“Win or go home” - Хасын Хүлэгүүд баг EASL-ийн чухал тоглолтод Японы Alvark Tokyo багийг хүлээн авна
Монголын сагсан бөмбөгийн клубын төлөөлөл Хасын Хүлэгүүд баг маргааш East Asia Super League (EASL)-ийн хэсгийн шатны чухал тоглолтод Японы хүчирхэг Alvark Tokyo багийг талбайдаа хүлээн авч тоглох гэж байна.
East Asia Super League (EASL) нь Зүүн Азийн шилдэг клубуудыг нэг дор өрсөлдүүлдэг, бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр түвшний тэмцээнүүдийн нэг юм. Тус лиг нь Япон, БНСУ, Тайвань, Филиппин, Монгол зэрэг орнуудын лигийн аварга багуудыг улирлын турш талбайдаа болон зочлон тоглох форматаар өрсөлдүүлдгээрээ онцлог бөгөөд багууд зөвхөн ялалтын төлөө бус, өөр өөр тоглолтын хэв маяг, тактик, хурд, соёлоо харилцан сорих тивийн түвшний тавцан болдог. Энэ утгаараа EASL нь клубын сагсан бөмбөгийн чансааг бүс нутгийн түвшинд ахиулахын зэрэгцээ хөгжөөн дэмжигчдэд Азийн шилдэг багуудын өрсөлдөөнийг ойроос мэдрэх боломжийг бүрдүүлдэг нэр хүндтэй тэмцээн юм.
Тоглолт 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ нь хэсгийн байрлалыг шийдвэрлэх, аль баг дараагийн шатанд шалгарахад нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой тоглолт юм. Хасын Хүлэгүүд баг энэ улиралд олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа харуулж, довтолгооны хурд, зохион байгуулалттай тоглолтоороо анхаарал татаж байна.
Хэдхэн өдрийн өмнө багийн ахлах дасгалжуулагч Athanasios Skourtopoulus зуурдаар таалал төгсөж Хүлэгүүд багт нөхөж барамгүй гарз тохиолдсон билээ. Тиймээс уг тоглолт цор ганц тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх тухайд биш хайртай дасгалжуулагчийнхаа төлөө, түүний гэгээн дурсгалд зориулж заавал ялах ёстой хүндэтгэлийн, үдэлтийн тоглолт байх болно.
Түүний оронд энэ тоглолтод өнгөрсөн улирлын сүүлийн хагаст багаа удирдаж BCL Asia тэмцээнд гуравдугаар байранд шалгаруулсан Э.Ариунболд удирдаж оролцоно.
Энэ улиралд багийн тоглолтыг манлайлж буй Монголын шигшээ багийн тоглогч Б.Барсболд хамгаалах, довтолгоо зохион байгуулах, тоглолтын хэмнэлийг удирдах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэж байна. Түүний талбай дээрх манлайлал, шийдвэр гаргах чадвар нь багийн тоглолтын тогтвортой байдлыг хангаж, довтолгоо-хамгаалалтын шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа юм.
Мөн багийн бүрэлдэхүүнд шинэ өөрчлөлт хийгдэж, төвийн байрлалд тоглох Jordy Tshimanga нэгдсэн нь самбарын тэмцэл, будагтай талбайн хамгаалалтыг бэхжүүлэх ач холбогдолтой алхам болсон. Үүний зэрэгцээ Ази импорт тоглогчоор Тайландын шигшээ багийн од Frederick Lish багт нэмэгдсэн нь довтолгоо, тоглолтын хурдыг нэмэгдүүлэх зорилготой шийдэл гэж үнэлэгдэж байна.
Багийн гадаад тоглогч Ian Miller өмнөх тоглолтуудад өндөр оноо авч, багийн довтолгоог амжилттай удирдсан нь олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан бол Монгол тоглогчид хамгаалалт, тоглолтын хэмнэлийг хадгалах чухал үүрэг гүйцэтгэж байна.
Alvark Tokyo баг нь Японы дээд лигийн шилдэг багуудын нэг бөгөөд сахилга баттай хамгаалалт, хурдан шилжилтээрээ алдартай. Иймээс маргаашийн тоглолт нь стратеги, хурд, багийн зохион байгуулалтын өндөр түвшний өрсөлдөөн болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэхүү тоглолт нь Монголын клубын сагсан бөмбөг олон улсын түвшинд өрсөлдөх чадвартайг батлан харуулахын зэрэгцээ дотоодын хөгжөөн дэмжигчдэд Ази тивийн өндөр түвшний багийн тоглолтыг үзэх онцгой боломж юм.
Хасын Хүлэгүүд багийн зүгээс хөгжөөн дэмжигчдийг талбайд хүрэлцэн ирж, багаа уухайлан дэмжихийг уриалж байна.




