Хөлбөмбөгийн спортын салбарынхан 13 дугаар их хурлаа хийлээ
Өдгөө 65 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын Хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны 13 дугаар Их хурал өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уламжлал ёсоор, Их хуралд гишүүдээс гадна орон нутгийн төлөөллүүд, гишүүн клубүүдийн төлөөллүүд, МХБХ-ны удирдлага, албан хаагчид болон хүндэт зочид оролцов.
Энэ удаагийн Их хурлын Хүндэт зочид нь Азийн хөлбөмбөгийн холбооны Гишүүн холбоодын Зүүн азийн бүс хариуцсан дарга Ясүко Танако, Зүүн азийн бүс хариуцсан мэргэжилтэн Н.Болор нар байлаа.
У.Хүрэлсүх: СУРГУУЛЬ БҮР ХӨЛБӨМБӨГИЙН БАГШТАЙ, БАГТАЙ, СУМ БҮРИЙГ ТАЛБАЙТАЙ БОЛГОХОД “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” ТҮЛХЭЦ БОЛОХ УЧИРТАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж уламжлав. Ерөнхийлөгч бээр мэндчилгээндээ, “Багийн спортын төрлүүдээс хамгийн олон сонирхогчтой нь хөлбөмбөг. Орчин цагийн хөгжил, техник технологийн ололт амжилттай уялдуулан улам боловсронгуй болгож, манай баг, тамирчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд Та бүхний оруулж байгаа хувь нэмэр өндөр билээ. Монгол Улсын хамгийн том баялаг болсон монгол хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчин, эрүүл хүнс гэсэн тулгуур гурван асуудлыг чухалчлан авч үзэх учиртай.
Монгол Улсын төрийн тэргүүн, ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар үндэсний эв нэгдэл, ашиг сонирхлыг дээдлэн ард иргэд, олон нийтэд чиглэсэн “Эрүүл Монгол хүн”, “Нийтийн биеийн тамир” зэрэг өөр хоорондоо нягт уялдаатай монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжсэн хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг санаачлан улс орны хэмжээнд хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Мөрөөдлийн гоол” тэмцээнд 30,000 гаруй хүүхэд багачуудыг хамруулан хурд, хүч, авьяас, тэвчээрээ сорих боломжийг олгож, олон арван багшийг хөлбөмбөгийн сургалтад хамруулсан нь хүүхэд залуусыг эрүүл чийрэг бие бялдартай, багаар ажиллах чадвартай, хамтач сэтгэлгээтэй, шударга, эр зоригтой иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна сургууль бүхэн хөлбөмбөгийн багштай, багтай, сум бүрийг хөлбөмбөгийн талбайтай болгох санаачилга хэрэгжихэд чухал түлхэц болох учиртай” хэмээн онцлоод 13 дугаар Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Шайх Салман бин Ибрахим Аль Халифа: МХБХ ШИЛДЭГ ТУРШЛАГА НЭВТРҮҮЛЭХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Азийн Хөлбөмбөгийн холбоо (АХБХ)-ны Ерөнхийлөгч Шайх Салман бин Ибрахим Аль Халифагийн мэндчилгээг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Винзор Жон уламжлан хүргэлээ. “Монгол Улсад хөлбөмбөг жилээс жилд хөгжиж байна. Өнөөдрийн амжилт бол МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, түүний удирдлага дор ажиллаж буй МХБХ-ны аппаратынхны хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Эрхэм Ерөнхийлөгчийн анхны Их хуралд амжилт хүсч байна. Тэрбээр, дотоодын лигээ илүү тогтвортой, бизнесийн загварт шилжүүлж, дэвшилтэт алхмуудыг хийж байгааг дурдахад таатай байна.
Өнөөдөр та бүхний гаргаж буй шийдвэрүүд хөлбөмбөгийг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэхүйц байгаа бөгөөд МХБХ-ны хөлбөмбөгийн гэр бүл урт хугацаандаа үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
МХБХ нь Олон улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУБХ) болон АХБХ-ны бодлоготой нийцүүлэн, салбарын шилдэг туршлагыг нэвтрүүлэх үүрэг амлалтаа биелүүлж байгаад талархал илэрхийлье. Мөн АХБХ-ны нэрийн өмнөөс хэлэхэд, бид хөлбөмбөгийн стандарт, түвшинг бүх шатанд дээшлүүлэх зорилгод тань дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхээ батлан хэлж байна. АХБХ-ны Enhance хөтөлбөрөөс эхлээд, олон томоохон санаачилга, АХБХ-ны Academic Centre of Excellence-ийн үйл ажиллагаа хүртэл бид МХБХ-г амжилтад хүрэх хамгийн сайн боломжтой нөхцөлд ажиллахуйц тууштай дэмжлэгийг үзүүлнэ” гэжээ.
