 
                    Эрүүл мэндийн салбарыг турхирах сонирхол хэнд байна вэ?
Өглөөхөн УНТЭ-ийн фейсбүүк хуудсанд энэ эмнэлэг ажил хаяхгүй шүү гэсэн мэдэгдэл байрлав. Тухайн мэдэгдэлд эрүүл мэндийн салбарын олон олон хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлжээ. Тус байр суурьтай холбоотой мэдээллийн сайтуудаар олон янзын хувилбар бүхий мэдээ тарж, нийт ажилчдын саналаар ажил хаях тухай сошлыг талцуулсан нь хууль ёсны ажил хаялт мөн эсэхийг нягтлах шаардлагатайг харуулж байна. Ажилчдын зүгээс бүх ажилчдын хурлаар ажил хаяхаар болсон гэх боловч албан ёсны мэдэгдэлд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажил хаяхгүй гэсэн хоёрдмол утга бүхий мэдээлэл тарсан байна.
Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн яам болон хувийн хэвшлийн эмнэлгүүд төв талбайд ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байгаа юм. Өчигдөр буюу 10 сарын 30-ны өдөр тус ажил хаяад байгаа салбарын төлөөллүүд Эрүүл мэндийн сайдтай уулзсан ч хэлцэлд хүрч чадаагүй нь улс төрийн ашиг сонирхолтой холбоотой байж болзошгүй харагдаж байна.
Учир нь төрийн ордон доторх сандал суудлын зодоон ийнхүү эрүүл мэндийн салбар луу хальж багш нарын ажил хаялт дээр нэмээд эмч, эмнэлгийн ажилчдыг хөлдөө чирж байна уу? гэсэн өнцөг харагдана. Өнөөдрөөс гуравхан хоногийн өмнө Улсын Их хурлын дарга асан Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий Админерал компанийн үйл ажиллагаа явуулж байсан Бортээгийн уурхайг битүүмжилсэн үйл явдал болмогц түүний хамаарал бүхий хүн болох Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус зодооныг эрүүл мэндийн салбар луу чирэх сонирхол байсан нь өнөөдөр түүний Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн уулзалт хурлаар илэрхий болсон байж болох юм. Эрүүл мэндийн яамны нээлттэй вебсайтад нэвтэрч үзвэл Төрийн нарийн бичгийн дарга өөрийн намтартаа ажлын туршлагаа бичихдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх гэсэн албан тушаалаа оруулан бичсэн байгаагаас хэний хүн гэдгийг нь харж болохоор...
Уг нь зүй нь бол Монгол Улсын төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч нь нам бус байхаар хуульчилсан. Тэр дундаа яамны гал тогоог хөтөлж авч явдаг төрийн нарийн бичгийн дарга гэх захиргааны удирдах албан тушаалд эргүүлэн томилогдох зурвас хугацаандаа тэрээр энэ албыг хашиж байсан ч төрийн албаны дэг журмын дагуу намд эрхэлсэн ажлыг ийнхүү эрүүл мэндийн салбартай хольсон нь ёс зүйгүй явдал болж харагдаж байна.
Өмнө нь төрийн нарийн бичгийн дарга, Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байтугай Улсын Их хурлын гишүүнээр ажиллаж байсан тэрээр төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны зарчмыг ийнхүү хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаад эмч, эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхан ихэд эгдүүцэж байна. Төрийн албаны тухай хуульд “Төрийн албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих үүрэгтэй” байхаар хуульчилж зарчмыг заасан ч улс төрийн зорилгоор томилогдон ирсэн албан тушаалтнуудад төдийлөн үйлчлэхгүй байгаа бололтой.
Цаашлаад Д.А-г тайван орхи гэсэн мэдэгдэл мессеж ч байж болохуйц энэ тулаанд эрүүл мэндийн салбарын ажилчид өртөж “мишок” болох ёсгүй юм. Мөн дээр дурдсан “Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо” гэх холбоо албан ёсоор бүртгэлгүй хэрнээ бас л төрийн нарийний ачаар 2 хуваагдаад байгаа аж.
Энэ талаар МҮЭ-н эх сурвалжууд мөн хэлж байгаа юм. Зөв агуулгаараа бол Үйлдвэрчний эвлэл бол эвлэлдэн нэгдсэн салбарын бодит төлөөллийн нэгдэл байх ёстой боловч улс төрчид, сайд дарга нар үйлдвэрчний эвлэлийг хувийн өмч мэт үзэж компани мэтээр ашиглах явдал манай монголын нийгэмд бараг л нэг хэрэгсэл, үзэгдэл болоод удсан гэхэд маргах хүнгүй биз.
Улсын төсөв батлагдахаар хүлээж буй энэ торгон цаг үед эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд санал санаачлага боловсруулан ажиллах ёстой яамны удирдлагууд энэ мэтээр улс төржиж салбарын ажлыг гацаах нь зүйд хэзээ ч нийцэхгүй л баймаар… эрүүл мэндийн салбар улс төрчдийн зодооны хөлд үрэгдэх ёсгүй.




