Тэмцэгчид уйлж, ажлын хэсгийг үгүйсгэсэн "ХЭЛЭЛЦҮҮЛЭГ"

Нийтэлсэн: Админ 2019-08-11 16:32:14

 

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаалаар Тост, Тосон бумбын нурууны орчимд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй эсэхийг шалгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд ажиллаад ирсэн. Тэгвэл ажлын хэсгийнхний дүгнэлтийг сонсож, тус бүс нутагт үүсээд буй асуудлыг хэлэлцэх зорилготой хэлэлцүүлэг энэ сарын 8-нд Төрийн ордонд боллоо. Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Гурван тэс суманд уул уурхайн 10 компани олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дундаас “Баатар ван”, “Жавхлант орд” гэсэн компаниуд Тост, Тосон бумбын нуруун дотор олборлолт явуулж байгаа бөгөөд үүнийх нь гороор тусгай хамгаалалттай газар нутгийн эко системд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсээд буй юм. Тэгвэл уг асуудалтай зэрэгцэн Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийн гадна талбайд олборлолт хийдэг Баян тэсийн уурхайг зогсоох ёстой гэсэн акцыг иргэн Х.Мандахбаяр өрнүүлээд байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн цөөнгүй нь “Аливаа асуудлыг өргөн цар хүрээтэй харах хэрэгтэй. Энэ бол зөвхөн нэг компанийн асуудал биш. Тэр дундаа Тост, Тосон бумбын нуруун дотор үйл ажиллагаа явуулж байгаа хятадын компаниудын үйл ажиллагааг нэн тэргүүнд цэгцлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

 

Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагаас Тост, Тосон бумбын нуруунд судалгаа хийсний үндсэн дээр  тусгай хамгаалалтад заавал авах ёстой гэсэн тайлан, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Энэ тайлан, дүгнэлтийг үндэслэн Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын бүсийн зурвасыг баталсан. Гэвч “Баатар ван”, “Жавхлант орд” зэрэг компаниуд тусгай хамгаалалтын бүс дотор олборлолт хийсээр өнөөдрийг хүрээд буй. Тиймээс нутгийн иргэдийн зүгээс “Ганцхан компанийн асуудлыг хэлэлцэх бус, бусад компаниудыг ч гэсэн ярих хэрэгтэй байна. Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлдэггүй. Үүнийг анхаараач” гэдгийг уламжилсан юм. Уг хэлэлцүүлэгт “шударга тав” хэмээн нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Л.Болд нар оролцож, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь содон өнгө төрх байв. Ингээд хэлэлцүүлэгт оролцсон талуудын байр суурийг тоймлон хүргэе.

 

 

Ч.МӨНХЗУЛ: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ГАРНА

(БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлстийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч)

Энэ сарын 4-7-ны хооронд устай холбоотой хяналт шалгалтыг Баян тэсийн уурхайд хийлээ. Ажлын хэсэгт надаас гадна Шинжлэх ухаанын академийн Газар, зүй, геологийн академийн Усны нөөц, ашиглалтын салбарын усны шинжилгээний лобараторийн эрхлэгч, доктор Ч.Жавзан оролцсон. Энэ хүн бол Монгол Улсын зөвлөх инженер, говийн бүсийн усны чанарын асуудлаар докторын зэрэг хамаалсан ийм эрдэмтэн. Тост, тосон бумбын нуруу орчим дахь усны асуудал яригдаж байгаа учраас ихээхэн хэмжээний ач холбогдол өгч энэ хүнийг сонгож, авч явсан. Мөн НЭМХ-гийн Усны чанар, аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Отгонбаяр оролцсон. Хээрийн судалгааг уурхайн орчим дахь шүүрлийн ус болон уст цэгүүдийн байршлыг тодорхойлж, орчны бичлэг хийж, баримтжуулсан. Усны сорьц, дээжийг газар дээр нь хийсэн. Уурхайн шүүрлийн дөрвөн цэг, гурван булаг, хоёр худгаас усны дээж авч, үзүүлэлтийг газар дээр нь шинжилсэн. Үүний дараа суурин лабораторид мөн шинжилгээнд хамруулсан байгаа. Шинжилгээг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Олон үзүүлэлтээр шинжлэх тул цаг орон юм билээ. Хариу ирэх долоо хоногт гарна.

Баян тэсийн уурхай нь том сайрын аман дээр байрладаг. Нүүрс олборлох явцад шүүрлийн ус гарах нөхцөлтэй. “Зүүн булаг” булаг нь 11 метр урттай, 5 метр орчим өргөнтэй урсацгүй. “Хойд хөвд” булаг нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг. Хашаалж хамгаалсан, мал орж булингартуулснаас болж сул шаргал өнгөтэй болсон. “Хошуут булаг” нь уурхайгаас 15-18 км зайд байрладаг. Эдгээрээс дээж авсан.

