УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкинд зочиллоо

Нийтэлсэн: Админ 2019-05-23 12:24:25

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар  Монголбанкинд зочиллоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр Монголбанкнаас сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монголбанкны хуримтлагдсан алдагдал буурч, ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрснээс гадна банкны салбарын голлох хуулиудад өөрчлөлт орж, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийгдсэнийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улс олон улсын мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын саарал жагсаалтад орохоос сэргийлэх, дунд хугацаанд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрийг барагдуулах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах зэрэг сорилтууд хүлээгдэж байгааг онцолсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, удахгүй тохиох гэж буй банкны салбарын 95 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар банк, санхүүгийн салбарын бүтцийн болон хууль, эрх зүйн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх, шаардлагатай хуулиудыг хугацаа алдалгүй батлан гаргах, мөнгөний зөв бодлого явуулах чиглэлээр Төв банктай Байнгын хороо идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх