П.ОДГЭРЭЛ: БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙСАН...
П.ОДГЭРЭЛ: БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л БАЙСАН...
Урьд өмнө нь уулзаж ярилцах зочноо зорин алхах тэр мөч нэг л ер бусын гайхалтай сайхан хором мөч мэт санагддаг байлаа. Удаан хугацаанд мэдрээгүй энэ мэдрэмжээ саяхан мэдрэв.
...Гэвч эргэн дурсамж дундуураа аялж байгаа ч юм шиг, эргээд ирэхгүй цаг хугацааны араас алхаж байгаа ч юм шиг дэмий санагдах мэдрэмж мэт боловч өнгөрсөн цаг хугацаа аугаа томоор ярьвал амьдрал гэдэг өөрөө дурсамж, ахиад ирэхгүй цаг хугацаа ажээ.
Удаан уулзаагүй зочин, удаан хийгээгүй ярицлагын минь зочин Э.Одгэрэл миний амьдаа П.Одгэрэл байлаа. Та бүхэн түүнийг надаас ч илүү танина даа... Уншигч танд энэ мөчийн мэндийг дэвшүүлье.
-Бид удаан уулзалдсангүй шүү. Цаг хугацаа их сонин зүйл болохын тухай тантай уулзахаар ирэх замдаа бодож алхлаа. Намар болдгоороо болж, навчис унадгаараа унаж урьдынх шигээ л улирал солигдож байхад харин хүмүүсийн бодол сэтгэл заримдаа танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байх юм. Цэнхэр дэлгэцээр хардаг байсан хүмүүсийн мэдэх Одгэрэл өнгөрсөн хугацаан дахь “чимээгүй” байсан өдрүүд таныг хэрхэн яаж өөрчлөв өө?
-Өөрчлөлт гэдэг үгэнд би дуртай. Хүн ямар нэгэн өөрчлөлтөнд сэтгэлзүйн хувьд бэлэн байдаггүй юм байна. Эхлээд тэр өөрчлөлтийг сөрдөг, дараа нь хүлээн зөвшөөрч эхэлдэг. Ер нь би өөрчлөлт хийх дуртай. Нэгэн хэвийн уйтгартай байдалд дургүй. Миний зан чанар, төрсөн он сар өдрийн онцлогоос шалтгаалаад хоёр талтай хүн юм шиг санагддаг. Нэг талдаа би маш хуучинсаг нөгөө талдаа үргэлж шинийг эрэлхийлж явдаг хүн.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй болж өөрчлөгдлөө. Хүүхдийн ээж, эзэгтэй болно гэдэг яах аргагүй хүнийг өөрчилдөг юм байна. Одоо бол Одгэрэл гэхээр арай өөр дүр зураг бууна. Ядаж л ээж Одгэрэл болсон...
-Тэгвэл өмнөх Одгэрэл ямар хүн байж вэ?
Би хэвээрээ л байгаа./Инээв/ Цоглог, өөрийнхөөрөө бас эрх танхи... Энэ зан чанарууд минь хэвээрээ шүү. Одоо бол хүүдээ, нөхөртөө эрхэлж байна. Би, би хэвээрээ л байгаа шүү.
-Гурван жилийн хугацаанд хоёр хүүхэдтэй болжээ. Гэвч таны ажил мэргэжил таныг гэртээ зүгээр суулгаагүй гэж бодож байна. Учир нь та эмэгтэй хөтлөгчид дундаас нэлээд өндөр үнэ хөлстэй хөтлөгчдийн тоонд ордог юм билээ. Шинэ жилийн арга хэмжээнээс авхуулаад урилга заллага өнгөрсөн хугацаанд ирж байсан биз дээ?
-Ирэлгүй яахав. Би хүүгээ төрүүлчихээд нэг сартай байхад нь шинэ жилийн цэнгүүн хөтлөөд л явж байсан. Хэдий миний ажил боловч бас хобби болохоор татгалзахыг хүсдэггүй. “Universe best songs” наадмыг хөтөлж байх үеэр ч хүү минь 3 сартай байсан. Бас сонгуулийн ажлаар Завхан нутгаар сар шахам явж байлаа. Энэ бүхнийг амжуулаад л явж байсан даа.
- Та хөтлөгч хийгээд хэчнээн жил болчихов оо?
