Ц.Цолмон: Нэг хувь үйлдсэн миний өргөдөл нийгмийн сүлжээнд яагаад тарсныг мэдэх юм алга
Хуульч Б.Гүнбилэг УИХ-ын дарга Г.Занданшатарыг хоёр үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандахаа мэдэгдсэн билээ. Үүний нэг нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэл болгосон байсан. Тиймээс энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонгоос дараахь тодруулгыг утсаар авснаа хүргэе.
-Сайн байна уу. Таны ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нийгмийн сүлжээгээр тарж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн нэг үндэслэл болоод байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би юу хэлэх вэ дээ.
-Гэхдээ таны өргөдөл сошиалд тавигдаад сэдэв болоод яваад байна ш дээ?
-УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн миний хувийн өргөдөл яагаад нийгмийн сүлжээгээр тараад, тэр тусмаа УИХ-ын даргын Үндсэн хууль зөрчсөн нэг үндэслэл болчихсон явааг ойлгох юм алга. Тэр бол нэг хувь бичээд УИХ-ын даргын гарт нь өгсөн миний хувийн өргөдөл. Хууль, журмаараа бол миний асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэг дотор байх ёстой зүйл. Харин ямар замаар нийгмийн сүлжээгээр цацагдсаныг үнэндээ мэдэхгүй. Яаж хүний хувийн өргөдөл задарсныг холбогдох хүмүүс нь тогтооно биз.
-Таны өргөдөлдөө бичсэн “Удаа дараагийн саналын дагуу өргөдлөө өгч байна” гэсэн өгүүлбэрийг өлгөж аваад УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан байсан. Тэгж их шахсан юм уу?
-Яагаад Цэцэд хандсаныг нь, ямар учраас тийм зүйл хийж байгааг нь тэр хүмүүсээс өөрсдөөс нь тодруулах нь зөв байх аа. Би энэ асуудлыг анх сөхөж тавьсан Д.Гүнбилэгийн хэвлэлд өгсөн ярилцлагыг нь харсан. Намайг ажилд томилуулах гээд ч юм уу, эсвэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг буруутгах гээд асуудал ярьж яваагүй гэсэн байна лээ. Тэр хүн зарчим ярьж байгаа гэдгээ хэлсэн байсан. Өөр ямар бодол санаатай байгааг нь би мэдэхгүй шүү дээ.
-“Удаа дараагийн санал”-ын тухай асуултад хариулсангүй...
-УИХ-ын дарга Г.Занданшатар удаа дараа надад санал тавьсан нь үнэн. Өөр ажилд шилжүүлье ч гэсэн санал тавьж байсан. Ер нь бол УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хоёр хүн маш сайн ойлголцож хамтарч ажиллах ёстой. Хэрэв тэр хүн хамтран ажиллах боломжгүй гэж байгаа бол саналыг нь хүндэтгэн үзэх учиртай. Би тэгж л хандсан. Яагаад гэвэл, энэ нь хувь Цолмон гэдэг хүнийг ажилтай байлгах тухай асуудал биш шүү дээ. Цаана нь төрийн ажил байдаг. Төрийн ажил цалгардаж болохгүй учраас би өөрөө хүсэлтээрээ өргөдлөө бичиж өгөөд хоёр хоногийн дараа чөлөөлөгдсөн. Ийм л зүйл болсон.
-Та тэгвэл хууль, шүүхийн байгууллагад хандахгүй гэсэн үг уу?
-Юу гэж дээ. Би сая тайлбарлалаа шд. Төрийн албанд цөөнгүй жил ажилласан хүний хувьд төрийн ажил яаж явах ёстойг, төрийн ажлыг яаж өгч авах естойг, төрийн ажил цалгардах учиргүйг мэднэ. Тэгээд л өөрийн хүсэлтээр ажлаа өгье гэж өөрөө өргөдлөө бичиж өгөөд чөлөөлөгдсөн хүн. Надад шүүхдээд явах зав ч, сонирхол ч алга.
-Тэгвэл та одоо ямар ажил эрхэлж байгаа юм бэ?
-Одоохондоо амарч байна. Би сүүлийн 19 жилийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Тамгын газар гээд төрийн ажил хийсэн. Түүнээс өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байсан хүн. Хууль, эрх зүйн чиглэлээр орхичихоод байсан судалгааны ажлаа эхлүүлэх санаатай Англи, АНУ-д сурч байхдаа авчирсан завтай болохоороо уншина даа гээд хойш тавиад байсан судалгааны материал нэлээд байгаа. Тэрнийгээ ухаад л сууж байна. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа хойш тавиад орхичихоод байсан хувийн ажлаа бас үргэлжлүүлэх санаатай явна.
Эх сурвалж "Eagle.mn"