МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн: Админ 2018-06-18 4:11:02

МЭДЭГДЭЛ

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД

 


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын Чуулганаар дахин хэлэлцэх тухай


Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Чуулганаар татварын шинэчлэлд онцгой ач холбогдолтой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн олонх нь бизнес эрхлэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн тус хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн, буцаах шийдвэрийг гаргасан нь татварын шинэчлэлийн эсрэг, одоог хүртэл хийсэн татварын шинэчлэлийн ач холбогдлыг үгүй хийсэн алхам боллоо.


ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд ААН, бизнес эрхлэгчдийг татвар төлөлтөд жигд хамруулах, гадаадын ААН-д татвар ногдуулах, татварын суурийг өргөтгөх, улсын төсөвт нөлөөлөх эерэг заалт оруулснаас гадна 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчид татварын хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад ААН, арилжааны банкнуудын гадаад зах зээлээс оруулж ирэх валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өртөг хямдрах, хөрөнгө оруулалтыг дэмжих, үүнд суурилж зээлийн хүү буурах, бага хүүтэй зээл олгох зэрэг олон таатай боломжууд бүрдэх заалтууд туссан байсан бөгөөд эдгээр нь бизнес эрхлэгчдийн зүгээс дэмжлэг авсан юм.


Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай Улсын ДНБ 5.4, мөнгөний нийлүүлэлт 6.5, татварын орлого 4.1, ААНОАТ-ын орлого 4.3, ХХОАТ-ын орлого 9.2 дахин нэмэгдэж, мөн энэ хугацаанд инфляци дунджаар 10 хувь байж, бараа, үйлчилгээний үнэ 286.24 хувиар өссөн статистик байна. Мөн ААНОАТ-ыг голлон төлдөг 398 байгууллага байдаг бөгөөд 2007 оноос мөрдөгдөж байгаа тус хуулийн 3 тэрбумын татварын шатлал нь ААН-ийг татварын дээд шатлалд орохоос зайлсхийн олон жижиг компани байгуулах, ажлын байрыг бууруулах, өрсөлдөх чадваргүй болоход нөлөөлсөөр байна. Энэ нь татварын орчныг эдийн засгийн нөхцөл байдал, компанийн өсөлттэй уялдуулан, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, үр ашигтай, хөрөнгийн төвлөрөлтэй, өрсөлдөх чадвар бүхий ААН бий болгох зорилгоор татварын шатлалын босгыг 6.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зэрэг эрс шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай чухал хуулийн төсөл юм.



Иймд эдийн засаг сэргэх нааштай өөрчлөлтүүд бий болж байгаа өнөөгийн нөхцөлд 2007 оноос хойш мөрдөгдөж буй тус хуулийг шинэчлэх шаардлагатай болсонд онцгой анхаарал хандуулж, УИХ-ын дарга, эрхэм гишүүд Та бүхэн Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийнхээ дагуу, өөрсдийн үүргийг ухамсарлан тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэн, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлгийн шатанд хийж, бусад хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэн, батлахыг шаардаж байна.

 

 

МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД

2018.06.15