-Би сэтгүүлч мэргэжилтэй. МУИС-ийн сэтгүүлзүйн ангид оюутан байхдаа UBS телевизэд дадлага хийсэн. Тухайн үед телевизийнхэн намайг “Одгэрэл их мундаг хөтлөгч болчих хүүхэд байна даа” гэж хараагүй. “Бичих чадвар сайн тул цагийн ажил хийгээч ээ” гэдэг саналыг тавьсан. Ингээд оюутан байхаасаа UBS music-т ажилд орж байлаа. Түүнээс хойш телевизийн салбарт ажилласан хугацаагаа тооцвол 15 жил өнгөрчээ. Дунд нь сурах, хувийн бизнес хийх гэж оролдсон ч тэр бүгд телевизийн уран бүтээлтэй, UBS телевизтэй холбоотой байсан. Нэг хэсэг “Artqueen “ нэртэй тусдаа студи байгуулаад ажиллаж үзсэн туршлага бий.
-Телевизийн нэгэн алдартай сэтгүүлчийн хэлснээр “дэлгэцэн дээр би харагдана гэдэг алгын чинээ улаан нүүр биш юм” гэсэн байдаг. Таны хувьд дэлгэцэн дээрх “би”-гээ хэдийнэ бүтээсэн хүн. Харин дэлгэцэн дээрх өөрийгөө хэрхэн яаж бүтээсэн бэ?
-Намайг телевизтэй танилцуулсан нь “UBS music” хөгжмийн хөтөлбөр, харин хүмүүст илүү таниулсан нь “Universe best songs” уралдаан. Энэ уралдааныг хөтлөх гол суурь нь “UBS music” хөгжмийн сувагт ажиллаж байсан туршлага. Уг нь тухайн үед би мэдээний албанд сэтгүүлчээр ажиллаад, тэр чиглэлээрээ өөрийгөө хөгжүүлэхийг хүсч байлаа.
-Тэгээд мэдээний сэтгүүлчээс анхны “Universe best songs” уралдаант, цэнгээнт нэвтрүүлгийг хөтлөхөд ямар байсан бэ?
...Би өөрийнхөөрөө л байсан. Хэрвээ тухайн үед сошиал медиагийн хөгжил дэвшил өнөөдрийнх шиг байсан бол бас л хүмүүс янз бүрээр хүлээж авах л байсан байх. Өнгөрсөн хугацаанд олж авсан туршлага мэдлэг гэдэг өөрөө маш чухал. Аливаа нэг эзэмшсэн ур чадвар, хичээл зүтгэл хүнд эргээд шагнал өгч байдаг юм билээ. Ямар ч үед бичгийн чадвар маань надад их дэм болж ирсэн.
Ер нь аливаа бэрхшээлээс тэр бүр шантардаггүй. Хор шар гэхээсээ илүү хүн хийж болоод байгаа зүйлийг би ч бас чадах юм байна гэдэг итгэл үнэмшил надад байсан. Телевизийн нэвтрүүлгээ хийж байхдаа монтажаа өөрөө хийдэг байлаа. Өөрөө монтажаа хийнэ гэдэг өөрийнхөө алдааг олж харах боломж байдаг. Шөнө орой болтол харуулаас өөр хүнгүй телевиз дээрээ ганцаархнаа үлдэж ажиллаад 04 цаг гэхэд гэртээ харьдаг байсан.
Одоо тэр цаг үеэ бодохоор мэргэжилдээ үнэхээр дуртай, үнэнч байж дээ гэж бодогддог.
-Сүүлийн үед телевизийн шинэ залуу эмэгтэй сэтгүүлч, хөтлөгч нар багагүй шүүмжлэлд өртөж байна. “Ур чадвар муу, хэл ярианы баялаггүй, гоёж гангалахаас цаашгүй...” гэх зэргээр шүүмжлэх хүмүүс байх юм. Хүн бүр л өөрийн гэсэн онцлогтой байх. Мэдээж шууд гарангуутаа туршлагатай болохгүй ч байх л даа. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Хүүхэд төрөөд шууд хэлд ордоггүйтэй адил цаг хугацаа, туршлага хөтлөгч, сэтгүүлч гэлтгүй хүн бүхэнд хамгийн чухал гэж бодож байна. Би ч гэсэн тэр замналыг туулсан. Хүмүүст шүүмжлүүлэх үедээ шүүмжлүүлээд, сурах үедээ сураад л явж ирсэн. Тэгж явсан цаг хугацааны хүчинд надад туршлага үлдсэн. Тэр туршлагынхаа хүчээр өнөөдөр би явж байна.
