Шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн зөвлөмж гаргалаа

Нийтэлсэн: Админ 2019-10-03 10:55:53

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс  ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.

Олон улсын хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, НЗДТГ болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, “Гамшгийг тэсвэрлэх чадвартай хот” үндсэн хуралдаан, “Газар хөдлөлт ба бусад байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал”, “Гал түймэр болон бусад үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт салбар хуралдааны хүрээнд 30 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Хуралд оролцогчид Улаанбаатар хотноо 2018 онд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-аас батлан гаргасан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн хэрэгжилтийг хангахаас гадна ирэх 2020 онд Австрали улсад болох “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази,Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын оруулах хувь нэмрийг тодорхойлоход энэхүү хурал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Хурлаар хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийн дэвшүүлсэн саналыг нэгтгэн хот, суурин газрын гамшгийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргах аргазүйг тусгаж өгөх нэгдсэн зөвлөмж гаргаад байна. Үүнд:

1. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлд:  

1.1.Хотын шинэ хөгжил, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын захиалга, цар хүрээ, байршлыг төлөвлөхдөө шинжлэх ухааны үр дүнг ашиглах, эрсдэлийн мэдээлэлд үндэслэж шинжлэх ухаан, бодлогыг уялдуулах,

1.2.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны салбаруудыг татан оролцуулж, шаардлагатай нөөцийг хуваарилж их сургууль, шинжлэх ухаан технологийн байгууллагад байгаа дэвшилтэт технологи, судалгааны үр дүнг орон нутгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн шийдвэр гаргалтад ашиглах,

1.3.Зарлан мэдээллийн системийг оновчтой бүрдүүлэх, найдвартай ажиллагааг хангах ажиллагаанд Засаг захиргааны нэгжийн удирдлагуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,

1.4.Хотын хувьд нэн чухал дэд бүтцийг хүн амын хэрэгцээ, гамшгийн эрсдэлийн мэдээлэлд үндэслэн тогтоож эдгээрийг хүчитгэх, өргөтгөх, дахин барих зэргээр сайжруулах, тогтвортой ажиллагааг нь хангах арга хэмжээ авах,

2.Онцгой байдлын байгууллагад:

2.1.Барилга, байгууламжийн газар хөдлөлийн тэсвэрлэлтийн үнэлгээний чиглэлээр шинээр боловсруулан гаргасан аргачлал болон инженерийн үнэлгээний өндөр түвшний аргуудыг яаралтай нэвтрүүлэх, мэргэшсэн үнэлгээчдийг сургаж бэлтгэхэд мэргэжлийн байгууллага, шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамтран ажиллах,

2.2.Газар хөдлөлийн дараа барилга байгууламж, дэд бүтцийг үнэлэх дүрэм, журам боловсруулах ажлыг санаачлах, холбогдох талуудтай хамтран ажиллах,

2.3.Газар хөдлөлийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах,  нэн ялангуяа гамшгийн үеийн удирдлага, зохицуулалтыг оновчтой болгох, орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагын тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн төлөвлөлтийг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх,

2.4.Гал түймрийн эрсдэлийг бууруулахын тулд хотжилт, хот төлөвлөлт, барилгын хийц бүтээц, материалын шинж чанарын өөрчлөлтөд нийцүүлэн галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг шинэчлэх, шинээр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах,

2.5.Хот суурин газарт гал түймэр унтраах ангийг стандартад нийцүүлэн нэмж байгуулах, гал түймрийг илрүүлэх, унтраах чиглэлд дэвшилтэт арга технологи, шинэ техник, багаж төхөөрөмжийг нэвтрүүлэх,

3. Шинжлэх ухааны байгууллага, их сургууль, эрдэмтэн, судлаачдад: 

3.1.Шинжлэх ухааны салбаруудад хуримтлагдсан мэдлэг, дэвшилтэт технологийг нэгтгэх, ач холбогдлыг нь өсгөх, бүс нутаг, үндэсний ба орон нутгийн түвшинд эрдэмтэн, судлаачид мэдлэг, туршлагаа хуваалцах үйл явцыг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах нэгдсэн механизм бий болгох,

3.2.Аюулын төрөл бүрээр гамшгийн эрсдэлийг үнэлэх арга, аргачлал, загварчлал болон  гамшгаас учирсан хохирол, сэргээн босгох хэрэгцээг тооцох арга, технологийг  боловсруулахад хамтран ажиллах,

3.3.Газар хөдлөлийн хагарлын судалгааг эрчимжүүлэх, нарийвчилсан зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, газар хөдлөлийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг  дээшлүүлэх чиглэлд дотоод, гадаадын эрдэмтэд хамтран ажиллах,

3.4.Одоо байгаа дэд бүтцийг хүчитгэх дэвшилтэт шийдэл бий болгох, шинэ дэд бүтцийг гамшигт тэсвэртэй барих, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах, гал тэсвэршилтийг нэмэгдүүлэх ажлын шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зэрэг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.