Наадам сайхан боллоо гэдгийн цаана

Нийтэлсэн: Админ 2022-07-27 9:33:13
Энэ жилий наадам сайхан боллоо гэж олноороо хэлцэж байна. Харах юмтай хариад ярих ютай наадам гэж. Тийм л дээ ярих дурсах юм ихтэй л болсон. Сайхан гээд байгаагийн гол нь муу нэртэй өвчнийг нэг үгээр хэлэхэд ялж айх аюулгүй тавлаг наадсан л байгаа юм. Нөгөө гэвэл Монголын тулгар төрийн болоод Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан хийгээд Ардын хувьсгалын тэгш ойнууд давхацсан бас наадам нэг жил өнжсөн гэдэг утгаараа өргөн дэлгэр болсон. Тэр бүхний нэг нь 1024 бөх зодоглосон явдал наадмыг үзүүштэй болгосон гэж болно. Тэгээд шинэ аваргатай, арслантайгаар наадам өндөрлөсөн нь бөхдөө хайртай монголчуудын цөсийг хөөргөж чадсан л даа.

Шөнийн нойль цаг болчихоод байхад наадамчид цэнгэлдэхэд дүүрэн нар зөв эргэсэн уухай хадааж байлаа. Энэ бол монгол түмний бахархлын дээд нь. Монгол хүн баярлаж чаддагийн нэг илэрхийлэл байсан юм. Алив юм хэчнээн сайхан байсан ч хэрэв сайхан гэдэг юмны дэнс гэж байдаг бол тэнд заавал булингар гардаг л даа. Ингэж бодохуйд монгол үндэсний олон мянган жилийн өв уламжлалтай морин уралдаан, бөх хоёроос маань хэрүүл маргаан тасрахаа байсан нь нэг үнэн. Энэ жилийн наадам огт өөгүй болсон гэвэл худлаа. Наадмын сураг дуулдсанаас эхлээд л уяачдын дунд эрлийз, монгол адуугаа яаж ялгах тухай маргаан дэгдсэн. Уг маргаан наадмаар ч үргэлжилсэн дээ. Азарганаас эхлээд нас бүрээс олон морь уралдаанаас хасагдсан нь уяачдад тун хүнд туссан байх. Эрлийз морьдоо уяачдын наадмаар уралдуулж маргааныг зөөллөсөн гэж ч болно. Энэ удаа бөхийн тухайд жаахан тогтож ярих нь зөв гэж бодлоо. Өө сэвийг нь дарж ирэх жил улам сайхан наадахын тулд шүү дээ. Монгол үндэсний бөхөд найраа буюу даваа үнэлэх гэдэг хар толбо жилээс жилд даамжраад байгаа. Яриад л шүүмжлээд нэмэр байдаггүй. Уг асуудал энэ жилийн сайхан наадмын өнгийг тодорхой хэмжээгээр бүдгэрүүлэх шиг болсон. Бөх хүн улсын цол хүртэхийн төлөө зүтгэх нь зүйн хэрэг. Уран мэхийг уралдуулан үнэн шударга барилдаанаар цол авах, нэмэх юм бол үзэгчид тийм бөхийг хайрлана, дэмжинэ. Гэтэл тавын даваанд улсын цолтнууд "хэвтэх уралдаан" хийдэг болсон. Тэд ам бөхдөө бушуу, бушуухан сөхрөөд өгөх нь сонин. Учир нь мөнгөний төлөө уналт хийж байгаа юм л даа. Начны найрааны ханш 450 саяд хүрсэн гэж сошиалд харагдана лээ. Үнэн л биз. Бөхийн хүрээлэл дотор нь байдаг нэгний яриагаар найраа гэдэг юмыг гурвын даваанаас эхлээд л шатар нүүж байгаа юм шиг хийцгээдэг тухай сонссон. Бөхийн цэц, засуул, ахмад бөхчүүд бүгд оролцдог нь ч нууц биш. Саяын наадамд 1000 илүү бөх барилдсан болохоор цол горилогч 30-аад бөх дөрөв давав. Тэднээс 17 нь начны болзол хангасан гэдэг нь 2001 оны наадамтай жишихэд тийм том тоо биш байлаа.