Дөнгөж ажил амьдралын гараагаа эхлээд, дүүрэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа тэр хөтлөгчдийг би лав буруутгахыг хүсэхгүй. Тэртээ тэргүй цаг хугацаа амьдралд бүхнийг харуулна. Хүсэл эрмэлзлэл нь дийлээд цаашид телевизийн сайн сэтгүүлч, хөтлөгч болох уу аль эсвэл тэгэсгээд мартагдах уу гэдгийг нь цаг хугацаа л харуулна.
Нөгөө талаар хүмүүс үргэлж залуу үеэ шүүмжлэх хандлагатай байдаг. “Миний үед ийм байсан юм..” гэж ирээд л шүүмжилдэг. Нэг талаар хүн туршлага хуримтлуулаад ирэхээрээ юмыг шүүмжлэх өнцөгөөс хардаг болдог ч юм уу. Миний хувьд бол, би хүмүүсийг шүүмжлэхээсээ илүү туслах юмсан гэж боддог болсон. Учир нь би ч гэсэн өөрөө шүүмжлэлд өртөж байсан болохоор тэр л дээ.
-Та телевизэд ажиллах хугацаандаа дөнгөж ажилд орсон, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн залууст туслаж байв уу?
-Тэгэлгүй яахав. “Universe best songs” уралдаан нэг хэсэг зургаан хөтлөгчтэй байсан. Тэдгээр зургаан хөтлөгчтэйгөө “UBS music” сувгаа удирдах хугацаандаа тулж ажиллан, чадах чинээгээрээ л дэмжихийг хичээсэн. Одоо бүгдээрээ сайн явж байна. Зарим нь мундаг хөтлөгч болсон.
-Телевизийн сайн хөтлөгч хүнд сайхан дүр төрх, сайхан хувцаслалт, сайхан дуу хоолой зэргийн чухам аль нь чухал гэж та бодож байна вэ?
-Хүн бүрт байгалиас заяасан өгөгдөл бий. Хөтлөгч бүхэн харилцан адилгүй. Зарим нь үнэхээр гоё төрмөл дуу хоолойтой байхад, зарим нь сайхан бие цогцостой нөгөө нь илүү мэдрэмжтэй гэдэг ч юм уу. Өөрт байгаа давуу тал дээрээ үндэслээд өөрийнхөө сул талыг олж, засч залруулж хөгжүүлэх хэрэгтэй.
Харин мэдрэмж бол яалт ч үгүй чухал байдаг. Нэвтрүүлэгч бол хөтлөгчөөс арай өөр. Дикц, дуу хоолой зэрэгт зайлшгүй анхаарах хэрэгтэй. Харин хөтлөгч бол илүү мэдрэмжтэйгээ ажиллаж, өөрөөрөө байх ёстой юм шиг. Үзэгчдээ, камераа мэдрэхгүйгээр зүгээр л гоё хоолойгоор яриад байвал ямар ч үр дүнгүй хөтлөлт болно. “...За энэ ч зарлагч хийгээд орчихлоо доо” гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Зарим хүн үнэхээр мэдрэмжтэй, авьяас билэг нь байгаа мөртлөө туршлага байдаггүй. Гэхдээ миний хувьд ямар нэгэн алдаа гаргаж байгаа хөтлөгчдийг хараад “ишш.. зайлуул энэ алдчихлаа даа” гэж боддоггүй. Яахав дээ, хүн алдчихаад дараа нь түүнийгээ засдаг л байхгүй юу. Алдчихаад алдаагаа давтахыг хүсдэг хүн байдаггүй биз дээ.
Харин өөрийгөө мэдэхгүй болж байна гэж бодоод алдаад яваад байвал ч хэцүү л дээ. Энэ тохиолдолд харамсалтай. Гэхдээ үзэгчид тэнэг биш ээ. Үзэгчид гэдэг чинь дүнгээ үргэлж тавьж байдаг. Үнэхээр чин сэтгэлтэй байгаад чадахгүй зүйл дээрээ алдлаа гэхэд үзэгчид түүнийг уучилж чаддаг. Тиймээс тэдэнтэй харилцаж сайхан мэдрэмжийг өгч, авалцана гэдэг авьяасаас илүү мэдрэмж шаардсан зүйл байдаг.
-Таны хувьд тайзан дээр гаргаж байсан хамгийн том алдаа хэзээ, хаана байсан бэ?
