Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Нийтэлсэн: Админ 2026-06-05 10:40:08

Эпштейний файл дахь мэдээллүүд дэлхийн олон орын гол асуудал нь болсон. Харин манайд эсрэгээрээ байна. Уг нь үүнд няхуур хандах шаардлага бидэнд байгаа юм.

Шуудхан хэлэхэд Эпштейний файлаас “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 870 орчим илэрц гарч ирж байгаа юм. Тэр дундаас Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр Эпштейнтэй харилцаатай байсан нь маш ноцтой. Эпштейний файлаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат төлөөлж Эпштейнтэй холбогдож байсан нь гарч ирдэг. Тэдгээр мэдээллээс бид Оюу толгойн гэрээ яагаад одоо болтол ашиг өгөхгүй, алдаа алдагдал нь тамтгаа алдсаныг мэдэж болно. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй монгол охидын талаар олонтоо дурдагдаж байгаагаас охидын эрх ямар байгаа нь хөндөгдөнө. Түүнчлэн Монгол Улсын сонгууль монголчуудынх байдаг уу үгүй юу гэдэгт ч хариулт өгөх мэдээллүүд Эпштейний файл /https://www.justice.gov/epstein/-д байгаа юм.

Уг нь энэ тухайд Монголын улстөрчид хөндөөд эхэлсэн. Гэвч ярьсан, хөндсөн улстөрчид, гишүүдийг цахим сүлжээгээр доромжлох, мохоох байдлаар номхотгож авдаг болсон.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Н.Учралд Эпштейний файлтай холбоотой асуулга тавьсан. Тэр талаараа “Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштэйнтэй холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна. АНУ-ын Конгрессоос 2025 оны арваннэгдүгээр сард баталсан “Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хууль” (Epstein Files Transparency Act)-ийн дагуу Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яамнаас[1] болон Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос[2] ил тод, нээлттэй болгосон хавтаст хэргийн материал, баримт бичигт шинэ баримтууд дэлгэгдэж, Монгол иргэдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй асуудлууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон бусад албан тушаалтнууд холбогдсон тухай, Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудтай холбоотой ноцтой мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус асуултыг тавьж байна” гэж олон нийтэд мэдээлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 5-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “2013 оны үед Оюу толгой зогсонги байдалд орчихсон, хоёр жилийн дараа Дубайн гэрээ хийгдэх яг энэ цаг мөчид Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Эпштейнтэй уулзсан. Мөн Австралийн ерөнхий сайд асан Кевин Рүд, Израилын ерөнхий сайд асан Эхуд Барак Норвегийн ерөнхий сайд асан Киеэл Бондвик нарын дэмжлэгтэйгээр Эпштейний холбоотой дэмжлэгтэйгээр буцаад Оюу толгойн асуудал нэлээн хөндөгдсөн талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан байна. Бид Оюу толгой, Дубайтай холбоо холбоотой асуудлыг дандаа гаднаас аваад байгаа. Дубайн гэрээ УИХ хүчингүй болгож цуцалсан энэ ноцтой гэрээг тухайн үедээ Ерөнхий сайд Ч.Сайханбилиг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нарын үед хийгдсэн. Энэ нь Эпштейнтэй холбоотой байжээ гэдгийг Австралийн Файнешнл Ревью судалгаагаараа гаргаад байна. 

Та нар бүгдээрээ ороод уншаарай. Панамын пэйпер гээд ноцтой мэдээлэл гарсан, алдарт С.Баярцогтын өөрөө ч мэдээгүй байдаг Швейцарт дансны мэдээлэл гарсан, Эпштейний файл гарлаа. Дубайн гэрээтэй холбоотой Оюу толгойн асуудал гарч ирж байгаа юм. Нөгөө л С.Баярцогт бас л ЗГХЭГ-ын дарга байхдаа хийгдсэн Дубайн гэрээний асуудал. Монголын энэ ноцтой асуудлыг бид нар дандаа гадаадын мэдээлэл задрахаар олж авдаг. Үүнийгээ цахим орчинд тавьсан мэдээлэл гэж уншиж ерөөсөө болохгүй. Үр дагавар нь Монголын эдийн эдийн засгийг, бидний үр хүүхдийн ирээдүйгээр тэр чигээр нь тоглосон ийм үр дүн харагдаж байгаа. Өнөөдөр бид нар ахмадынхаа тэтгэврийг өсгөж чаддаггүй. Багш, эмч нарын цалин гээд жагсдаг” гэж байсан.

