Зарлал нь СҮРЖИН, хэрэгжилт нь ДАРЖИН сургалт болов

Нийтэлсэн: Admin 2019-04-18 3:50:22

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, иргэд 08.00 цагт дуугарах гамшгийн дуут дохиогоор гарч, орон сууцныхаа ойролцоох “Цугларах цэгт” очиж бүртгүүлнэ. Мөн гамшгийн үед авах арга хэмжээний талаарх заавар зөвлөгөөг Улаан загалмай нийгэмлэг, өрхийн эмнэлэг, онцгой байдлын албаны мэргэжилтнүүд өгч байв.

Улаанбаатар хотын 470 мянган га газрын 27860 гаруй га газрыг барилгажсан талбайд Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь амьдарч байна. ОБЕГ-аас гаргасан 2018 оны мэдээгээр Улаанбаатар хотын бүс нутагт 926 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Иймд болзошгүй гамшиг ослоос хүн, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Тус талбайд 07.00 цагт иргэдийг бүртгэж, зөвлөгөө мэдээлэл өгөх албан байгууллагуудын төлөөлөл байраа эзэлсэн байв. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5500 өрх, 21 мянга гаруй иргэнтэй. Оршин суугчдыг Зайсангийн ойролцоох таван цугларах цэгт хуваарилсан бөгөөд Бурхантай хөшөөт талбайд тус хорооны 3500  өрхийн 14 мянга гаруй иргэн цугларах ёстой. Айл өрхүүдэд Таниулах хуудсыг хүргүүлсэн гэж тус хорооны дарга Г.Эрдэнэмөнх ярив.

Улаанзагалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн Ж.Цэцэгмаа: Хэрэв газар хөдлөлт болбол хананд өлгөсөн зүйл болон хагарах эд зүйлийн дор сууж, хэвтэж болохгүй. Хагарах, дээрээс юм унах зэргээр гэмтээх аюултай тул хөндий ширээн дор орж өөрийгөө хамгаална. Цахилгаан шатаар явж болохгүй. Гудамжинд яваа тохиолдолд байшин барилга, мод, шонгийн модноос хол газарт зогсох ёстой. Иргэн бүр аюулгүй байдлыг хангасан цугларах талбайгаа мэдэж байх хэрэгтэй. Гэр бүлийнхнийгээ бичиг баримтыг нэг дор хадгалж, гамшиг ослын үед гэрээс гарахдаа хамгийн түрүүнд бичиг баримтаа авч явахыг сануулмаар байна гэв.