-Алдаа байлгүй яахав. Хамгийн анх захирлынхаа /УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав/ “Миний дуунууд” тоглолтыг хөтлөхөөр олон үзэгчдийн өмнө гарч байлаа. Тухайн үед дөнгөж “Universe best songs” -оо хөтлөж эхлээд томхон тайзандээр цөөн гарсан үе л дээ. Уг нь тэр тоглолтыг би биш Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрийн Гэрлээ хөтлөх ёстой байсан юм. Гэтэл гэнэт л “Одгэрэл ээ чамаар хөтлүүлэхээр боллоо” гэсэн. Тэгэхэд нь боломж гэж бодсон ч бас л айдастай. Мэдээж надад олдож байгаа боломжийг алдаж болохгүй чаднаа гэж дотроо бодсон. Залуу эмэгтэй хүн хойно өмсөх хувцасаа л бодоод байлаа. “Урлах Эрдэм”-ээс нэг их гоё цагаан даашинз олж аваад тоглолтын бэлтгэлдээ дутуу хагас суугаад л орчихов оо. Тэгээд л тоглолт эхлээд Анууш бид хоёрын хөтлөлт эхлэх нь тэр.
Эргээд чи минь нэг хараач
Энгүй хайрын минь жигүүр цуцаагүй... гээд л шүлэг уншаад эхэлмэгц нь тоглолтын зохиолын дагуу би доошоо харан гуниглаад л тайзнаа алхах ёстой байлаа. Урд талд хамтлаг дуучид маань дуулж, бүжиглэж байгаад зогсчихлоо. Одоо би гарна даа, над руу гэрэл өгнө дөө гэж бодоод алхаад л гудайгаад, гуниглаад л тайзнаа алхаад гараад эхэлсэн чинь нөгөө дуу нь дуусаагүй үргэлжилж байдаг байгаа. Үзэгчид ч нэрхийтэл инээлдлээ. /Инээв/
Тэр мөчид алдсанаа мэдээд буцаад л тайз руугаа алхаж орох тэр агшин их удаан санагдсан. Яг гарах ёстой цаг маань ирж тоглолтын зохиолын дагуу дахиад л гудайгаад, гуниглаад гарсан чинь үзэгчид дахиад л нэрхийтэл инээлдээд л... тэр мөч ерөөсөө санаанаас гардаггүй юм.
Түүнээс хойш тоглолтын бэлтгэл дээр байнга сууж, бүх л зүйлээ яв цав бэлтгэхийг хичээдэг болсон. Хөтлөгч хүн зөвхөн хувцасаа эсвэл сэтгэлзүйгээ бэлтгэнэ гэдэг өрөөсгөл хэрэг юм байна гэдгийг ойлгосон. Тоглолт бол хамтын бүтээл учраас тайзны найруулган дээр хагас дутуу сууж болдоггүй.
-Монголд тоглогдож буй рок, поп урлагийн тоглолтын тайзнаа хамгийн олон гарсан хөтлөгч гэвэл таны партнёр хөтлөгч Гантулга буюу Анууш та хоёр нэлээд дээгүүр нэрлэгдэх байх гэж бодож байна.
-Магадгүй ээ. Ямар ч байсан наснаасаа их гарсан шүү.
-Концертын тайз бол хурал зөвлөгөөний тайз биш тул онцгой уран чадварыг хөтлөгчдөөс шаарддаг байх.
- Концертын тайз бол илүү амьд. Тайз том байх тусмаа сайхан санагддаг. Ер нь хөтлөлт хийхэд үзэгчтэй ойрхон байх тусмаа зарим талаараа хэцүү. Тайзан дээр гарахаар хүн нэг л өөр болдог. Өөрийн эрхгүй өөрийгөө мэдрээд, аливаа зүйлийг харах өнцөг хүртэл нэг л сайхан болоод ирдэг. Микрофоноо бариад ёслолын хувцасаа өмсөөд зогсох тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Тэр мэдрэмжийг мэдрэх гэж л би хөтлөгч хийх дуртай. Мэргэжилдээ ажилдаа өнөөдрийг хүртэл дуртай байх шалтгаан болдог байж ч магадгүй.
-Сандрах үе байдаг уу?
-Сандрал гэхээсээ илүү догдлол байдаг. Тоглолт эхлээд эхний дуучнаа зарлаж, эхний хөгжим эгшиглэсний дараа тайвширч бүр нэг сайхан болдог.