Тэгтэл дөнгөж гурав нь зургаа, долоо давж 14 нь начин болов. Тэр тухай тунгаан бодоход бараг бүгдээрээ найраанд оржээ дээ. Харин өөрийн хүч чадлаар цолд хүрсэн нь хэн бэ гэвэл ердөө л Э.Батмагнай. Тэр дөрвийн даваанд их шөвөгт зогсож байх, бас түрүүлэх бөхийн нэг байж магадгүй гэгдэж байсан улсын гарьд М.Бадарчийг бариа зөрөөн дээр суйлж шидчихсэн. Түүнээс нь айсан уу тавын даваанд түүнийг хэн ч амлалгүй аймгийн арслан О.Наранбаатартай тунан барилдаж илүүрхэн даваад 21 насандаа начны босгыг алхаж хурдан удмын даагаар мялаалгав. Бөх болгон түүн шиг барилдаж улсын цол авдагсан бол гэхээр. Гэтэл бусдын тухайд хэлэхэд нутгийн томоохон бөх, улсын өндөр цолтнуудад амлуулсан байгаа юм.

Тэд үнэн барилдаагүй ээ гэдгийг наадамчид бүрэн харсан. Бас улсын заан Ц.Одбаяр, Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү, П.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нарыг дээгүүр даваанд харж байсан байх. Гэтэл тэд "мөнгөнд л уналаа" шүү дээ. Гэхдээ начин бологсдоос өөр хүнд амлуулж үнэнээр барилдаад цолд хүрэх нэгэн ч байсан л болов уу. Бичлэгээр нууцаа алдсан заан Н.Жаргалбаярын тухай ярьж байна. Түүнийг шалгах ёстой л гэх. Ганцхан түүнийг шалгаад яах юм бэ.

Монгол бөхийн ертөнц тэр чигээрээ тийм найрааны уурхай болчихоод байгаа юм чинь. Шалгадаг юм бол цолтон төрүүлсэн бүгдийг шалга гэмээр. Гэтэл цаана нь найрааг зохион байгуулагч нь нуугдах санаатай сууж л байгаа. Ер нь тэгээд найраанд орох нь зөвхөн бөхийн буруу биш бөхийн "төр тогтворгүй" болсон нь улстөрчидтай холбоотой юм шүү дээ.

Хаа нэгтэй аймаг, сумаас гурав, дөрвөн начин төрлөө л гэж байна. Хэн нэг таамаг тооцоонд байгаагүй нөхөр начин болоод гарч ирнэ. Цаана нь мөнгө, төгрөгний өгөө аваа бий. Төр мөнгө аймаг, сумаас сонгогдсон төрийн түшээд, нутгийн томоохон бизнесмэнүүдийн халааснаас гардаг нь бас нууц байж чаддаггүй. Уг нь төр, засгийнхан тэр найраа хийж авлига цэцэглүүлэгч нөхөдтэйгөө л "тооцоо бодох" хэрэгтэй байх. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч шиг хүмүүстэйгээ. Нэг аймгийн цолтон улсын наадамд дөрөв давлаа гэнгүүт аймаг сумынхан нь тэр чигээрээ хөдөлдөг болсон цаг юм.

Японы мэргэжлийн сүмод даваа наймаалцдаг "жор" гарч ирснийг яаж дарлаа даа хэдэн жилийн өмнө. 10 гаруй сүмочийг сүмогоос хөөсөн. Тэдэн дотор нэг биш монгол оролцсон байдаг. Ийм аргыг монгол бөхөд хэрэглэхэд хэцүү л дээ. Сүмо бол мэргэжлийнх гэдгээрээ онцлог.

Монгол бөхөд тийм зарчмаар ажиллана гэвэл харин алдаа болж мэднэ. Энэ нь нэгдүгээрт, бөхийн хүрээ тэр чигээрээ найраа гэдэг юманд автсан. Хоёрдугаарт, бөхөд улс төр гэдэг "хор" нэвт шингэснээс хэн нэгэн цогтой тэмцэгч гарч ирээд нэмэргүй л болов уу. Монголын үндэсний бөхийн холбооныхон ч дундыг баримтлахаас өөр яахав. Тэдний гарт нь байгаа ганц зэвсэг бол бөхийн барилдааны дүрэм бас допинг. Хэн нэгэн допингийн шинжилгээнд унахгүй бол тэдэнд шийтгэх бөх тун ховор олдоно.

