“Эрдэнэс Тавантолгой”-н дэд захирал компанийнхаа машиныг тоносоор байг уу, Д.Сумъяабазар сайд аа?
“Эрдэнэс Тавантолгой” гэж Монголын 2.5 сая хүн хувьцааг нь эзэмшдэг компани бий. Өнгөрсөн жил ашиг орлого, төлсөн татварынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлэх хэмжээнд хүрсэн гээд байгаа. Албан ёсны мэдээллээс нь харахад 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ мөнгөнөөс ард иргэд хувь хүртэх нь гэсэн хүлээлт өндөр байсан. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ийм утгатай мэдэгдлийг өмнө нь хийсний дээр ТУЗ нь нэгж хувьцаанд 25 төгрөг хуваарилах шийдвэр гаргасан талаар ЗГХЭГ-ын дэд дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний асуулгад хариу илгээж байв. Эндээс тооцож үзвэл 1072 ширхэг хувьцаатай нэг иргэнд 26800 төгрөг оногдох тооцоо гарч, үүнийг нь чамлах хандлага сошиалд нэлээд харагдсан. Гол төлөөлөгчдийн нэг нь эдийн засагч Л.Наранбаатар. Тэрээр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулж, үүгээрээ дамжуулан “Эрдэнэс Тавантолгой”-н үрэлгэн зардлыг хасч, ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө шүүмжлэл, янз бүрийн акц өрнүүлж буй. Тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийнх нь үйл ажиллагааны талаар мэдээлэхгүй, амаа үдүүлчихээд байгаа талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан. “Эрдэнэс Тавантолгой”-н хэвлэл, олон нийттэй харилцах албаны даргаар нь телевизийн хөтлөгч, тоймч хийж олны танил болсон Б.Амаржаргал гэж залуу ажиллаж байгаа. Тэрээр бүх гол хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах гэрээ хийж, үүгээрээ дамжуулан хэвлэлүүдийн амыг хааж байна гэж үзэж байгаагаа Л.Наранбаатар эдийн засагч бичжээ. Гэвч өнгөрсөн даваа гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага мэдээлэл хийж, ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гарсныг дуулгалаа. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр 26800-гаа чамлаж голж байсан иргэд ийнхүү хоосон хоцров. Ногдол ашгийг нэмэгдүүлэх улс төр хийж байсан нөхдийн зүтгэл ч талаар болов. Гэхдээ тэд хоосонгүй, 400 тэрбум төгрөгийн зардал хэмнүүлж чадсанаа фэйсбүүктээ бичжээ. Илүү зардал бол ногдол ашгийн хулгай, тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н илүү зардал бүртэй тэмцэх ёстой гэсэн Л.Наранбаатарын үгийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Үнэхээр ч төрийн өмчит компаниудын сул тал нь чадварлаг боловсон хүчнүүдийг сонгон ажиллуулахаас илүүтэй дарга, эрх мэдэлтнүүдийн шахааны хүмүүсээр дүүрдэг, дээр нь зардлаа өндөр байлгадаг, дарга захирлууд нь боломж бүрээр хулгай хийдэг гэх мэт олныг дурьдаж болно. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч энэхүү хэл ам тойрдоггүй. Нүүрсний гэрээ хийж, тонн тутмаас 1-2 доллар унагадаг том бизнес бий гэдэг. Энэ наймааны мэдэл компанийн гүйцэтгэх удирдлага мэтийн жижиг гаруудад биш, салбарын сайдаас дээш түвшний томчуудын наймаа гэж яригддаг. Харин компанийн захирлууд нь үлдсэн жижиг сажиг зүйл дээр нь боломжоороо найрладаг бололтой. Бүр албаны машиныхаа амортизатор, дугуйг хүртэл найздаа хулгай хийгээд өгчихдөг талаар твиттерт нэгэн иргэн бичжээ.
Тунгалаг тамир романд “Түгжил замдаа айлын бяруу нийлүүлж туугаад явав” гэдэг шиг энэхүү жижиг гарын хулгайч нь тус компанийн уурхай эрхэлсэн дэд захирал Дэлгэрбаяр гэнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н захирлууд 5-6 сая төгрөгийн цалинтай, дээр нь сар бүр хэдэн сая төгрөгийн эрхтэй карт ашигладаг талаар өмнө нь хэвлэлд картын хуулгатайгаа гарч байсан. Сарын бараг арван сая төгрөг, унаа, хангамж эдлэчихээд ичихгүй дээр нь машиныхаа амортизатор, дугуйг хулгайлаад сууж байдаг ийм захиралд 2.5 сая иргэний өмч хөрөнгө болсон компанийг хариуцуулж болно гэж үү? Наанаа ил болсон нь энэ, цаана нь өөр ямар том хулгай байгаа ч юм билээ. Ичих булчирхайгүй ийм хулгайч захирлуудаа зайлуулаач Д.Сумьяабазар сайд аа.