И-мартын эзэн С.Батболд байгаа цагт Б.Асралт ГЕГ-аас явахгүй нь бололтой

Нийтэлсэн: Админ 2022-09-27 10:09:38

Агентлагын даргыг уг нь зургаан жилээр томилдог хуулийн хугацаатай. Энэ хугацаа нь дуусаад сар илүү болж буй агентлагын дарга бол Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт. УИХ-ын гишүүн Сү.Батболдын тун ойрын хамаатан тэрбээр 2016 оны наймдугаар сард энэ албанд томилогдсон.

Энэ үед С.Батболд гишүүн глобал сүлжээ дэлгүүрийн бизнесээ эхлүүлээд жил гаруйхан болж байсан бөгөөд түүний хувийн телевизийн захирал байсан Б.Асралт зөвлөхөөр нь ажиллаж эхлээд удаагүй байсан үе. Бүх стандарт, бараа бүтээгдэхүүн нь хилийн чинадаас ирдэг Солонгосын сүлжээ дэлгүүрийн анхны салбараа нээгээд жил гаруйхан болж байсан С.Батболд гишүүн өөрийн хамаатан дүүгээ ГЕГ-ын даргаар томилуулсан гэсэн үг л дээ.

Үүнээс хойш И-март өргөжин тэлж өдгөө хэд хэдэн салбартайгаар үйл ажиллагаа нь амжилттай үргэлжилж байгаа. Энэ бүх амжилттай бизнесийн ард нэгэн хардалт сүүдэр мэт дагаж явдаг нь И-март болон ГЕГ-ын даргын хэлхээ холбоо. Гаалийн ерөнхий газрын дарга нь өөрийнх нь дүү байгаа учраас л жирийн иргэдийг чирэгдүүлдэг хил гаалийн асуудал И-мартыг тойрч байдаг гэсэн энэ хардлага уялдуулан бодоход үнэн мэт.

Иймдээ ч Монголын толгой хөрөнгөтнүүдийн нэг, МАН дахь том фракцын дарга Сү.Батболд гишүүн ГЕГ-ын даргын суудлыг тийм ч амар тавьж өгдөггүй байх. Нэг үгээр бол И-мартын эзэн Сү.Батболд байгаа цагт Б.Асралт ГЕГ-аас явахгүй нь бололтой.

 

Эх сурвалж: "24tsag.mn" О.Балдан-Очир