Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын вирүсийн эсрэг эмнэлзүйн судалгаа хийж буй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерѳнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа гэдэг нь эмийн эмчилгээ батлагдах түвшний судалгааг хэлэх бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй дэлхийн 21 улсад дээрх судалгааг хийж байгаа юм байна.
Тус байгууллагын төлөөлөл Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг тууштай ажилладаг “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа талаараа яриад, хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Мөн ноён Давид А.Кори хепатитын В/Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатитын вирүсийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирүсийн эсрэг эмийн өртөг нь амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх зэрэг асуудлыг хөндөн яриад, Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.