УИХ-д суудалтай гурван нам, мөн парламентын гадна байгаа улс төрийн бүхий л хүчин дэмжиж буйгаа илэрхийлж байна. Тэгэхээр өөрчлөлт хийгдэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. Харин УИХ-ын гишүүдийн тоо яг хэд байх вэ гэдэг нь анхаарал татаж байна. 99 үү, 108 уу, эсвэл анх өргөн барьсан 152 уу, одоогоор тохирчихоод байгаа 126 юү?

МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн

-Сая гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна. Дээр нь Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал нэмэгдсэн байна. Тиймээс маргааш бүлэг дээр нэлээд сайн ярилцана. Бүлгээр ярьсны дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно. Бид энэ долоо хоногтоо энэ асуудлыг багтаачих юмсан гэдэг бодолтой байна. 

Эх сурвалж: News.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь:

Парламентын гишүүдийн тоог тооцдог олон тооцоолол байгаа. Энэ тооцооллуудаар үзэхэд манай улс 150-164 гишүүнтэй байх ёстой гэсэн дүн гарч байгаа. Үүнээс манайд боломжит хэмжээ нь 76 нь тойргоос, 76 нь жагсаалтаар сонгох боломжтой гэж үзэж хууль санаачлагчид оруулсан. Түүнээс 76-г хоёроор үржүүлсэн бүдүүлэг математик тоо биш ээ. Харамсалтай нь, эхний хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажиллахдаа иргэдэд ойлгомжтой тайлбарлаагүй байх, дээрээс нь нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй байдал нь гишүүдийн тоог нэмнэ гэхэд галтай сэдэв байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ зөвшилцлөөр шийдэх асуудал учраас хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр 126 болгож бууруулсан. Харин үүнээс доошоо оруулбал өөрчлөлт ямар ч үр дүнгүй болно. Яагаад гэвэл 76 гишүүнтэй байснаас ялгаагүй болно. Шинэчлэл хийж байгаа утга учир нь алдагдана. Тэгэхээр энэ нь эргээд иргэдэд тодорхойгүй, гишүүдийн тоог худлаа нэмсэн байна гэдэг улстөрд итгэх итгэлийг бас л бууруулах үйл ажиллагаа болох учраас 126-аас бууруулж, энэ төслөөсөө ухарч болохгүй.

Эх сурвалж: itoim.mn 

4.     Ялагч бүгдийг авдаг бус, сонгогчдын санал гээгдэхгүй байх нь чухал

Монголын хөгжлийн чөдөр нь хэтэрхий богино зайн улс төр, бас популист улстөрчдийн харгай гэдгийг бид мэдэхийн дээдээр мэддэг болжээ. Тэгвэл ийм улстөрчдийг бойжуулдаг хөрс нь өнөөгийн тогтолцоотой шууд холбоотой. Дөрөв, дөрвөн жилээр төрийн бодлого нь өөрчлөгдөж, гишүүд нь сонгогдсон тойргоо л “услах” марафон тасралтгүй үргэлжилсэн 30 жил өнгөрөөд байна. Хэн эрх мэдэлтэй нь тойрогтоо хөрөнгө татдаг, улсын мөнгийг өөрийнхөө дахин сонгогдох тасалбар болгож ашигладаг тогтолцооны энэ гажуудлын үндсэн шалтгаан нь сонгуулийн мажоритар тогтолцоо. Гэтэл бид Үндсэн хуулиараа сонгуулийн мажоритар тогтолцоог хуульчлаад өгчихсөн. “УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэсэн энэ заалтаас болж хөгжилд зориулагдах ёстой хөрөнгө оруулалтууд “тойрог услах” мөнгө болж хувираад байгаа юм. Анх 10 саяас эхэлсэн “Тойргийн мөнгө” өдгөө 4 тэрбумд хүрсэн нь мажоритар тогтолцооны л согог. Хамгийн ноцтой нь бидний сонгож авсан сонгуулийн мажоритар систем иргэдийн саналыг гээдгээрээ маш том сул талтай. Сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын нам үнэндээ ард түмний 50 хувийн ч дэмжлэг авч чадаагүй нь бодит үнэн. Ердөө л ялагч бүхнийг авдаг мажоритар системийн согог өнөөгийн эрх баригчдад олз болсон хэрэг юм.

Жижиг мажоритар буюу 76 тойргоор явагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн АН-ын дарга З.Энхболдын хийсэн мэдэгдэл мажоритар тогтолцооны маш том гажигийг энгийн хүнд ч ойлгомжтой болгосон байдаг. Тэрээр “АН 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч УИХ-д олонх болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л нийт сонгогчдын 34 хувийн саналыг авчээ. Бидэнд итгэж саналаа өгдөг сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна” гэсэн байдаг. 2012 онд холимог, 2016 онд мажоритар тогтолцоогоор сонгууль явуулснаас л энэ ялгаа үүссэн хэрэг.  

Ялагч бүхнийг авдаг энэ зарчмаар 2016, 2020 оны сонгуулиудад ард түмний 40 хүрэхгүй хувийн дэмжлэгтэй хэрнээ Ардын нам үнэмлэхүй олонхийг бүрдүүлж засаглаж байна. Өөрөөр хэлбэл, Ардын нам УИХ-д 65, 62 суудал авсан энэ сонгуулиудаар ард түмний 60 гаруй хувийнх нь санал сонгуулийн тогтолцооноос болоод гудамжинд зүгээр л гээгдчихсэн байна. Тиймээс ч энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог хуульчилж өгөх гэж байгаа нь хамгийн том дэвшил юм. 

5.     Эрх мэдлийн төвлөрлийг задлая

Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр яригдаж буй, бас хүмүүсийн анхаарлыг татаж байгаа сэдэв бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай. Үнэндээ гишүүд тойрогтоо ажиллаад ирэхдээ ард түмэндээ “алуулж” буйгаа ярьж байна. Арга ч үгүй биз. Эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын хөөрөгдөл, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ, Боловсролын зээлийн сан гээд ард түмэн бухимдалтай байна. Тиймээс ч болсон, болоогүй “юм”-нууд өөрсдөдөө суудал гаргах гэж зүтгэж байна гэх хардлага УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриатай зэрэгцэн хүчээ авлаа. Энэ зөв өнцөг, шударга ч шүүмжлэл. Гэхдээ нөлөө талдаа УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг бодолцох ёстой. УИХ дээр шийдвэр гаргахад нэг гишүүний жинг буулгах нь улс төр, геополитикийн хурцадмал энэ үед юу юунаас чухал байна. Үндсэндээ парламентын 20 гишүүнийг “худалдаад авчихад” ямар ч хуулийг батлуулах боломж Монголд үүсчихсэн. Бүр 20-иор нь ч худалдаж авах шаардлагагүй гэх нь бий. Учир нь, УИХ-ын гол бодлого мэргэжлийн Байнгын хороон дээр гардаг. Гэтэл Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаа оролцоход ирц бүрдэж, 6 нь дэмжсэн санал шууд УИХ руу ордог. Тэгэхээр хууль тогтоох хамгийн чухал хэсэг дээр л “худалдан авалт” хийхэд ямар ч шийдвэрийг парламентаар гаргуулах боломжтой гэсэн үг. Харин тооны хувьд яг хэдээр нэмэх нь дараагийн асуудал юм. Гол нь л нэг гишүүний хууль тогтоох “жин”-г бууруулах нь өнөөдөртөө яалт ч үгүй чухал асуудал билээ. Ингэж эрх мэдлийг задлах нь юу юунаас чухал юм.