Аварга  Г.Эрхэмбаяр, арслан Ц.Содномдорж нарыг том бөхийн зангараг харууллаа гэж үзэгчид ойлгосон. Өөрсдөө тийм реклам сайн хийсэн болохоор тэр. Гэхдээ тэгж хэлж байгаа нь 100 хувь үнэн биш гэж учир мэдэх хүмүүс хэлж байна лээ. Ер нь бол орон нутагт ялангуяа, сумын наадамд улсын том цолтон зодоглоно гэдэг тэр наадмын сүр хүчийг өргөдөг байсан үе бий. Гэтэл сүүлдээ улсын цолтнууд аймаг, суманд очихоороо үнэн барилдахын оронд найраа зохион байгуулж хэдэн төгрөг олдом янзтай бол сумын начинд тахимаа өгдөг болсон. Тиймээс наадам үймүүлэгчийн пайз зүүгээд хөөгдөхөд хүрдэг. Аймаг, сумынхан арга ядахдаа цол өгөх, өгөхгүй хоёр барилдаан зохион байгуулж аргалдаг болсон. Суманд гэхэд улсын аварга, арслан очоод зүгээр сайхан барилдаад түрүүлчих юм бол мөн ч таатай байдаг. Наадамчид ийм юмыг хүлээж байгаа шүү дээ. Сая Увс аймгийн Хяргас сумын 100 жилийн ойд дөрвөн аварга зодоглоход нэг нь түрүүлээд нэг нь үзүүрлээд нэг нь дөрөвт үлдсэн байх юм. Энэ бол тэр сумын наадмын түүхийг баяжуулсан хэрэг мөн. Ийм л байх учиртай. Нөгөө талаар бөхийг дээш гарч ирэхэд нь найраагаар дэмжих биш амжилт гаргаж цолд хүрсэн үед нь шагнах нь зөв л дөө. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаасаа төрсөн улсын аварга О.Хангайг 500 хониор, заан болсон Б.Бат-Өлзийг 21 адуугаар, начин болсон Б.Сосорбарамыг 10 сая төгрөгөөр шагналаа гэж байна. Эрхэм гишүүн нударгатай зан гаргасан байгаа биз.

Бөх сонирхогчид Увсынхны буруу тооцооны тухай бас ярьж байна. Даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нар их шөвөгт үлдэнгүүтээ хоёр залуу харцагыг дарж аваад үзүүр түрүүнд барилдаж П.Бүрэнтөгс нь түрүүлээд Н.Батсуурь үзүүрлэж хоёулаа дархан аварга болохыг зорьж л дээ. Гэтэл аваргууд залуу хүчтнүүдийг дийлсэнгүй нь буруу тооцоо байлаа. Уг нь санадаг л санаа байх. Хоёр дархан аварга, нэг аймгаас зэрэг төрлөө гэхэд хүрсэн бол наадмыг илүү ч өнгөлөг болгох байсан байж магадгүй ээ.

Наадмын бөхийн бас бус зөрчлийн тухай хэлэхэд дархан аварга А.Сүхбат барууны магнай булаалдаад барилдаагүй буцаж бас цэцийнхэнд агсарч жаахан шоудсан. Арслан Э.Оюунболд өөрийг нь давсан бөхийг зодохыг завдсан гээд бага сага юм бий. Бас Э.Оюунболдын илчилснээр нэгийн даваанд унасан бөх хоёрын  даваанд дахин гарсан гэх үг үнэн л юм билээ. Яагаад гэхээр Тувагийн нэг бөхийг танихгүй, хэл усыг нь мэдэхгүйгээс дахин барилдуулсан гэж байна лээ. Энэ нь хариуцлагагүйнх. Олон улсад 70-80 орон оролцсон тэмцээнд ч тийм явдал гардаггүйг бид мэднэ. Дахин хэлье. Дараа дараагийн наадам элдэв маргаангүй цэвэр, улам сайхан болоосой гэсэн дээ энэ бүхнийг хэлэхээс аргагүй байлаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Д.ЦЭРЭННАДМИД