Яасан танил дэглэлттэй хэлэлцүүлэг вэ, Х.Мандахбаяр аа

Нийтэлсэн: Админ 2019-08-01 15:00:34

Өмнөговь аймгийн Далан­задгад хотноо энэ сарын 29-нд “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулахаар болсон тухай зар түгээж эхэлсэн юм. Хэлэлцүүлэг гэдэг бол эсрэг тэсрэг байр суурьтай талуудад байр сууриа илэрхийлэх тэгш боломж олгосон үйл ажиллагааг хэлдэг. Гэвч дээрх хэлэлцүүлгийг зохин байгуулсан төрийн бус байгууллагууд нь Тост, Тосон бумбын нурууны асуудлаар маргалдагч талуудын нэг болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт давуу байдал бий болгосон нь хэлэлцүүлгээс ажиглагдаж байлаа. Бүр хэлэлцүүлгийг Х.Мандахбаяр өөрөө хөтлөн удирдаж явуулсан юм.

Тост, Тосон бумбын асуудлаар маргалдагч талууд болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, “Сауд гоби коал транс” компанийн удирдлагуудын хэнийх нь зөв болохыг олон нийт мэдэхгүй байгаа. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлгээс тодорхой мэдээлэлтэй болж аль талынх нь зөв гэдгийг мэдэж болно гэж үзсэн. Гэвч хэлэлцүүлэг урьдаас төлөвлөсөн зохион байгуулалттай хэлэлцүүлэг боллоо. Маргалдагч талын нэг болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрөө хэлэлцүүлгийг хөтлөн явуулсан учраас хэлэлцүүлгийн уур амьсгалыг өөрийнхөө талд байлгасаар өндөрлүүлсэн юм. Хэрэв үнэхээр л өөрийнх нь зөв юм бол Х.Мандахбаяр ерөнхийлөгч хэлэлцүүлгийг ингэж зохион байгуулахгүй байх байлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн зохион байгуулалт сэтгүүлчдэд танил санагдаж байлаа. Тодруулбал, Х.Мандахбаярыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгох хурал яг ийм тавилттай болж байв. Тухайн үед санал хэлэх, тооллогын комисс байгуулах, тус комисст орох, асуулт асуух хүмүүс нь эртнээс бэлтгэгдсэн байсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг ч яг ийм болов. Ялгаатай нь тухайн үед Х.Мандахбаяр сэтгүүлчдийг талцуулж байсан бол энэ удаад нутгийнхаа иргэдийг талцуулж байна. Мөн тэнд очсон сэтгүүлчдийг ч талцуулахаа мартсангүй.

Хэлэлцүүлэгт оролцсон бүх итгэгчид Х.Мандахбаярын байр суурийг дэмжиж, “Сауд гоби коал транс” компанийг буруутгаж байв. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлгээс хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг тодорхойлох ямар ч боломжгүй байсан юм. Энэ нь хэлэлцүүлэгт оролцсон нутгийн иргэдэд таалагдсангүй. Гэвч хэлэлцүүлгийг удирдаж буй давуу талаа ашиглан өөрийнхөө эсрэг бүх байр суурийг эсэргүүцэн зогсоож, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь хааж байлаа.

Тиймээс тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс “Сауд гоби коал транс” компанийн төслийн төслийн менежер Д.Сүхтулгын байр суурийг сонслоо.

Б.Сүхтулга: -Нарийн сухайтын бүлэг ордод хэд хэдэн  компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани Тост, Тосон бумбын нурууны бэлд бүгд зэргэлдээ байрлаж, үйл ажиллагаа эрхэлдэг. Харин “Баатар  ван” компани нь яг Тосон бумбын нуруунд, энэ нурууг дөнгөж даваад “Жавхлант-Орд” компани үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Тост, Тосон бумбын нуруунд ийм олон компани үйл ажиллагаа явуулж байтал ганцхан манай компанийг чичлээд байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой гэдгийг илтгэж байгаа юм. Ялангуяа, Хятадын хөрөнгө оруулаттай компаниуд руу анхаарал хандуулдаггүй. Тэд тайван амгалан ажлаа хийгээд байхад дотоодын бид л элдэв хэл ам, дарамт шахалтын бай болж ажлаа ч явуулж чадахгүй байна. Тиймээс энэ бол цэвэр ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахаас аргагүй. Өнөөдөр уул уурхайг муухай харагдуулж чадвал тэр хүн баатар болдог болж. Х.Мандахбаяр шантааж хий байгаа. Манай компдани руу дайрснаараа мөнгөөр хэмжигдэхгүй маш их хэмжээний ашиг олж байна шүү дээ. Мөнгөнөөс гадна орон нутгийн иргэдээс нэр хүнд олж авч байна. Уул уурхайг муухай харагдуулснаар нутгийн иргэдээс нэр хүнд олж авч байгаа нь хэн бүхэнд ил байна.

Бид анх “Саус  гоби сэндс” копманиас хайгуулын лиценз худалдаж авсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө батлуулаад холбогдох бүх бичиг баримтаа бүрдүүлээд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд эхлүүлсэн компани. Эхний хөрөнгө оруулалтаа хийгээд хайгуулын ажлаа явуулаад лицензээ ашиглалтынх болгох үед  “Урт нэртэй” хуулийн дагуу лицензтэй талбайгаасаа хасалт хийх шаардлагатай болсон. Тиймээс “Урт нэртэй” хуульд нийцүүлж талбайгаасаа хасалт хийсэн. Мөн 2014 онд орон нутгийн удирдлага болон иргэдийн зүгээс нийт талбайгаасаа дахин хасалт хийхийг хүссэн. Учир нь, “Танай лицензтэй талбайд Хөвдийн булаг зэрэг ховор ургамал, устай газар бий” гэсэн юм. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд талбайн хэмжээнээсээ хассан. Анх 66 мянган га талбай эзэмшиж байсан бол ингэж хассаар одоо 31 мянган га газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашдаа ч шаардлагатай гэвэл байгаль орчны төлөө лицензтэй талбайгаасаа хасч болно.

Манайх энэ төслийг эхлүүлэхээсээ өмнө байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Үүнийг мэдээж мэргэжлийн байгууллага хийдэг. Тооройн төгөл, загийн ой зэрэг нь манай талбайд байхгүй гэдгийг хариуцлатайгаар хэлье. Мэргэжлийн байгууллага нь шалгаад тогтоочих учраас нууж хаах, худлаа ярих ямар ч шаардлагагүй.

Муугаар бодож манай компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэхэд улсын төсвөөс нөхөн олговор олгох шаардлагатай болно. Бид өнгөрсөн хугацаанд 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ер нь уул уурхайн бизнес урт хугацаанд ашиг нь гардаг салбар шүү дээ. Зарцуулсан мөнгөө бага багаар урт хугацаанд нөхөх, үүний дараа ашгийн тухай ярих боломж бүрддэг. Маш их цаг хугацаа шаарддаг нүсэр ажил. Одоогоор манай уурхайд  орон нутгийн 100 гаруй иргэн ажиллаж байна. Мөн сумын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний үндсэн  дээр  сумын төвд хоёр км зам тавихаар болсон. Одоогоор зураг төслийг нь гаргачихаад байна. Уг нь манай компанийг тойрсон маргаан гараагүй бол ажил хэвийн үргэлжилж өнөөдөр замынхаа ажлыг эхлүүлчихсэн байх байлаа.

 

 

 

-->