Ажлын хэсэгт багтсан иргэн Х.Мандахбаяр “Уурхайтай ойролцоо нэг булаг бий. Үүнийг очиж үзэх ёстой” гэдэг хүсэлт тавьсан. Энэ дагуу очиж үзсэн. Координатыг нь тэмдэглэж авсан. Энэ газрыг “Билүүтийн шанд” гэж нэрлэдэг гэсэн. Баруун хойд талаасаа борооны ус орсон байж болзошгүй нөхцөл байдалтай байсан. Ухаж үзэхэд бага зэрэг чийглэг шороотой байсан. Үүнийг ажлын хэсгийнхэн шинжлээд байгалийн тогтоцоороо булаг биш байна гэж дүгнэсэн. Орон нутгаас мэдээлэл авахад 2010 оны долдугаар сарын байдлаар “Энэ газарт булаг байсан” гэсэн мэдээлэл бүртгэгдээгүй байна лээ.  

 

 

П.ЦОГТСАЙХАН: ӨӨРТ ТААЛАГДАХГҮЙ ХАРИУ ГАРАХААР “ЧАДАМЖГҮЙ АЖЛЫН ХЭСЭГ” ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БОЛОХГҮЙ

(БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга)

БОАЖ-ын сайдын тушаалаар баталсан ажлын хэсгийг хууль бус гэж иргэн Х.Мандахбаяр хэлсэн. Энэ байж болохгүй зүйл. Засгийн газрын гишүүн, салбарын сайд хүн хуульд нийцсэн аливаа албан даалгаврыг гаргах эрхтэй. Энэ хүрээнд гаргасан шийдвэр. Засгийн газрын гишүүний эрхэд халдаж, ажлын хэсгийн дүгнэлтийг “чадамжгүй, хууль бус” гэж дүгнэж болохгүй. Ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагын мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан. Яамны байрны өмнө нь ажлын хэсэгт оролцох ёсгүй хүн оролцлоо гэж байна лээ. Энэ талаар Ч.Мөнхзул дарга тодорхой хариулсан. Ажлын хэсэгт багтсан хүн нь албан томилолт аваад явчихсан байсан. Ажлын хэсэг байгуулагдахаас өмнө шүү дээ. Тийм болохоор усны судалгаагаар Монголдоо номер нэг хүнийг оронд авч явсан. Тиймээс “Энэ хүн оролцоогүй учраас ажлын хэсгийн дүгнэлт буруу” гэж хэлэх боломжгүй. Хоёрдугаарт, “Ажлын хэсгээс татгалзсан” гэж хөдөлгөөний хүмүүс хэлэх шиг боллоо. Хэрвээ тийм бол анх ирүүлсэн албан хүсэлтээсээ татгалзах ёстой. Өөрсдөө ажлын хэсэгт оролцоё гэж хүсэлт ирүүлсэн. Тэгээд ажлын хэсэгт орсон. Гэтэл дуртай үедээ орчихоод дургүй нь хүрэхээрээ “Чадамжгүй ажлын хэсэг” гэж ярьж болохгүй. Энэ төрийн захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичиг. Үүнийг хэн нэгэн хүн дураараа, өөрийн үзэмжээрээ өөрчилдөг юм биш.

 

 

Ц.БЭЭЖИН: ГАНЦХАН КОМПАНИЙН АСУУДАЛ БИШ

(Өмнөговийн нутгийн зөвлөлийн гишүүн)

Тостын нурууны Үрэн ханын хэцийг даваад Жавхлант орд, Терра энержи, Зэлэм зэрэг авлигын шугмаар олгогдсон 107 лиценцийн нэгээхэн хэсэг тэнд ажиллаж байна. Юун Нарийнсухайт, Тост, Тосон бумба. Харин ч бүр нурууны ар руу даваад Ар хөндий, Хатан сэврэй, Нэмэхт, Гэлбэнт, Арц богд, Их богд, Бага богд гэсэн Улаан номонд орсон газруудад Жавхлант орд, Терра энержи, Зэлэм зэрэг компанийн үйл ажиллагаа нөлөөлж байна. Эдгээрээс гадна “Эс жи Эс” гэж компани бий. Нөгөө алдартай Фрийд Ланд гэдэг хүн тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаад хятадын компанид 500 сая ам.доллараар зарсан. Бүх баримт нь бий. Чинхуа-МАК гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, БНХАУ-ын Альша аймгийн Эзний хошууны төрйн оролцоотой хамтарсан ийм компани олборлолт хийж байна. Дээр нь Н.Номтойбаяр гишүүний 100 хувийн эзэмшлийн МАК, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга анх тусгай зөвшөөрлийг нь аваад сүүлдээ зарсан гэх “Өсөх зоос” компани, Өмнөговь аймгийн Засаг даргаар найман жил ажилласан Бадраа гэж хүний оролцоотой байсан, оролцоогүй байсан ч хориглож чадаагүй “Жавхлант орд” гэдэг компани, УИХ-ын гишүүн асан Су.Батболдын хамаарал бүхий гэж хэлж болох этгээдийн эзэмшлийн “Терра энержи” буюу Австраличуудын 100 хувь эзэмшдэг ийм компаниуд Тост, Тосон бумын зүүн талд олборлолт явуулж байна. Ингэхээр энэ бол зөвхөн ганц компанийн асуудал биш ээ. Тусгай хамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын асуудыг түрүүлж ярих ёстой. Нэг ёсондоо цогцоор нь ярьж байж шийдэлд хүрэх асуудал юм.

