“...Та нар дээр туршилт хийнэ” гээд Төрийн сайд нь түүртэхгүй хэлдэг болжээ

Нийтэлсэн: Админ 2023-10-05 9:57:28
Одоо үед манай Монголд “...Бүр нэг цайчихсан” хүн олон болсон. Гэхдээ төр ичгүүр сонжуураа алдаж болохгүй. Гэтэл Төрийн сайд хүн телевизээр бүр нэг цайчихсан тайлбар хийгээд зогсож байхыг үздэг юм байна. Хоёр гуравхан хоногийн өмнө дөө, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “...Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24 500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан, эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх, Яармаг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол, бусад гэр хорооллоос тасарчихаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй. ...Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна” гэж байх юм. Ядахад энэ түлшний мөнгө нь байхгүй. Нийслэл бонд босгоод, түүнээс нь Б.Чойжилсүрэн энэ жил 31.7 тэрбумыг авч, Хятадаас түлш авчрахаар болсон. Түүнийхээ тухай ингэж яриад байгаа юм.
Хамгийн гол нь тэрбээр “...Та нар дээр туршилт хийнэ” гээд түүртэхгүй хэлж байна. Нисэхийнхэн, Яармагийнхан, Налайхынхан туршилтад орох нь тодорхой болжээ. Харин Дархан эсэргүүцвэл Багануурынхан дээр турших бололтой юм. Дарханы иргэд “...Үгүй ээ, чадахгүй” гэвэл Засаг дарга Б.Азжаргал нь “...Чойжоо сайд аа, манай Дарханыхан таны туршилтад орохгүй ээ” гээд элбэгхэн хэлээд татгалзчихна л даа.

Ер нь бол утааны асуудал түгжрэлтэй яг адилхан. “...Утааг шийднэ” гээд үе үеийн дарга нар төсвийн, сангийн, тусламжийн, зээлийн мөнгийг мөн ч олон жилийн турш гулгитлаа идсэн дээ. Тоолох аргагүй. Аманд багтахааргүй их мөнгөн дүн гардаг. Одоогоос өөр нь “...Та нар дээр туршина” гээд ил шулуун хэлж байсангүй. Ичисхийгээд л туршилтаа хийж ирсэн. Сайн зуух, сайжруулсан түлш... гээд явж өгнө. Сайхан нэртэй “үхлийн” төслүүд л байсан. Ямар нь ч үр дүнгээ өгөөгүй. Сарын дараа бүрхээд гарч ирэх утаа энэ бүхний нотолгоо нь болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР