Монголын тамирчид Азийн гурван удаагийн аварга боллоо
Индонезид болсон ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болжээ. Тэмцээнд 13 орны 133 тамирчид оролцсон байна. Монгол Улсыг төлөөлөн 16 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний нийт 90 медалийн 67 нь Монголын тамирчид хүртжээ. Тухайлбал, 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн байна.
Ингээд багийн нийлбэр дүнгээр Монгол Улс тэргүүлж, хоёрт , БНХАУ, гуравт Индонезын баг орсон байна.
Үүгээр зогсохгүй дэлхийн дөрвөн рекордыг шинэчилжээ. Тухайлбал, “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Монголын оюун ухааны академийн тамирчид энэ удаагийн тэмцээнд оролцсоноор Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлээд байна.