Ц.Элбэгдорж: Хатантан тайван нойрсог ээ. Хаан Чарльз урт удаан наслах болтугай
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ийн хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал төгсөв.
Тэрээр өнгөрөгч шөнө биеийн байдал нь огцом муудсантай холбогдуулан хатан хааны гэр бүлийн гишүүд бүгд Балморалд цуглаад байсан юм. Орон нутгийн цагаар 18:30 минутад ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хааны таалал төгссөнийг албан ёсоор зарлав. Хатан хааныг таалал төгссөний дараа түүний ууган хүү хунтайж Чарльзийг III Чарльз хаанд өргөмжиллөө.
Түүнийг тэнгэрт дэвшсэнийг албан ёсоор зарласнаас хойш Британи ард иргэд, улс гүрнүүдийн удирдагчид, нэр нөлөө бүхий эрхмүүд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсээр байгаа юм. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хуудсандаа “Хатан Хаан Элизабет тэнгэрт дэвшжээ. “Бусдын төлөө зүтгэхээ" зарласнаас хойш түүний хатан зүрх 75 жил цохижээ. Төр тэргүүлэх бол онцгой нэр хүндтэй бас хүнд ажил. Хатантан 70 жил энэ ачааг үүрчээ. Цог жавхлант Хатантан тайван нойрсог ээ. Хаан Чарльз урт удаан наслах болтугай” хэмээн эмгэнэл илэрхийлэв.