-Та 15 жилийн хугацаанд янз бүрийн тоглолт, үдэшлэг, арга хэмжээг цэнхэр дэлгэцээр болон тайзнаа хөтөлж явсан дэгжин эмэгтэй хөтлөгчийн хувьд өнөөдрийн байдлаар та хувцасны шүүгээндээ нууц биш бол хэчнээн даашинзтай болсон байна вэ?
-Дээхнэ үед нэг сэтгүүлч бас энэ асуултыг асуусан. Би тэр үед тоо гаргаж хэлээгүй. Гэтэл тэр даашинзаар минь нэрлээд нэг мэдээ гаргачихсан байсан. Би тухайн үед хараад их гайхаж байсан шүү. Тайзан дээргарч байгаа дүр төрх, хувцас хунар бол үзэгчдээ хүндэлж байгаа асуудал. Түүнээс биш Одгэрэл даашинзтайдаа гоё ганган харагдах гээд тансаглаад байгаа асуудал биш шүү дээ. Амьдрал дээр би өөрөө чамин тансаг зүйлд тийм ч автамтгай биш. Энгийн байх дуртай. Сонголт маань “алтан дундаж” байдаг.
Харин тайзан дээр бол зайлшгүй гоё байх ёстой. Бөө удган өмсгөл өмсдөг шиг тэр нэг гоё даашинзийг өмсч, зүүсгэлийг зүүж байж л бүрэн бүтэн болдог. Нөгөө талаасаа үзэгчид ч тийм байдлыг хүсч байдаг. Ихэнх хүмүүс амьдрал дээр ч эфирт гардаг Одгэрэлийг л харахыг хүсдэг. Гадуур энгийн хувцаслаад явж байхаар дуу хоолойгоор таниад “хүүе, чи нөгөө Одгэрэл үү, чамайг ийм намхан гэж бодоогүй, чи зурагтаар ёстой гоё харагддаг шүү” гэх зэргээр амьдрал дээр хэтэрхий энгийн байгааг хэлэх хандлагатай байдаг л даа.
Даашинзны тухайд мэдээж хуримтлал нэлээд байлгүй яахав. Гэрийн шкафанд миний л даашинзнууд бүх л зайг эзэлдэг дээ. Тайзны даашинзнууд болохооор нэлээд нүсэр маягтай тул зай их эзэлдэг. Сүүлийн үед би даашинзаа сонгохдоо авч явахад авсаархан, хөнгөн, нимгэн талруугаа сонголтыг хийх дуртай болж байна. Тоо бол ёстой мэдэхгүй.
-Мэргэжил бүхэнд “мэргэжлийн өвчин” гэж байдаг. Барилгачин хүн баригдаж байгаа барилгыг сонирхолгүй хажуугаар нь гардаггүй байх. Түүнтэй адил та хаана ч явсан өөрийн мэдэлгүй хүмүүсийн хэл ярианы соёл, алдаа дутагдлыг нь олоод ажигласан байх үе байдаг уу?
-Байлгүй яахав. Хэчнээн мундаг албан тушаалтай байгаад индэрийн ард гараад өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүс харамсалтай санагддаг. Тэр хэмжээндээ хүртэл өөрийгөө илэрхийлж, ярих ур чадвартаа хүмүүс анхаарч байгаасай гэж хүсдэг. Сүүлийн үед гэхдээ хүмүүс энэ тал дээр анхаардаг болсон нь бас анзаарагдаж байна.
Хүн бүхэнд боломж, онцлог бий. Одоо байгаа дуу хоолой, ур чадвар дээрээ үндэслээд өөрийгөө ярих чадварт хөгжүүлэх боломжтой. Ингэснээр ажил хэрэг, бизнесээ илүү амжилттай болгох боломжтой. Өөрийгөө илүү сайхнаар илэрхийлэх боломжууд байхад өөрийгөө хөгжүүлэлгүй зөнд нь хаячихаж болохгүй.
-Гэрийн эзэгтэй, ээж болоод гэртээ суух хугацаанд ажил мэргэжилдээ яарч, үгүйлэв үү?