М.Болд: ТЕХНИК ХӨГЖЛИЙН ШИНЭ БОДЛОГЫНХОО ХЭРЭГЖИЛТИЙН СУУРИЙГ ТАВЬСАН НЭГ ЖИЛ БАЙЛАА
Харин МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд ажил хүлээж авсан нэг жил гаруй хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа хөлбөмбөгийн “Хөгжлийн гурвалжин”-гийн суурь болсон нийтийн хөлбөмбөг, түүн дээр нь тулгуур хоёр багана болох мэргэжлийн хөлбөмбөг болон үндэсний шигшээ багийн хөгжлийн бодлогоо тодорхойлж, түүнд хүрэх арга замынхаа эхлэлийг тавьсныг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Нийтийн биеийн тамир” хөдөлгөөний хүрээнд “Нийтийн
хөлбөмбөг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг улс орон даяар идэвхитэй, тогтвортойгоор зохион байгуулж буй нь ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг хөлбөмбөгийн спортоор дэлхийд таниулахуйц авъяастнуудаа тодруулах үндсэн зорилготой билээ.
Үүний дараа бид тэдгээр шилдэг өсвөрийн хөлбөмбөгчдөө тогтвортой, тасралтгүй бэлтгэл сургуулилтаар хангахуйц, мэргэжлийн хөлбөмбөгчин бэлтгэх академийг анх удаа төрийн бодлоготойгоо буюу Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан байгуулах ажлыг ОУБХ-ны “Форвард-3” төслийн дэмжлэгтэйгээр хамтран эхлүүлээд байна. Тодруулж хэлбэл, Монгол Улсын нийт зургаан бүс болон нийслэлд хөлбөмбөгийн Бүсийн хөгжлийн төвийг байгуулснаар өсвөрийн хөлбөмбөгчдийг ЕБС-ийн хичээлээ орхигдуулахгүйгээр хөлбөмбөгийн спортоор байнгын хичээллэх боломжоор хангана. Ингэж бид хөлбөмбөгийн спортын хагас мэргэжлийн түвшнээсээ шат ахиж, мэргэжлийн түвшинд хүрэх юм.
Ингэж өсч, бойжиж, “эрийн цээнд” хүрсэн дотоодын лигийн тамирчдынхаа хөгжлийг бид илүү тогтвортой, бизнесийн загварт шилжүүлэхээр “Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лигийн Очир зөвлөл”-тэй гэрээгээ баталгаажуулаад байна” гэлээ.
МХБХ САНХҮҮГИЙН ХУВЬД "ШИЛЭН" БОЛЖЭЭ
Их хурлаар салбарынхан МХБХ-ны Ерөнхийлөгчийн тайлантай танилцаж, баталдаг уламжлалтай. Тайланд тусгасан ажлуудаас заримыг онцлон дурьдвал, Ерөнхийлөгч М.Болд, “Монгол Улс “Про” ангиллын багадаа дөрвөн дасгалжуулагчтай болно” гэсэн Мөрийн хөтлөлтийн амлалтаа биелүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Монгол Улсад өдгөө хоёр дахь дасгалжуулагч “Про” зэргээ гардан авахад бэлэн болсон бөгөөд бас нэгэн дасгалжуулагчаа энэ зэрэглэлд хүргэхээр хэлэлцээрийн түвшинд ажиллаж байгаа гэлээ.
МХБХ өнгөрсөн нэг жилийн хугацаанд анх удаа санхүүгийн ил тод байдал, хүний нөөцийн уян хатан шинэ систем рүү шилжээд байна. ОУХБХ болон АХБХ-ноос тавьдаг санхүүгийн аудитын аливаа шаардлагыг хангасан системд шилжиж, санхүүжилт болон зарцуулалтынхаа талаар мэдээллийг холбооны вэбсайтаар дамжуулан нээлттэй хүргэж байна. Түүнчлэн саяхан Хэвлэлийн бага хурал зарлаж холбооны санхүүжилт болон санхүүгийн зарцуулалтын талаарх сэтгүүлчдийг сонирхсон асуултад хариулт өгсөн нь холбооны 65 жилийн үйл ажиллагааны түүхэнд байгаагүй үйл явдал болсон билээ.