Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнийг автоматаар барих системийг нэвтрүүлнэ

Нийтэлсэн: Admin 2019-05-03 11:51:48

Шатахууны үнэ он гарсаар хоёр удаа нэмэгдлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд АИ-80, АИ-92 автобензиний үнэ 15-50 төгрөг, мөн сарын 30-ны өдөр АИ-92 болон дизель, түлшний үнэ 70-80 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн юм.

Шатахууны үнийн өсөлтийн шалтгаан нь гадаад хилийн үнэ өссөнтэй холбоотой гэдгийг холбогдох байгууллагаас тайлбарласан. Харин ШӨХТГ-аас Хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж шийдвэр гаргах хүртэл ШТС-уудад борлуулалтын үнийг нэмэхгүй байх талаар чиглэл өгсөн ч өнөөдрийн байдлаар 130-140 төгрөгөөр нэмэгдээд байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нефтийн үнэ цаашид ч өсөх магадлалтай гэж үзэж буй юм.

Ингээд шатахууны үнийн өсөлтийн талаар АМГТГ-аас дараах тайлбарыг өглөө.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Энэ оны гуравдугаар сараас эхлэн дэлхийн зах зээлийн түүхий тосны үнэ өссөн тул шатахууны ханш дахин нэмэгдэж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар тосны нэг баррелийн үнэ 70.5 ам.доллароор хэлбэлзэж байна.

Харин дизель түлшний үнэ нэгдүгээр сард 599 ам.доллар байсан бол тавдугаар сард 640 ам.доллар болж  нэмэгдсэн. АИ-92 автобензинийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард 531 ам.доллар байсан бүтээгдэхүүн энэ тавдугаар сард 695 ам.доллар буюу нийт 164 ам.доллараар өссөн байна.

Монгол Улсын газрын тос дахь бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ өнгөрсөн оны 30-ны өдрийн байдлаар АИ-80 автобензин 109 хоног, АИ-92 42 хоног, дизель түлш 44 хоног, онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Тэгвэл газрын тосны үнийн өсөлт нь АНУ болон Иран хоёр улсын байдал болон бусад үйл явдлаас болж түүхий тосны үнэд шууд нөлөөлсөн.

Тиймээс АМГТГ-ын зүгээс ОХУ-ын "Роснефть" компанид төлбөрийн асуудалд уян хатан зохицуулалтыг хэлэлцэх бичиг хүргүүлсэн. Тухайлбал, компанийн бүтээгдэхүүн худалдан авах төлбөрийн нөхцөл нь 45 хоногийн хугацаатай байдаг. Уг хугацаанд 15 хоног нэмэгдүүлж, төлбөр тооцоогоо авдаг болох зохицуулалтыг тусгасан. Мөн тээврийн үнэд хөнгөлөлт үзүүлэх, улирал тутамд худалдан авалтын доод хэмжээг тооцдог болох зэрэг хүсэлт хүргүүлсэн.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн ханштай уялдуулж, үнийн тогтолцоо барьдаг системийг 2018 онд таван жилийн хугацаагаар гэрээний сунгалт хийсэн. Уг гэрээ 2024 он хүртэл үргэлжилнэ. 

Түүнчлэн ОУВС-тай хамтран шатахууны үнийн автоматаар тогтоох системийг нэвтрүүлэх чиглэлээр уулзсан. Мөн хувийн аж ахуйн нэгжүүдийн нөөцийг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна” гэлээ.

 

Б.Лхам