Тагнуулын зөвлөгөөг тоогоогүй “том толгой” хэн бэ?!
Энэ хэрэгтэй холбоотойгоор Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёр өргөдлөө өгчихөөд явсан. Явахдаа хоёулаа “...Бид хамаагүй. ЗГХЭГ-ын даргын өрөөнд л тэр компанийнхантай уулзсан” гэв.
Харин ЗГХЭГ-ын дарга “...Дарханы гишүүн” гэсэн үү, “...Дарханаас сонгогдож байсан” гэв үү, хэн нэгэн улстөрч хамаатай гэдгийг хэлэв. Ингэж улс төрийн хариуцлага хүлээсэн дарга, сайд хоёр дээдэх хүмүүс рүүгээ заачихаад буучихав.
Харин хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” компанийнхныг, түншүүдийг нь барьж аваад хорьчихсон. Энэ худалдан авалтыг хариуцсан нөхдүүдийг хорих санал прокуророос сая гарч байна. Тэгэхгүй бол эхнээсээ өөрийгөө бэртээж гэмтээгээд мөрдөн шалгах ажиллагаанд түвэг учруулаад байгаа бололтой.
Энэ хэрэгтэй холбоотой нэг ээдрээтэй асуудал бий. Тэр нь уг автобуснуудын худалдан авах ажиллагаа ямар нэг хуулийн баримтлалгүй, тэг дундуур нь “шууд” явчихсан бололтой.
Ер нь бол, нийслэлийнхэн энэ худалдан авалтыг Тендерийн хуулийн дагуу явуулаагүй байна. Бас яригдаад байгаачлан төрийн нууцад ч хамааруулаагүй байгаа юм. Харин Тендерийн хуулийн 3.4-т “...Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэнд нийцүүлэх гэж оролджээ. Оролдсон гэдэг нь эхлүүлсэн гэсэн үг. Тодруулбал, тэд автобусыг Тендерийн хуулийн энэ зүйл заалтаар худалдаж авахын тулд эхлээд “...Төрийн нууц”-д, эсвэл “...Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ”-нд хамааруулан тооцуулах ёстой болжээ. Тиймээс ТЕГ руу дээрх хуульд “аюулгүй байдлын гэрчилгээ” хүсэж албан бичиг илгээжээ. Хариуд нь “...Аюулгүй байдалтай холбогдож болох юм. Гэхдээ Аюулгүйн зөвлөлөөс зөвлөмж авах хэрэгтэй” гэсэн “зөвлөмж” бүхий агуулгатай хариу өгчээ. Гэвч уг худалдан авалтыг зохион байгуулсан нийслэлийн нөхдүүд дээрх процессыг цааш үргэлжлүүлээгүй байна. Хэрвээ тагнуулын зөвлөмжийг тоосон бол автобусны худалдан авалтыг Аюулгүйн зөвлөлд оруулах байсан хэрэг. Ер нь өмнө нь ингэж байсан туршлага бий л дээ. ТЕГ-аас “аюулгүй байдлын гэрчилгээ” аваад худалдан авалтыг явуулдаг тохиолдол бий. Гэхдээ тэр нь хууль заасанчлан “...Төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцаа” байдаг.
Яагаад ч юм, нийслэлийнхэн ингэж хууль, зөвлөгөөг тоогоогүй байдаг. Шууд л худалдан аалтын ажилдаа орсон. Ингэхдээ “Тэнүүн-Огоо”-гүйгээр Daewoo-гээс шууд авах гэж үзсэн байдаг. Гэсэн ч бүтэлгүйтжээ. Нөгөөдүүл нь “... “Тэнүүн-Огоо” бол манай дистрибьютер, тэр компаниар л дамжуулж гэрээ хийнэ” гэсэн байгаа юм. Өнгөндөө иймэрхүү процессоор авлига үнэртүүлж, хулгай дагуулсан автобусны худалдалтын үйл ажиллагаа явагджээ.
Эндээс бас нэг ноцтой зүйл анхаарал татна. Автобусны худалдан авалтыг үндсэндээ хуульгүй явуулчихсан болж таарч байна аа даа. Гардаж явуулсан Нийслэлийн нийтийн тээврийнхэн, Нийслэлийн худалдан авалтынхан бол ингэж хуульгүй худалдан авалт хийж чадах ч үгүй. Хүсэл нь байвч зориг нь хүрэхгүй. Эрх мэдэл ч дутна. Тэгвэл хэн ингэж чадах вэ. Энэ бол заавал тавигдах асуулт юм. Эхэнд хэлсэнчлэн Хотын дарга, Хот хариуцсан сайд, ЗГХЭГ-ын дарга нар хамаагүй болж таарсан. Тэдний мэдэгдлээс “...Дарханы гишүүн” гэсэн таавар л үлдсэн. Тэгэхээр тэднээс давсан нэг том нөхөр энэ автобусны худалдан авалтын ард байгаа болж таараад байна. Хамгийн гол нь “...Хуулийн заалтыг дагаагүй, тагнуулын зөвлөгөөг тоогоогүй “том толгой” хэн бэ” гэдэг маш сонин байна. 320 орчим тэрбум төгрөг шүү дээ?!
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР