Европын зарим орноос Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Европын зарим орноос Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
- Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жозе Аугусто Дуарте,
- Испанийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаэл Дескаллар Де Масарредо,
- Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони,
- Бүгд Найрамдах Хорват улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелин нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Бээжингээс хавсран суухдаа Монгол Улстай эдийн засаг, нийгэм, хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүслээ.
Мөн Элчин сайд нартай нэг бүрчлэн уулзах үеэрээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглах талаар санал солилцов. Мөн дээрх салбаруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэлэн төслүүдийг танилцуулж, хамтран ажиллах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзуулж, төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.