Д.Цогтбаатар “Валдайн 16 дугаар бага хурал”-д оролцож байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ны Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын “Их Евразийн гео эдийн засгийн орон зайн шинэ хэлбэр” сэдэвт салбар хуралдаанд илтгэгчээр оролцож, үг хэлэв.
Уг салбар хуралдаанд ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль “Эдийн засгийн дээд сургууль”-ийн Дэлхийн эдийн засаг болон Дэлхий улс төрийн бодлогын тэнхимийн эрхлэгч С.А.Караганов, Бүгд Найрамдах Казахстан Улсын Алмата удирдлагын их сургуулийн Төрийн болон олон нийтийн бодлого, эрх зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч Аскар Нурша, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хамтын ажиллагааны хорооны орлогч дарга Фу Ин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дэлхийн эдийн засаг, дипломатын их сургуулийн профессор Улугбек Хасанов нар мөн илтгэгчээр оролцож шинээр үүсч буй Их Евразийн орон зайн асуудлаар тус тусын байр сууриа илэрхийлэв.
Олон улсын “Валдай” клубын хуралд олон улсад нэр хүндтэй улс төр судлаач, шинжээчид хуран цугларч дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй цаг үеийн асуудлаар нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой хурал юм.
Эх сурвалж: ГХЯ