Халаалтын улирлын эхний хоёр сарын хэрэгцээг бүрэн хангах сайжруулсан түлш нөөцлөөд байна

Нийтэлсэн: Админ 2019-08-27 11:57:31
 

 

Засгийн газраас “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, таван зорилт 200 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2025 он гэхэд агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулахаар томоохон зорилт тавиад буй.

Энэ зорилтыг хангах хүрээнд нүүрсийг орлох сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 2018 оны арваннэгдүгээр сараас эхлүүлж, 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Одоогийн байдлаар “Таван толгой түлш” ХХК 160 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцлөөд байгаа нь халаалтын улирлын хоёр сарын хэрэгцээг бүрэн хангах юм.

“Таван толгой түлш” компани энэ оны хоёрдугаар улиралд үйлдвэрээ өргөтгөн, түлшний үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн түлшний түүхий эдийн тээвэрлэлт тасралтгүй хийгдэж, одоогийн байдлаар 520 мянган тонн нөөцөлсөн байгаа аж.

Сайжруулсан түлшийг баруун, зүүн, төвийн гэсэн гурван хангамжийн төв, 40 дундын агуулахыг түшиглэн, 500 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан нийслэлчүүдэд хүргэнэ. Түлш борлуулах картууд туршилтаар амжилттай нэвтэрч, гэр хорооллын айл өрхүүдэд олгохоор 210 мянган ширхэг хэвлэлтэд өгөөд байгааг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр, орон байрны халаалтаа цахилгаан халаагуураар шийдэх, хэрэглээг дэмжих зорилгоор Засгийн газрын тогтоолоор дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гааль болон НӨАТ-аас 2018 оноос чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн дөрвөн дүүргийн гэр хорооллын 20 мянга 602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлээд байна.

Мөн гэр хороололд байрлах 20 гаруй сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухуудыг цахилгаан, газан, газрын гүний дулаан болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгоод байна.
Нийслэлийн агаарын бохирдлын зургаа орчим хувийг бүрдүүлдэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой ажил бол агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийн салшгүй хэсэг юм. Нийтийн тээврийн утаа их хаядаг 150 автобусанд утаа шүүгч фильтер суурилуулж байна. Түүнчлэн 2020 оноос насжилт өндөр 450 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилгээнээс хасагдана.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос утааг багасгахын тулд өрх бүр боломжоороо гэр, байшингаа дулаалахыг уриалж байгаа. Дулаан алдагдлыг багасгах нь өрхийн түлшний хэрэгцээг бууруулах буюу санхүүдээ хэмнэлт гаргах боломж юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эко амьдрах нөхцөлийг дэмжин өнгөрсөн долоо хоногт БОАЖЯ, ОББҮХ-ноос гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болохоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкуудтай хамтран гаргаж байгаагаа танилцуулсан. Ногоон зээл жилийн ес хүртэлх хувийн хүүтэй байх ба нэг өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг байх юм.

Түүнчлэн хүн амын эрсдэлт бүлгийн 56,110 иргэнийг хатгалгааны эсрэг вакцинд хамруулан 524 сая төгрөгийг шийдвэрлэжээ.

Улаанбаатарын утааг багасгах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь төр засгийн зүгээс хийх ажил хэдий ч үүнд хувь нэмрээ оруулах, ядаж л гэр, байшингаа дулаалах нь нийслэлийн иргэн таны үүрэг юм.