 

 

Б.ДЭЛГЭРЖАРГАЛ: САЙЖРУУЛСАН ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТЭЭ ХИЙДЭГ

(УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга)

“Баян тэс”-ийн уурхайн хувьд нийт талбайн 53 хувийг улсад буцааж өгсөн. Нарийн сухайтын бүлэг ордод нийт 10 компани 17 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Компанийн хувьд хэд хэдэн давуу тал бий. Гадаад тээвэрлэлтээ сайжруулсан замаар тээвэрлэж, Нарийнсухайтын технологийн замтай нийлдэг. Засгийн газрын тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүнийг технологийн замаар тээвэрлэх ёстой. 2019 оны ТЭЗҮ батлагдсаны дараа нарийвчилсан үнэлгээ тогтоогдоно.

 

 

Н.БАТБАЯР: ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ ОЛОНХИЙГ АРИЛГАСАН БАЙНА

(Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын газрын дарга)

-Компанийн хувьд 2019 оноос үйл ажиллагаа явуулж байна. Өмнөговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас “Баян тэс”-ийн уурхайд холбогдох шалгалт хийсэн. Найман байцаагч шалгалтын бүрэлдэхүүнд багтсан. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Энэ зөрчлийн олонхийг хуулийн хугацаанд багтаж арилгасан байна лээ.

 

 

Д.СҮХТУЛГА: БОДИТ БАЙДЛЫГ МУШГИН ГУЙВУУЛЖ БОЛОХГҮЙ

(“Сауд гоби коал транс” компанийн төслийн менежер)

-Компани нь үйл ажиллагааны явцад нийт 879 орчим тэрбум төгрөгийн татвар, хураамж, төлбөр төлөгдөхөөр тооцоолсон. Тодруулбал, улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, лицензийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, үйл хөдлөх хөрөнгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт. Харин орон нутагт тусгай зөвшөөрлийн 50 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны 10-30 хувь, газар, ус ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг төлж байна. Нөхөн сэргээлт, хаалтын зардлыг төсөвтөө мөн суулгасан. Уурхайн бүсэд гедрогеологийн судалгаа хийсэн.

Мөн олон улсын байгууллагаас Тост, тосон нурууг заавал хамгаалах ёстой гэсэн зөвлөмж, судалгааг Монгол Улсын Засгийн газарт гаргаж өгсөн байдаг. Энэ зөвлөмжийг манай компани дэмжсэн. Тиймдээ ч нийт талбайн 53 хувийг улсад буцааж өгсөн. Энэ судалгаа, зөвлөмжийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид эх сурвалжаа болгодог. Уг судалгаагаар хамгаалах шаардлагатай газар нутаг нь манай компанийн тусгай зөвшөөрлөөс баруун дээшээ сунасан байдалтай байдаг. Гэтэл хэлэлцүүлэг зохион байгуулагчид энэ баримтыг эх сурвалжаа болгохдоо координатыг нь эсрэгээр нь хэлдэг. Олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийн эх сурвалжаа болгох гэж байгаа бол координатыг нь зөв хэлэх ёстой. Бодит байдлыг мушгин гуйвуулж болохгүй. Нөгөөтэйгүүр, Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын бүсийг тогтоохдоо Засгийн газраас өмнөх Засгийн газрын шийдвэрээ харгалзан үзсний үндсэн дээр баталсан. Мөн дээрх олон улсын байгууллагын зөвлөмж, дүгнэлтэд дээр үндэслэсэн байдаг. Тусгай хамгаалалтын бүсийн зурвасыг ингэж баталсан.  

 

 

Т.ГАНБОЛД: ХЭЛЭХ ҮГИЙГ СОНС

(“Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ын дарга)

Хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдэд хандаж хэлэхэд асуудлыг зөв талаас нь харах хэрэгтэй. Хэлэх үгийг нь сонс. Ажлаа хийж байгаа залуус шүү дээ. Бухимдаж байгааг чинь ойлгож байна.