Тэр өдөр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар Дубайн гэрээг байгуулахын өмнөх жил Эпштейнээр зуучлуулж, Дубайд очин, өндөр тасалбартай морин тойруулга үзсэн. Дараа нь Дубайн гэрээ байгуулагдсан нь хардлага төрүүлж байна” гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Эпштейний файлын хамгийн эмзэглүүлж байгаа юм нь Монголын том албан тушаалтнуудын видеог барьцаалаад уул уурхайн гэрээнд гарын үсэг зуруулсан байх вий гэж айж байна” гэсэн нь бий.

Үүнээс гадна Л.Пүрэвсүрэнгээс Эпштейнд “Чамд гэнэтийн бэлэгтэй очно. Монгол охин визээ хүлээж байна”, “Нью Иоркт тун удахгүй Монгол охинтой очно” гэсэн и-мэйлүүдийг илгээж байжээ.

2016 оны зургаадугаар сарын 26-нд Ч.Ганбат Эпштейн хоёр дараах байдлаар и-мэйлээр харилцжээ. Түүнд Ч.Ганбат “Сайн уу Жеффри, холбогдсонд баярлалаа. Санал хураалт зүүний стандарт цагаар 10:00 цагт (Монголын цагаар 22:00) дуусна. 17:00 цагийн байдлаар ирц 45.6 хувьтай байна. 2016 оны парламентын сонгуультай харьцуулахад ирц 2 хувиар бага байна. Бямба гарагт болсон мэтгэлцээнд Х.Баттулга маш сайн оролцсон. МАН олон янзаар санал хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ олон нийт саналын хулгай дээр маш сонор сэрэмжтэй байгаа. Хүмүүс энэ сонгуулийг юуг ч худалдахад бэлэн улс төрчдийн эсрэг улсынхаа бүрэн эрхээ хамгаалах зүйл гэж харж байна. Ц.Элбэгдорж болон түүний эргэн тойрон дахь хүмүүс улсаасаа урвасан хүмүүс гэгдэн унаж магадгүй. Олон нийт дунд нэр хүнд нь хамгийн муу болно гэсэн үг” гэхэд Эпштейн “Явцын мэдээ байна уу” гэж, үүнд Ч.Ганбат “Х.Баттулга 330,773 (Манай хүн), М.Энхболд 265,426, С.Ганбаатар 268,562” гэж хариулжээ. Эпштейн “Дахин сонгууль явуулна гэсэн үг үү. Тэгвэл хэзээ явуулах вэ, тэр ялах хэр магадлалтай вэ” гэхэд Ч.Ганбат “АН бас Х.Баттулга дэмжигчдэдээ талархан мэдэгдэл хийж байна. Дахин сонгууль явуулах нь зайлшгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хороо маргааш дахин санал хураалтын он сарыг зарлана гэж Х.Баттулга хэллээ. МАХН санал хураалтын сүүлийн 15 минутад санал нэмэгдсэнийг хардаж байна” гэсэн байна. 2017 оны долоодугаар сарын 8-нд Ч.Ганбат “Урьдчилсан дүнгээр Х.Баттулга дахин сонгуульд 50 хувиас дээш санал авах шаардлагыг хангаж ялалт байгууллаа. Хэдэн цагийн дараа албан ёсны үр дүнг танилцуулна. Дэмжсэнд баярлалаа” гэхэд Эпштейн “Гайхалтай, та болон танай улсын өмнөөс баяртай байна” гэсэн байгаа юм.

Эпштейний файл дахь Монголын талаарх мэдээллийн зах зухаас цухуйлгахад энэ. Хамгийн эмгэнэлтэй нь, ийм байдлаар Оюу толгойн гэрээ, охидын эрх, улс төрийн сонгуулийн нууцууд Эпштейнийн файлд хадгалагдаж байна гэхэд болно. Ер нь бол “Энэ нь Монголын ирээдүйг хулгайлж, бас хорлосон явдал” гэх дүгнэлтийг хийх хүн олон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.БАЯР