-Гайгүй дээ. Хоёр хүүхэд маань намайг их завгүй байлгасан. Би маш жаргалтайгаар гэртээ суусан. Оюутан байхаасаа эхлээд л хангалттай ажилласан. Тийм болохоор надад амрах цаг хугацаа ч хэрэгтэй байсан л даа. Манай хүүхдүүд ээжийгээ амраасан./Инээв/ Бас зүв зүгээр гэртээ суугаагүй. Гадагшаа явлаа. СЭЗДС-ийн бизнесийн удирдлагын сургуульд мастер хамгааллаа. Энэ бүхэн намайг завгүй байлгаж чадлаа. Нөгөөтэйгүүр баяр, ёслол, хурим найраас авхуулаад хөтлөх арга хэмжээнүүд ч багагүй гарч ирж байсан.
-Шүлэг бас бичсэн үү?
-Бичсээн. Хамгийн сүүлд “Говийн домог” уран сайхны киноны гурван дууны шүлгийг бичсэн. Сүүлийн гурван жилд нэлээд хэдэн дууны шүлэг бичсэн шүү.
-Хүмүүсийн шүүмжлэл хэзээ ч дуусахгүй зүйлсийн нэг байх. Л.Балхжавын уран бүтээлийн тоглолт жил бүр болж байгаад хүмүүс шүүжлэлтэй хандах юм. Мөн UBS телевиз чанаргүй олон кино хийдэг гэх зэргээр олны шүүмжлэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Юм хийж байгаа хүн л шүүмжлүүдэг. Зүгээр сууж байвал хэн ч чамайг чичлэхгүй. Зүгээр л сууж байгаа хүн хэнд ч харагдахгүй, үзэгдэхгүй, сонсогдохгүй л байхгүй юу. Хүний нүдний өмнө өртөөд, чихэнд нь сонсогдоод, гарт нь баригдаад байгаа болохоор л шүүмжлүүлж байна. Амьдрал дээр хэзээ ч төгс зүйл гэж үгүй. “Миний дуунууд” тоглолтын тухайд Монголд 20 жилийн тасралтгүй түүхтэй тоглолт байхгүй гэж бодож байна. Магадгүй энэ тоглолт жил бүр болдоггүй байсан бол орчин үеийн рок, поп урлаг ямар унтаа байдалтай байх байсан бол оо...
Энэ тоглолтыг дагаад олон хүмүүс ажилтай, амьдралтай байдаг ч юм уу. Дууны найруулагчид улам завгүй болно. Дуучид маань шинэ уран бүтээлтэй болдог. Тэдний гоёлыг бэлдэх гээд дизанерууд хүртэл сэтгэл гаргадаг. Үүнд муу зүйл байна гэж үү... Энэ бүхний цаана ажил явагдаж байдаг бол тэр ажлын цаана хүний амьдрал байдаг.
-Уучлаарай, бас л шүүмжлэл дагуулсан нэг уралдаан бол “Universe best songs”. Voice шоу гарч ирээд тус контентыг зогсоолоо гэх зэргээр шүүмжлэлүүд яваад л эхэлсэн.
- “Universe best songs” бол монгол контент. Хүмүүс гаднын контентыг үндэснийхээ контенттой хольж харьцуулаад байдаг. Бид хэдэн тэрбумаар тэр контентыг хийгээгүй. Хамгийн бахархалтай нь сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж байгаа олон улсын шинж чанартай уралдаануудын оролцогчид “Universe best songs”-т оролцож байсан хүүхдүүд байдаг. Энэ утгаараа бид анхдагч болж чадсан. Яг түүн шиг шоуны ялагч Баярцэнгэл, хөгжмийн зохиолч, дуучин Наки гэхэд л манай “Universe best songs”-ын шилдэг оролцогчид. За тэгээд Цэлмүүн, Хишигдалай, Амина, Хишигжаргал гэх мэт нэрлээд байж болох юм. Энэ мэтчилэн тэмцээнийхээ оролцогчдын сайн, сайхан явааг харах таатай байна. Цагийн юм цагтаа. Энэ шүүмжлэлд би огт эмзэглэдэггүй.
-Та UBS телевизэд ороод л шүлэг бичдэг болсон уу?
-Үгүй дээ. Би 2005 онд “Хар шилний цаана” нэртэй шүлгийн номоо гаргаж байлаа. Тэр номноос нэг хамтлагийн дуучин шүлгийг нь аваад дуу хийсэн гэж сонсогдож л байсан. Дараа нь Л.Балхжав захирал маань “Зүрхэнд гэрэлтэх од” киноны дуунд шүлэг хийхийг санал болгоод анх удаа би киноны дуунд зориулж шүлэг бичиж тэрхүү шүлгийн нэрээр кино нь нэрлэгдэж байсан түүхтэй. Анх би “зүрхэнд харвах од” гэж нэрлэсэн байсан. Гэтэл захирал маань харвах гэж яах юм бэ “гэрэлтэх” болгоё гээд “Зүрхэнд гэрэлтэх од” болгож байлаа. Магадгүй тэр шүлэг аятайхан болсон болоод ч тэрүү дараа дараагийн киноны дууны шүлгийг бичүүлэх болсон байх.
