“Цэвэрхэн наадацгаая-2” аяныг улс орон даяар эхлүүллээ
Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг. Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр дагаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн бидэнтэй нэгдэж, улс орноо хоггүй цэвэрхэн байлгахын төлөө ажиллаасай гэж хүсье. Ард иргэд маань ч хөдөө орон нутагт аялахдаа байгаль орчинд ээлтэй цэвэрхэн амарч наадахыг хүсэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.
-“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм?
-Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй хамтарч байсан бол энэ жил 20 гаруй болсон. Зарим хэвлэл мэдээлэл ч бидэнтэй хамтраад нийгмийг соён гэгээрүүлэх, мэдээлэл сурталчилгааг хүргэх талаар ажиллаж байгаа. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс ч хамтран ажиллаж байна.
Хог хаягдлыг ашиглах, зөв зохистой менежментийг бий болгох үүднээс манай яам улсын төсвөөс 450 гаруй сая төгрөгийг хувийн хэвшлүүдэд олгож, хог хаягдлыг дахин боловсруулж эхэлнэ. Мөн Үндэсний хөгжлийн газар ч төр, хувийн хэвшлийн концессоор хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх байх. Мөн сэтгүүлчдийн дунд шинэ санаа, шийдэл дэвшүүлэх нийтлэлийн уралдаан зарласан. Үүнээс гадна албан байгууллага, аж ахуйн нэгж, нийслэлийн дүүргүүдийн дунд ч урамшуулалтай уралдаан зарласан байгаа.
-Үндэсний их баяр наадам ойртож байна. Энэ жилийн хувьд гаднын жуулчдад зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Олон жилийн дунджаас үзвэл долоодугаар сард бол Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг. Тэгэхээр ихэнх жуулчин Улаанбаатарт наадам үзэхээс гадна аймаг орон нутгийн хуваарийн дагуу хөдөөд очиж наадам үздэг. Нийслэлийн аялал жуулчлалын газарт ирсэн саналын дагуу нийт 15000 орчим жуулчин наадам үзэх хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч гаднын жуулчдад үзүүлэх наадмын арга хэмжээний билет 1500 орчмыг олгосон байна. Билетийн хүрэлцээ муу байна. Энэ асуудал дээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо руу “жуулчдад олгох билетээ тоог нэмж өгөөч” гэсэн албан тоот хүргүүлсэн. Гэхдээ билетийг хамгийн дээд талдаа 500-аар нэмэх боломжтой. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалдаа тааруулан, яаж жуулчдадаа наадмын үзвэр үйлчилгээг хүргэх вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа юм. Энэ жилийн хувьд БОАЖЯ-аас анх удаа жуулчдад зориулсан “Naadam night” арга хэмжээг зохион байгуулна. Долдугаар сарын 11-ны өдрийн 21 цагаас үндэсний соёл амралтын хүрээлэнд, өглөө нь наадмын нээлтэн дээр тоглосон үзүүлбэрүүдийг англи хөтлөлттэйгөөр гадаадын иргэд, жуулчдад, зориулж тоглоно. Энэ бол нэг цаг орчмын арга хэмжээ байна. Мөн тоглолтоос гадна тухайн үндэсний үйлдвэрлэгчид болох “АПУ”, “Говь” зэрэг компаниуд ирж, үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчилна. Жуулчдад илүү өөрийн биеэр очоод оролцоод, дурсгалын зураг авхуулаад, дээрээс нь үзвэрээ үзэх боломжийг бүрдүүлнэ. Мөн аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд жуулчдад зориулсан гэрийг байршуулна. Жишээлбэл, Хүй долоон худагт очоод жуулчид үйлчилгээ авъя гэхээр орох газар олдоггүй. Тиймээс мэдээллийн төв болох гэрүүдийг ажиллуулаад, тухайн жуулчинг орж ирэхэд нь айраг, хуушуураар үйлчилдэг, шаардлагатай байрлалынх тухай мэдээллийг өгнө. Энэ сарын 9-13-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа Торгоны замыг дамнасан дөрвөн улсын нийт 1600 орчим хүний бүрэлдэхүүнтэй олон улсын том хэмжээний авторали анх удаа болно. Алтанбулаг боомтоор нэвтэрч орж ирээд, Дундговь, Өмнөговь аймгуудаар байршина. Энэхүү авторалигийн нээлтийн арга хэмжээ нь Хөшигийн хөндий олон улсын нисэх буудалд болно.
-Салбар яамны зүгээс нэг сая жуулчин авна гэсэн зорилт тависан. Гэвч тулгарч байгаа асуудал их байна. Тухайлбал наадмын нээлтийн билет жуулчдад хүрэлцэхгүй байгаа асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Гадны 10 гаруй мянган жуулчин наадмын нээлт үзнэ гэсэн. Билет өгөөч гэдэг хүсэлт ирсэн. 3500 билет өгөөч гэсэн. Нэгдүгээрт, наадмын талбай маань төр, хувийн хэвшлийн эзэмшлийнх байдаг. Улаанбаатар хот жуулчдын наадмын билетийг хариуцан борлуулдаг юм. Бидний байгаа боломж нь ийм. 3500-г өгөх эсэх талаар ярилцаж байна. Хүсэлтээ өгсөн хүмүүсийг бүгдийг нь оруулчихвал монголчууд өөрсдөө үзэж чадахгүй болно. Том стадионтой болох хүртэл ийм байдлаар явуулахаас өөр аргагүй.
-Гадныханд өндөр үнээр үйлчилдэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад болж байна гэдэг?
-Аялал жуулчлалын чанарыг сайжруулах үүднээс Засгийн газарт мөрийн хөтөлбөрт тусгасан хөтөлбөрийн дагуу энэ чиглэлийн есөн ажлын байран дээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулсан. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хүмүүс үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад явж байна. Улаанбаатар хотын аялал жуулчлалын газартай хамтарч байгаад ажлаа хийгээд явж байна. Шинэ зүйл ч их хийж бий. Тарифын тухайд аялал жуулчлалын компаниуд багцаар нь буюу наадмын үзвэр үйлчилгээг хамтад нь багтаасан үнэ санал болгодог. Тухайн жуулчин зөвшөөрөөд ирж байгаа учраас хэт өндөр гэж хэлэх зохисгүй байх. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрдэг гадны жуулчдад монгол хүнтэй адилхан тариф бий болгоно. Ер нь жуулчдад ээлтэй байхыг уриалж байна.
-Уриалах нэг хэрэг. Ажил хэрэг болж чадаж байна уу. Орчныг нь хэр бүрдүүлж өгөв. Хөдөөгийн замаар дүүрэн хог хаягдал байгаа. Тухайн орон нутаг нь идэвх, санаачилга гаргаад цэвэрлэхгүй л байна шүү дээ?
-Өнгөрсөн жилийг бодвол энэ жил хогийн савны тоог Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ТҮК-тай хамтраад нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутгийн тухайд тухайн аймаг, сумын удирдлагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа. Наадмын өдрүүдэд “Торгоны зам”-ын авторалли болно. Мөн л тухайн хэсэгт нэгдсэн хогийн сав, нийтийн бие засах газрыг төвлөрүүлж байна.