АН "Баасанхүү"-тэй болжээ

Нийтэлсэн: Админ 2018-10-25 4:23:34

АН “Баасанхүү”-тэй болжээ


АН-д “Баасанхүү” мэндэлжээ. Ярихгүй сэдэв гэж алга. Төсөв санхүү, гадаад харилцаа, томилгоо, хүний эрх, хүүхдийн мөнгө, эдийн засаг, газар олголт, ер нь бүх сэдвээр тэр ярина. Мэдэхгүй ч юм алга. Яг л МАХН-ын О.Баасанхүү шиг. Харин хийж байгаа ажил нь л үнэндээ нүдэнд харагдаж, гарт баригдахгүй байна. Эрх мэдэлтэй байхдаа ч тэр хийсэнгүй, энгийн сул гишүүн болоод ч бас л хийсэнгүй. Зүгээр л ярьдаг байсан, одоо ч ярьсаар л байна. Ер нь сүүлийн 28 жил энэ хүн ярьжээ.



УИХ-д сонгогдох бүртээ өөр, өөр сэдвийг гол болгож, үргэлжлүүлээд дагалдах сэдвүүдээ сонгож ярьдаг бололтой юм билээ. Тэрнээс нь бүтсэн юм нэгээхэн ч алга. “Баянмонгол корпорац” гээд л ярьсан. Стратегийн ач холбогдол бүхий ордын нөөц баялагт түшиглэн иргэддээ ногдол ашиг хуваарилах тухай аль 2009 онд л ярьж байв. Одоогоор “Баянмонгол” корпораци гэж хүмүүс сонссонггүй, харин ийм нэртэй хороолол л сүндэрлэн босов.



2012-2016 оны парламентын үед ийм юм ярьсаар тэр дахиж сонгогдсон. Дараа нь харин сонгогдсон тойрог, Яармагийн иргэдэд газар олгох тухай баахан бужигнуулсан. Бас юу болсныг нь мэдэхгүй дууссан. Эдгээр хугацаанд тэр УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан үе л дээ. Хоёр ч давхар дээлтэй, эрх мэдэл илүүднэ үү гэхээс дутахгүй байх үедээ ч тэр ярьдаг байв. Бүр засаг барих үедээ ч тэр ярьсан, харин хийгээгүй. Одоо сул гишүүн болоод бас л ярьж явна. Нэг өдөр нь Үндсэн хууль яриад, нөгөө өдөр нь хүний эрх яриад, маргааш нь эдийн засаг яриад, нөгөөдөр нь прокроур, хууль хяналтынхан гээд л ярьж өгч байна. Ярианаас нь авах юм ч алга, ажил болдог нь ч үгүй л юм.


Яг л О.Баасанхүү гэсэн үг. Юуг л бол юуг ярьдаг, ярихдаа үргэлж шүүмжилдэг, үүгээрээ тодорч харагддаг. Ёстой л дахин сонгогдох гэсэн улс төр байх даа. Энд ч чуулган дээр шүүмжлээстэй, тэнд ч байнгын хороон дээр бархираастай, твиттерт ч үглээстэй, фэйсбүүкт ч хийрхээстэй, телевизээр ч яриастай, сониноор ч шоудаастай. Энэ хүн хэн бэ? гэж тааж ядах юм алга. АН-ын, нөгөө Лу.Болд л байгаа биз дээ. Хийх юмгүй түүнд, хийхгүй, ярихгүй юм гэж алга даа.


А.Батгэрэл