 

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллагыг эрх бүхий албан тушаалтнуудын зүгээс “Баян тэс”-ийн уурхайн үйл ажиллагаа эхлээд нэг жил болж байна. Зарим зөрчил эхэлсэн ч үүнийгээ засаж, залруулаад явж байна. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй эсэхийг лобараторийн шинжилгээ болон бусад холбогдох шалгалтаар тогтооно. Түүнээс биш шууд хараад үнэлж, дүгнэдэг асуудал биш” гэдгийг хэлж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авахаас гадна санал дэвшүүлж байсан юм.

 

Тодруулбал, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Батбаяраас “Ашиглалтын лиценз авсны дараа ТЭЗҮ хийдэг гэсэн. Энэ үнэн юм уу” гэж асуухад “Тийм. Ашиглалтын зөвшөөрөл авсны дараа 60 хоногт багтаж, ТЭЗҮ-г батлуулах ёстой” гэсэн юм. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргалаас “ТЭЗҮ-г батлах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн гэж байдаг юм байна. Баян тэсийн уурхайн ТЭЗҮ-г баталсан бүрэлдэхүүнд Б.Дэлгэржаргал дарга та орж. Гэтэл та өөрөө ТЭЗҮ батлах эрхгүй юм биш үү” гэж асуухад Б.Дэлгэржаргал “Уучлаарай. Монголын эрдэс баялагийн зөвлөлийн ТЭЗҮ-г хэлэлцэх салбар хуралдааны даргаар би ажилладаг. Миний дээр Эрдэс баялагийн зөвлөлийн дарга гэж бий. Эрдэс баялагийн зөвлөл нь төрийн байгууллага болон хувийн хэвшил, холбоодын мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн зөвлөл. Энэ хүмүүс ТЭЗҮ-г хэлэлцээд баталдаг. Та үүнийг тодруулж болно. Асуудлаа сайн судлахыг хүсэе” гэсэн юм.

Түүнчлэн зарим иргэдийн хувьд “Ганцхан Тост, Тосон бумбын асуудлыг ярилцах ёсгүй. Энэ нурууны орчимд маш олон компани үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа нурууны дотор олборлолт хийж байгаа компаниуд ч байна. Тэдгээрийн асуудлыг бас ярих ёстой гэдгийг илэрхийлж байсан юм.

Гэтэл зарим иргэд “Морио унаад, ташуураа бариад тэмцэх ёстой”, Монголд уул уурхай хэрэггүй. Турж үхэхгүй нь тодорхой”, “Компанийн хүмүүсийг битгий яриул. Тэдний үгийг сонсох хэрэггүй. Тусгай зөвшөөрлийг нь шууд цуцал” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн тэмцэгчид “Уйлж үг хэлж байсан удаа байхгүй шүү. Цуглаан болгон дээр очиж, орилж байхаар нэг удаа ч гэсэн дуугай байя гэж бодсон. Гэхдээ болохгүй нь. Тэмцэх, босох цаг ирсэн. Тэмцэгч ах, эгч нар намайг мэднэ. Би тэднээсээ их зүйл сурдаг. Уйлж үг хэлсэн удаа байхгүй. Одоо уйлж байна” гэсэн юм.

Ийнхүү Тост, Тосон бумбын нурууны орчимд үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх зорилготой хэлэлцүүлэг хоёр удаа зохион байгуулагдахдаа зөвхөн нэг компанийг онцолж ярьсаар өндөрлөсөн юм. Өмнөговь аймагт зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ч Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ч бусад уурхайн эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулах саналыг иргэд удаа дараа тавьж байсан. Гэвч хэлэлцүүлэг зохион байгуулагчид энэ саналыг хүлээж авахгүй байсаар хэлэлцүүлэг өндөрлөсөн нь хэт нэг талыг барьсан болохыг гэрчилсэн юм.

 

 

Г.Батбаатар

 

 

  • Baatarjav

    2019-08-12 | 13:21:15 Хариулах

    Ingej heleltsuuleg hiideg bol bolison n deer shuudee

  • surenjav

    2019-08-12 | 13:20:40 Хариулах

    Tsogtoi popuud irj poprch bgal ywanlee hudlaa garuudiin chuulgan l bolsondoo hoorhii

  • Зочин

    2019-08-12 | 13:20:28 Хариулах

    ene heleltsvvleg ntr deer ni ene uurhain darga zahiral ajilchingvl ochihiin ym yriulahgv ergv malnuud ni barij ideh geed ywhiin yaanda hvnii vgiig sonsoj surchaad naad heleltsvvlge yriaach hdn mongo awtsan malnuuda

  • Иргэн

    2019-08-12 | 13:15:51 Хариулах

    Тос тосон бумбын нурууны асуудлын талаар биш ганцхан уурхайг оролцуулсан дайралт л боллоо хөөрхий. Хэлэлцүүлэг гэхэд хэтэрхий өөр дүр зураг л харагдлаа.

  • -->