Монголын жүдо бөхийн холбооны гинсек Б.Ууганбаатартай танилц

Нийтэлсэн: Админ 2019-10-03 12:59:08

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ууганбаатарыг томиллоо.

Баасанжавын Ууганбаатар нь 1989 онд нийслэлийн 45 дугаар сургууль, 1999 онд “Их шавь” Биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсчээ. Мөн гавъяат дасгалжуулагч Д.Баатаржавийн үүсгэн байгуулсан "Харцага" клубт 1989-1993 онд жүдо бөхийн тамирчин, 2000-2007 онд "Аварга" дээд сургуульд жүдогийн дасгалжуулагчаар хүчин зүтгэж байв.

Монгол-Лаосын Үндэсний олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээний дагуу 2007-2011 онд Вьентьян хотноо тус улсын шигшээ багийн дасгалжуулагчаар үр бүтээлтэй ажиллаж, Зүүн өмнөд Азийн наадмын жүдо бөхийн анхны мөнгө, хүрэл медалийг шавь түүний нараас хүртэж байсан юм. Б.Ууганбаатар нь 2000 оноос шүүгчийн замналаа эхлүүлж, 2003 онд олон улсын шүүгчийн болзлыг хангасан бөгөөд “Инчён-2014” Азийн наадам, залуучуудын АШТ зэрэг хорь орчим олон улсын тэмцээнийг шүүж байсан байна. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өмнө нь Ч.Насантогтох , Г.Жадамба , Ц.Дамдин , Ц.Цэрэнпунцаг, М.Бөхбат нар ажиллаж байлаа.