-Дараагийн шүлгийн номоо гаргах төлөвлөгөө байна уу?
-Байгаа ч зориглохгүй л байна. Өмнөхөөсөө аятайхан ном гаргачих санаатай. Хүмүүсийн хүссэн тэр зүйл байж чадах болов уу, үгүй болов уу гэсэн эргэлзээ байгаад байна. Магадгүй цаг хугацаа товлож хэлчихээр худлаа болчих юм шиг. Тиймээс чимээгүй байж байгаад л нэг өдөр гаргах байх. Эсвэл хэзээ ч ном гаргахгүй байж ч мэднэ.
-Та бидний ярилцлагыг уншаад зарим хүмүүс “Одгэрэл хаанаас гараад ирэв, юу хийж байгаа бол” гэж сонирхон унших хүмүүс байж магадгүй юм.
-Нээрээ, намайг юу хийж байгааг нүүрномын найзууд маань илүү мэдэж байгаа байх. “Чинсан хөгжлийн академи” үүсгэн байгуулаад удаагүй байна. Хөтлөгчийн анхан шатны сургалтаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүний хөгжил, боловсролыг дэмжин ажиллах зорилготойгоор байгуулагдсан. Маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс ярих ур чадвараа сайжруулахаар хүрэлцэн ирж байгаа нь сайшаалтай. Хүмүүс өөрийгөө хөгжүүлэхийг алхам тутамдаа хүсдэг шигээ үр хүүхдийнхээ мэдлэг боловсрол, чадварыг хөгжүүлэхэд их анхаардаг болсныг анзаарч байна даа. Сүүлийн үеийн шинэ сонин мэдээ гэвэл энэ л байна.
-Магадгүй хөтлөгчийн сургалтыг удирдан явуулах нь таны мөрөөдөл үү?
-Тийм шүү. Одоогоос 13 жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтрээ саяхан харлаа л даа. “Сургалтын төв нээнэ” гээд хүсч байсан байгаа юм. Суудал, ширээ сандлыг нь хүртэл бичиж байсан билээ. 2005 оны тэмдэглэлийн дэвтэртээ шоу нэвтрүүлэг хөтлөх, захиралтайгаа дууны үг бичих гэдэг мөрөөдлүүд хүртэл бичигдсэн байсныг хараад их гайхсан.Тэр бүхэн маань биеллээ олсон байгааг бодоод сайхан санагдсан шүү. Тэр дэвтэр маань л одоо би сургалт хийх ёстой юм байна шүү гэдгийг сануулсан байж ч мэднэ. Ингээд бодохоор хүний хүсэл мөрөөдөл зорилго болдог. Зорилго биелэлээ олж ажил, амжилтыг дагуулдаг юм байна.
-Эрүүл амьдралын хэв маягийг ихэд чухалчилдаг болсон энэ цаг үед түүний үлгэр жишээ болохуйц хүмүүсийн нэг та шүү дээ. Махнаас татгалзаад нэлээд олон жил болсон байх аа?
-Махнаас татгалзаад 11 жил, веган хоолтон болоод 5 жил болж байна. Цагаан хоолтон гэхээр сүү, цагаан идээ хэрэглэдэг. Ногоон хоолтон гэхээрээ мах, сүүнээс татгалздаг. Үүнийг би онцгойлон ярих дургүй. Зүгээр миний сонголт. Хүмүүс нэг л сонин ид шидийн юм мэтээр асуудаг. Би хүмүүсийг цагаан эсвэл ногоон хоолтон болооч гэж уриалдаггүй. Гэвч түүнийг өөрийн амьдралаар үлгэрлээд үзээд ирэхээр давуу тал, сайхан зүйлсийг нь мэдэж, мэдэрч ирдэг. Нөгөөтэйгүүр түүнийг сурталчилаад явах түвшинд би өөрөө хүрсэн үү, үгүй юу гэдэг бас нэг өөр асуудал. Аливаа зүйлийг шинжлэх ухааны баримттайгаар цаад утга учрыг нь ойлгож байж хүмүүст ярих хэрэгтэй гэж боддог.
-Бүх цаг үеийн эмэгтэйчүүдийн хувьд өөрчлөгдөшгүй мөнхийн нэг хүсэл байдаг нь гоё сайхан харагдах, гуалиг сайхан байх магадгүй турах асуудал юм шиг байна.
-Би бол жаахан таргалах юмсан гэж боддог шдээ. Энэ тал дээр зөвлөж мэдэхгүй юм байна. Юутай ч ногоон хоолтон болсоноор энэ жингээрээ л байсан төдийгүй өмнөхөөсөө илүү гуалиг болсон. 2004 онд өмссөн “хонхны баярын” дээл одоо ч надад таардаг. Тиймээс надад таргалахын зовлон алга харин бага зэрэг таргалах юмсан гэсэн хүсэл байна./Инээв/
-Сайхан харагдахын тухайд харин та ямар бодолтой явдаг вэ?
-Сайхан болох гээд бүгдээрээ нэг хэвэнд цутгасан мэт байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь асуудал болсон байна л даа. Түүний оронд бага зэргийн дутагдалтайгаа өөрийнхөөрөө байвал яасан юм бэ гэж хэлмээр санагддаг. Бүгдээрээ л тод хар хөмсөг, том алаг давхраатай нүдтэй болох сонирхол татахаа болчихлоо. Бүгдээрээ л гоё сайхан байхыг хүсэлгүй л яахав. Гэхдээ гоё сайхан байхын тухай ойлголт эмэгтэй хүний нас насанд өөрчлөгддөг юм байна. Одоо бол гоо сайхан гэдэг зүйл хүний сэтгэлд байх юм шиг санагдаж байна. Харин би өөрөө гоо сайхан байхад бас суралцаж л явна. Илүү энгийн байхыг хүсдэг болсон. Өөрийнхөөрөө байсан нь дээр гэдгийг хүмүүст бас хэлэхийг хүсч байна. Бага зэргийн өөрчлөлт хийх зориг гаргаж болох ч өөрийнхөө төрөлх гоо сайхныг бүрмөсөн бөхөөчихвөл харамсалтай.
-Таныг ажиглаад байхад стресс багатай хүн шиг харагддаг.
-Мэдэхгүй ээ. Би ч их сэтгэл хөдлөл ихтэй хүн. Нэг хямарвал нэлээд хямарчихна. Гэхдээ тэр хямрал намайг цэнэглэдэг. Эмэгтэй хүн ойрхон төрөхөөр бас нэг стрессийн төрлийн байдалд ордог юм байна. Тэр нь яаж илрэх вэ гэдэг нь янз бүр байх. Би бол амархан хямраад амархан сэргэчихдэг. Тиймээс дандаа инээгээд явж байдаг ч хүн биш. Ер нь аливаа зүйлсийн хязгаар руу явна. Бас л савлавал савлана. /Инээв/ Урлагийн хүн чинь нэгэн хэвийн байвал утгагүй. Би чинь өөрийгөө урлагийн хүн гэж бодоод байдаг шүү дээ.
Өөрийн гэсэн өнгө аястай хүмүүс л бусдаас ялгаатай харагддаг. Хүмүүс тэднийг алдаа оноотой нь хайрладаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүмүүсийг би өөрийн гэсэн онцлог зан чанар, араншинтай, сул талтай ч эргээд хүмүүсийн хайрыг хүлээж чаддаг тийм л байгаасай гэж хүсдэг.
-Заримдаа хүмүүс нэгэн хэвийн уйтгартай өдрүүдэд орчихсон явж байдаг. Өөрөө ч мэдэлгүй гунигласан, уйтгарласан явах өдрүүдтэй та таарч байв уу?
-Таарсан. Тэр өдрүүддээ би гэр бүлтэй болсоноор цэг тавьсан. Бүх л зүйл ажил, ажил, ажил... гэсэн хэмнэлээр хэт удаан явахаар сүүлдээ яг л тийм уйтгартай болж байсан. Одоо бол хүүхдүүдээ харж баясаад өглөө бүхэн тэднийгээ сэрээнэ гэдэг үнэхээр сайхан... Улам бүр завгүй өдрүүд намайг хүлээж байна. Энэ ч бас их гоё мэдрэмж шүү.
Э.Одгэрэл