“Авлигал хороолол”-ыг буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болно
Нөгөөтэйгүүр Онцгой комисс дүгнэж, олон талаас “...Үерийн буруутан” хэмээгдэж буй нь үнэн л бол “Авлигал хороолол”-ынхонтой ярьж хөөрч, нялцаганаад байх хэрэг юу байна вэ. Хуульд юу гэж заасан байна, түүнийг биелүүлэх нь төрийн үүрэг биш юм уу. Хамгийн гол нь өнгөрсөн зуны үерээс бол таван амь үрэгдлээ. Энэ бол үерийн даланг хамгаалж, үерийн бүсийг “цэвэрлэж”, голын гольдролыг чөлөөлөх гол шалтгаан юм.
Тэгээд бас Засгийн газар энэ оны “Авлигатай тэмцэх жил” гээд зарлачихсан. Он дуусахад ганцхан улирал үлдлээ. Тэгтэл энэ ажил нь “Авлигал хороолол” дээр гацчих гээд байх шиг байна. Шулуухан хэлэхэд, “Авлигал хороолол”-ын буулгахгүй бол “...Авлигатай тэмцэнэ” гэдэг үлгэр болоод дуусна. Ийм л юм болно.
Ганц энэ хороолол ч бус, голын гольдрол өөрчилж, үерийн далан хаасан барилга, байшингуудыг нийтийн эрх ашгийн төлөө нурааж, буулгаж л таарах биз. Цаашлаад бургас хядсан, хот орчмын гол усны урсац өөрчилсөн гэж яригдаад байдаг нөхдүүдийг ч “захиалагч, гүйцэтгэгч”-тэй нь ил гаргавал зохино.
Ер нь тэгээд ажил хариуцсан дарга, сайд нар “...Зөв” гэж байгаа л бол зориглоод хийчих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээгээр “хоёр үг” бичихээр л хамаг ажлаа хаяад зугтдаг. Хэд хоногийн өмнө баруун талын Тээврийн товчоог “Драгон”-оос холдуулсан нь буруу. С.Бямбацогтын ашиг сонирхол явчихлаа” гээд л шүүмжлээд байгаа харагдана лээ. Тээврийн товчоо тэндээ хэцүүдээд л байсан шүү дээ. Газар, талбай нь барилгад шахагдчихсан. Замын түгжрээ нэмдэг. Нүүлгэхдээ дахиад ч цааш нь явуулах байсан юм. Харин С.Бямбацогт “...Ашиг сонирхлын зөрчилгүй” гэдгээ сайхан шалгуулаад шүүмжлэлд хариу барих хэрэгтэй. Сонгууль болж байна, энэ байтугай шүүмжлэл сонсоно шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР