МАН иргэдийн сонголтыг 20 саяар үнэллээ. АН хэдийг амлах вэ

Нийтэлсэн: Админ 2019-05-14 10:08:39
 

 

Сонгуулиар улс төрийн намууд мөнгө тараадаг байсан уламжлал өнгө зүсээ хувиргаж, зээл нэртэй болов. Үүнийг баталсан үйл явдал өчигдөр болсон нь МАН-аас иргэдэд “Итгэлийн зээл” нэртэй сонгуулийн “хахууль” өгөхөө мэдэгдсэн юм.

Уг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр  “Сонгуулиар мөнгө тарааж ард түмний саналыг худалдаж авдаг тогтолцоо байх ёсгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.  Гэвч тэд амалсан амлалт, хэлсэн үгнээсээ хөнгөхөн заль гаргаж, ийнхүү иргэдийг хуурах гэж оролдов. “Амташсан хэрээ 13 дахина” гэгчээр сонгуулийн жил бүр тэд иймэрхүү заль хэрэглэж ирсэн. Тухайлбал, 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН иргэн бүрт “Эх орны хишиг” болгож 1.5 сая, АН-аас “Эрдэнийн хувь” хэмээх нэг сая төгрөг амласан. Ингээд МАН 45, АН 28 суудал авч хамтарсан Засгийн газар байгуулснаар 1.5 сая төгрөгөөс 500 мянган төгрөгийг нь сар сард хуваан бэлнээр тараасан. Үүнээс үүдэж инфляц 1.6 хувь хүртлээ буурч бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байв.

Ингэхдээ “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр 2011 онд “Эрдэнэс Тавантолгой”-н Зүүн цанхиас ирээдүйд олборлох нүүрсээ хятадын “Чалко” кампанид барьцаалах замаар гэрээ байгуулж, 350 сая ам.долларын зээл авч тараасан.

Үүний өрийг 2017 оны гуравдугаар сарын 30-нд төлж барагдуулсан.

Мөн “Оюутолгой”­-гийн гэрээний хүрээнд хөрөнгө оруулалтын 100 сая ам.долларыг мөн л иргэдийн “амыг таглахад” ашигласан.

Тэгвэл тэд УИХ дахь одоогийн суудлаа 2020 онд хэвээр авч үлдэхийн тулд “Итгэлийн зээл” нэртэй мөнгө тараахаар болов. Энэ мөнгө нь угтаа бол татвар төлөгч бидний төлсөн мөнгө. Иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад дөрөөлсөн эрх баригчдын эл башир хийгээд бодлогогүй үйлдэл Монгол Улсын эндийн засгийг элгээр нь хэвтүүлэх вий.

“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр 2021 онд манай өсөлт хэд хүрэх бол. Уг нь “Монголын банкны холбоо”-ны уулзалтын үеэр 2020 онд эдийн засгийн өсөлт одоогийнхоос бүр доошоо буюу 3.6 хүрч буурч болзошгүй гэсэн магадлалыг хэлж байв.

Тэгвэл Сангийн сайдын зүгээс “2021 онд “Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай” гэдгийг өмнө нь мэдэгдсэн.

Ингээд бодохоор манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэх цаг ойрхон буй мэт. Гэтэл эдийн засгийн галаа хэрхэн “МАНАХ” вэ гэдэгт анхаарах бус сонгуулийн “ПИ АР”-таа анхаарч, зээл нэртэй “хахууль” тараах гэж байгаа нь улс төрийн зөв шийдэл гэж үү.  УИХ-д эдийн засгийн ойлголт, мэдлэгтэй гишүүд байна уу. Тэгвэл энд нэг зүйлийг асууя. Намуудын сонгуулийн “ПИ АР” эхэлчихлээ.

МАН-аас иргэдийн сонголтыг 20 сая төгрөгөөр үнэллээ. Тэгвэл АН болон бусад намууд хэдэн төгрөг санал болгох вэ.

Р.Хишигжаргал

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх