Ойрын өдрүүдэд зарим нутгаар аадар бороо орох тул голын ай сав, үер буух газарт отоглож, хоноглохгүй байхыг зөвлөв

Нийтэлсэн: Админ 2026-06-16 18:04:42

2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшнийг давсан байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Маргааш буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.