Л.Сандагдорж агсаныг эцсийн замд нь үдлээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-09 11:54:10

Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ багийн тамирчин, анхны зургаан спортын мастерын нэг, гавьяат дасгалжуулагч, шигшээ багийн дасгалжуулагч Лувсандоржийн Сандагдорж агсныг эцсийн замд нь үдэх ёслол МХБХ-ны футзалын ордонд боллоо. Монголын хөлбөмбөг төдийгүй хоккейн спортын эх орныхоо нэрийг мандуулж, дасгалжуулагчийн хувиар олон арван жилийг зарцуулахдаа зуу зуун шавь бэлтгэн Монголын спортын ертөнцөд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан хүн байлаа. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулцаж, 1999-2003, 2005-2009 онд Монголын хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж, Монголын хоккейн холбоог 1991 онд гардан байгуулж, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан билээ. Монголын хөлбөмбөгийн 60 жилийн түүхтэй Л.Сандагдорж гэдэг хүн салшгүй холбоотой. 1956-1959 оны хооронд БНМАУ-ын анхны шигшээ багийн тоглогч болсон цагаас Монголын хөлбөмбөгийн түүхэн хүний замнал эхэлсэн байдаг.

"Алдар", "Замчин" нийгэмлэг, Ардын армийн 016-р нэгдэл, МУИС-т хөлбөмбөгийн спортын цагийн багш, Засгийн газрын дэргэдэх Залуучууд спортын хороонд хөлбөмбөгийн дасгалжуулагч, “Мон Сол”, “Дэлгэр”, “Ирээдүй” клубт дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн ухамсарт амьдралаа биеийн тамир, спортын хөгжилд зориулсан хүндэт сурган хүмүүжүүлэгч байсан юм. Л.Сандагдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг, салбарын зүгээс өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны одон, Ардын хувьсгалын 70 жил, Халхголын ялалтын 30 жил, Ардын армийн 50, 60 жилийн ойн медалиар шагнаж байв. Талийгчийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тууштай, хүнлэг даруу зан чанар, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх