Төгөлдөр хуурч Э.Шүтээний бүтээл олон улсын уралдааны шилдэг шалгарав
Европын эмэгтэй жазз хөгжимчдийн шилдэг бүтээл шалгаруулах "Women In Jazz" олон улсын уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарсан байна. 16 дахь удаагийн энэхүү уралдаанд Германд төгөлдөр хуур, хөгжмийн зохиолч мэргэжлээр сурч, амьдарч буй Эрдэнэбаатарын Шүтээний бүтээл шилдэг 25-д багтсаныг дуулгая.
Б.Шүтээн нь Монгол Улсын Консерваторийг сонгодог төгөлдөр хуурч, Соёл, урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн жил Мюнхены Хөгжим театрын урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд өдгөө жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр дараагийн магистрын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа аж.
Э.Шүтээн нь "Элбэрэл", "Гэргий" зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г.Эрдэнэбаатарын охин юм. Энэ тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар шийдэгдэнэ.
Э.Шүтээнийг дэмжиж, бүтээлийг нь шилдэгт шалгаруулахыг хүсвэл доорх линкээр орж дэмжих боломжтой.