Ёндоогүй Г.Ёндон
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирч, “Ардын Засгийн газар”-ын буурин дээр эмхэлсэн Л.Оюун-Эрдэнийн танхимд Г.Ёндон гэж сайд байх. Хариуцсан алба нь Уул уурхай, хүнд үйлдвэр. Хамрах хүрээ, “халаас”-нд явдаг орд газар, тусгай зөвшөөрлийн тоогоор энэ Засгийн хамгийн том нь, жин дарах сэнтий нь. Улстөрч гэхээсээ мэргэжлийн инженер очиж байж босгодог, бүтээдэг, зангиддаг онцлогтой амаргүй салбар.
Яг ийм үндэслэлээр “Монголросцветмет”-ийн угшилтай, маркшейдер мэргэжилтэй Г.Ёндонг У.Хүрэлсүх МАН-ын боловсон хүчний нөөцөөс онцгойлон шигшиж, сайдын тамга атгуулсан байж таарна. Бор өндөр уулын баяжуулах үйлдвэрт ерөнхий маркшейдэрээс “Монголросцветмет”-ийн хэлтсийн дарга, орлогч захирал болтлоо дэвшиж, энэ хооронд “Эрдэнэт”-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч даргын албыг хашиж явсан Г.Ёндонг У.Хүрэлсүхийн танхимд сайдаар очиж, Л.Оюун-Эрдэнийн кабенитэд улирахад нь хүлээн зөвшөөрөх хэсэг олон байв. Үүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй багын найз явсан намтар нь тус нэмэр болдог л байх.
Авчиг “Магтсан хүүхэн хуриман дээрээ...” гэгчээр “мэргэжлийн” хүнээс гарч боломгүй үйлдэл сайд Г.Ёндонгоос тодрох болсоор удлаа. Уг мэргэжил нь сайхан ч, угаас төрийн, төсвийн мөнгөөр “угжуулж” ирсэн Г.Ёндонгийн эрх ашгийн хамаарал сайд болсных нь дараа илэрч, түрүүчээсээ зэс нь цухуйсан. Монголдоо томоохон орд газрыг эзэмшдэг “Монголросцветмет”-ийн орлогчоор ажиллаж байхдаа л хүүхдүүдийнхээ сургуулийн төлбөрийг байгууллагын данснаас шилжүүлсэн нь “Шилэн данс”-аар илэрч, Г.Ёндонд үзүүлсэн итгэл алдуурч эхэлсэн түүхтэй. Ашигтай ажилласан учраас зохих урамшууллаа авсан гэж жишим ч үгүй тайлбар хэлээд сууж байсан нь хоёр жилийн өмнөхөн. Гэтэл “Монголросцветмет” 2010 оноос алдагдалтай ажиллаж, гүний уурхайн нь усаар дүүрч ажиллахгүй таг зогссон гэж уурхайчид ярьдаг. Бүр Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ ч хугацаанд нь төлөлгүй олон жил болсон гэгддэг. Баргилтын ордыг хувийн компаниудаар ухуулдаг гээд тоочоод байвал лав тэр хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах хэмжээнд сайн ажиллаагүй нэгэн.
Үүгээр зогсохгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болчихоод нэр бүхий 13 хэвлэлтэй 260 сая төгрөгийн гэрээ байгуулж, нэг тус бүрд нь 20 сая төгрөгийг олгосон нь саяхан ил боллоо. Улсаараа хэмнэлтийн горимд шилжиж, дор бүрдээ бүсээ чангалахыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хүртэл уриалж байхад сайд Г.Ёндон өөрийн нэр төрийг 260 сая төгрөгөөр үнэлж, хаалтын гэрээ хийсэн нь төр, засгийн шийдвэрийг сөрж буйтай агаар нэгэн үйлдэл. Зөвхөн Г.Ёндонгийн жишээнд дөрөөлж, танхимынх нь бусад гишүүн барьцлаа гэхэд нийт 4.8 тэрбум төгрөгөөр сайд нар нэр төрөө үнэлж болох нь. Мэдээж үүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй. Тийм чадамж нь Засгийн газарт үгүй ч, Г.Ёндон сайд л ганцаараа давуу эрх ямба эдэлж суугаа нь анхаарал татна. Төсвийн, татвар төлөгчдийн мөнгө ямар уйлах биш.
Ийнхүү татвар төлөгчдийн мөнгийг юман чинээ боддоггүй, их, бага гэлтгүй гарын салаагаараа урсгаж сурсан Г.Ёндон сайдын дадал хувийн хэвшлийнхний нуруунд хүнд бул хар чулуу болтлоо угжирсан тухай энэ салбарынхан ярьж эхэлжээ. Хувийн хэвшлийнхээ хийж хэрэгжүүлсэн, хэрэндээ л үйл ажиллагааг нь өргөжүүлэх гэж чардайж яваа төсөл, хөтөлбөр бүрийг төр нь дээрэмддэг жишээ өнгөрсөн хугацаанд нэг биш удаа гарлаа. Үүнийх нь сүүдэр уул уурхайн салбарт хүртэл Г.Ёндон сайдаар дамжиж, туссан байх юм.
Бодит тоо баримтаас жишээ татвал гурван шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн тогтоолтой 20 гаруй компани өнөөг хүртэл нөхөн олговроо авч чадалгүй яваа аж. Угтаа бол улсын тусгай хэрэгцээнд хураагдсан талбайг эзэмшигчид нөхөн олговор олгох хуулийн заалттай ч төр нь өөрөө өнөөдрийг хүртэл луу унжиж, нүдэн балай, чихэн дүлий буйн ард сайд Г.Ёндон байгаа гэх. Нэгэнт шүүх байгууллагын шийдвэр гарсан бол түүнийг биелүүлэх нь гүйцэтгэх засаглалын, Г.Ёндон сайдын үүрэг байлтай. “Хүн засагладаггүй, хууль засагладаг” Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амлалт ч үүгээр биелж, албажих учиртай.
Гэвч мэргэжлийн сайд гэсэн нэршил намтарт нь байдгаас бусдаар Г.Ёндонгийн энэ мэт үйлдэл Засгийн газраа муухай харагдуулаад зогсохгүй багын найз, журмын нөхөр гэгддэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад ард түмэндээ өгсөн амлалтыг баллуурдаж эхэллээ.
Эх сурвалж: "24tsag.mn" О.Балдан-Очир