УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа

Нийтэлсэн: Админ 2023-05-31 12:07:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн баталлаа. Чуулганы хуралдаанд оролцсон 68 гишүүний 62 нь буюу 92.1 хувийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Санал хураалтын дараа Ж.Батсуурь, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, Д.Цогтбаатар нар чуулганы танхимд хоцорч орж ирсэндээ хүлцэл өчиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнд тооцож өгөхийг хүссэн юм. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталснаар 21.1 дэх заалт нь дараах байдлаар өөрчлөгдөж байна.

Өмнөх хувилбар: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

Өөрчлөгдсөн хувилбар: 21.1.Улсын Их Хурал нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.  

Ингэснээр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш анх удаа УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмж, мөн анх удаа сонгуулийнхаа тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. Үүнтэй холбоотойгоор УИХ зургадугаар сарын 20-ны дотор сонгуулийн хуулиа батлах юм.