“Үндэсний Эвсэл” хоёрдогч хүчин үү?

Нийтэлсэн: Админ 2024-02-05 13:19:58

“Монголын Ногоон Нам”, “Үндэсний Ардчилсан Нам”-ууд нэгдэн “Үндэсний Эвсэл”-ийг байгуулан 2024 оны сонгуульд оролцох болсоноо зарлалаа. Аливаа сонгууль дөхөхөд жижиг намууд нэгдэн янз бүрийн нэртэй эвсэл холбоо байгуулдаг уламжлалтай.

Харин “Үндэсний Эвсэл”-ийг УИХ гишүүн, сайд асан Нямтайширийн Номтойбаяр удирдах болсон нь гэнэтийнх байлаа. Тэрээр 2020 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ зарлаж тухайн тойрогт нэр дэвшихээр бүртгүүлэгсдийн зүрхэнд шар ус хуруулаад байсан боловч, өөрийн намын удирдлагатай үзэл бодол зөрсний улмаас хилс хэрэгт буруутгагдан цагдах хоригдсон юм.

Түүний шүүх хурал наадам болохоос гурав хоногийн өмнө болж шүүхээс 5 жил хорих ялаар шийтгэсэн боловч Улсын Дээд Шүүхэд давж заалдсанаар нэг жил хоригдоод суллагдсан. Магадгүй Н.Номтойбаяр хилс хэргээр хоригдсон сүүлчийн улс төрч юм. Цагтаа УИХ гишүүн, сайд хийж туг барин ирээдүйтэй, ихийг хийх залуу улстөрч гэж шагшигдаж явсан тэрбээр хар гэрт суусан. Монголчуудын ярьдагаар “Туг ч барьж, тугал ч хариулж” яваа Н.Номтойбаяр улстөрд хатаагдсан нэгэн болгосон байх магадлалтай. Ийнхүү тэрээр “Үндсэний Эвсэл”-ийг удирдахаар боллоо. 

Түүний удирдаж буй “Үндэсний Эвсэл” улс төрийн гуравдагч хүчин болох нь нэгэнт тодорхой. Хэрвээ хилс хэрэгт гүтгэгдээгүй бол тэрээр Хан-Уул дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдох нь гарцаагүй байсан. Хан-Уул дүүрэгт хамгийн сүүл мушгин УИХ-д сонгогдсон Доржханд гишүүнээс өндөр рейтингтэй байсныг тухайн үед хийгдэж байсан судалгаанууд харуулдаг. УИХ гишүүн асан Д.Сарангэрэлийг эс тооцвол улстөрчийн хувьд Г.Амартүвшин, Т.Доржханд нар битүү морь байлаа. Тэгвэл Н.Номтойбаяр УИХ-д хоёронтоо сонгогдож, дэд сайд, сайд хийсэн олонд танигдсан улстөрч болчихсон байсан юм.

Одоо Н.Номтойбаярын хувьд улс төрийн гуравдагч орон зайг бус хоёрдахь орон зайг хүсэж буй нь тодорхой. Үүнийг баталж буй мэт сонгуулийн жагсаалтаар гуравдугаарт бичигддэг “Монголын Ногоон Нам” болон улс төрийн хүрээнд хуучин Ардчилсан намаас өрх тусгаарласан илүү дөнгүүр сэхээтнүүдтэй гэгддэг “Үндэсний Ардчилсан Нам”-ыг эвсүүлэн нэгэн туган дор зангидаж ирэх зургадугаар сарын 28-ны өдөр болох сонгуульд оролцоно гэдгээ зарлалаа. “Үндэсний Эвсэл” байгуулагдаж, уг эвслийг удирдах болсноо тунхаглахдаа хэлсэн үгээ Н.Номтойбаяр өөрөө гишүүн нь байсан хуучин “МАН” намынхандаа хаягласан тухай улстөрийн хүрээнийхэн шуугиж байна.

Тэрээр  “Би Монголчууд гэсэн нэрийг эвсэхгүй ч гэсэн утга агуулдаг байгаасай гэж хүсдэг. Монголчууд бид эвсэж хүчтэй байхдаа гарал үүсэл, газар нутаг, шашин шүтлэг, зөрчил тэмцлээс ангид их гүрэн байгуулж нэг хууль цаазын дор амар амгалан нэг айл болгон түвшитгэх агуу их манлайллыг бүтээж байсан түүхтэй.  Харамсалтай нь өнөөдрийн Монгол манлайлах батугай өрөөлд дээрэлхүүлж, хойш урагш хяламхийн хардаг. Гаднаа хямралтай, дотроо айдастай болжээ. Монголчууд бидний санаа хараа хоёр өнгөрснийг тойрон эргэж бид цагтаа ялагдашгүй хүчирхэг байсан гэтэл өнөөдөр хэмээн санаа алдахаас цаашгүй болсон. Монгол орон өдрөөс өдөрт уруудан доройтож Монголчууд маань гутрал бухимдалтай, ирээдүйдээ итгэх итгэл алдран цөхрөх боллоо. Үүний учир шалтгаан нь ердөө л шунал л юм. Үе үеийн улс төрд бие биеэ үл тэвчиж, эрх мэдэл, албан тушаал, отог жинсний төлөө талцал тэмцэл хийж, атгаг санаа өвөртөлж, атаа жөтөө, авилга хээл хахууль гэсэн шуналд идэгдэж улмаар улс төр нь утга зорилго, эрх ашгийн эрэмбэ,  удирдах чадамжаа алдаж гашуудсанд оршино. Би ч мөн элэг нэгт Монголчуудынхаа адил улс төрд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг иргэдээ хамгаалдаг өмнөх ажил асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байна” гэсэн юм.

Түүний хэлж буй үг хийж буй үйлдэл нь ард иргэдийн хүсэл зорилготой утга нэгдэж, санаа нийлбэл “Үндэсний Эвсэл” хоёрдогч хүчин байх бүрэн боломж байгааг улстөрийн хүрээнийхэн ярьцгааж зарим нэг намын удирдлагууд шөнийн нойроо авч чадахгүйд хүрээд байна.