Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг өнөөдөр зохион байгуулагдсан 100 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уншиж сонордууллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид, бизнес эрхлэгчид болон үйлчлүүлэгч нийт ард түмэндээ хүргэе.
Монголчууд бид эртнээс Ази, Европыг холбосон олон улсын худалдааны сүлжээг бий болгож, алдарт “Торгоны зам”-аар дамжуулан дэлхий дахины эдийн засгийн үр ашигтай худалдааны сүлжээ, борлуулалтын тогтолцоонд чухал үүрэг оролцоотойгоор хувь нэмрээ оруулж ирсэн бахдам түүхтэй ард түмэн билээ.
Тэмээн жингээс эхлээд тээврийн тэрэгтэй золгосон өнгөрсөн зууны эхээр буюу Монгол оронд 1921 оны Ардын хувьсгал ялсны дараахан орчин цагийн худалдааны анхны байгууллага болох Ардын харилцан туслалцах хоршоо байгуулснаар үндэсний худалдааны салбарын суурь тавигдсан юм. Зуун жилийн хугацаанд манай улсын худалдааны бодлого тухайн цаг үеийн улс төрийн байдал, хөрш орнуудын гадаад бодлогоос ихээхэн хамаарч, хөгжлийн бүх үе шатанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаа чухал байр суурийг эзэлсээр ирлээ. Тус салбарт 1990 оноос “Чөлөөт, олон талт худалдааны зарчим”-ыг баримтлах болсны үр дүнд Монгол Улс 2021 оны эхний 11 дүгээр сарын байдлаар дэлхийн 156 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.0 тэрбум ам.долларт хүрч, үүнээс экспорт 8.8 тэрбум, импорт 6.2 тэрбум ам.долларт хүрээд байна.
Гадаад худалдааны тэнцэл 2021 оны эхний 11 сарын байдлаар 2.6 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 673.3 сая ам.доллароор буюу 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь дэлхий дахинд тулгараад байгаа цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг Монгол Улс хохирол багатай даван туулахад чиглэсэн төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, түүнийг дэмжин ажиллаж байгаа худалдааны салбарынхны хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе.
Худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж, салбарын ололт амжилт, эдийн засаг, улс орны хөгжилд үзүүлж байгаа үр дүн бол үе үеийн худалдаа эрхлэгчид, худалдаачид, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийнхний олон жилийн цуцалтгүй хөдөлмөрийн үр шим гэдгийг мөн тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүнээр элсэж, олон улс орны байгууллагуудтай шууд харилцах боломжтой болсон юм. Бид чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр олон улсын гэрээ хэлэлцээр, эдийн засгийн харилцааны суурь зарчимд нийцүүлэн худалдаа, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож ирсэн. Гэхдээ хурдацтай хөгжин дэвшиж буй дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн угтан хөгжих бодлогыг баримтлах ёстой. Иймд улс орны эдийн засгийн голлох хүч болсон худалдааны салбарын дотоод худалдааг хөгжлийн шинэ шатанд гаргах, үндэсний эдийн засгаа хамгаалах, бие даасан хуулийн зохицуулалтыг бий болгох, гадаад худалдааг тэлэх, гол түнш орнуудтай худалдааны нэн таатай нөхцөлийг бий болгох, экспортлогч орон болох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх зэрэг идэвхтэй хөгжлийн эхлэлийг тавих шаардлагатай байна.
Худалдааны салбарыг олон улсын стандартад нийцүүлэх, стратегийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих, алслагдсан бүс нутаг, аймаг, сумдад томоохон аж ахуйн нэгжүүд салбараа нээх, инновацад суурилсан шинэ үйлдвэрүүд байгуулах, хүү багатай зээл, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэхэд худалдааны салбарынхан Та бүхэн хичээл зүтгэл гаргаж ажиллахыг хүсье.
Цаашид салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэхийн тулд “Олон улсын нэмүү өртгийн сүлжээ”-д идэвхтэй оролцож, худалдааны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлдвэрлэгч хэрэглэгчийг холбосон эдийн засгийн үр ашигтай худалдааны сүлжээ, борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах болно.
Салбарын түүхт ойн баярын хуралд оролцож байгаа Та бүхэнд сайн сайхныг хүсэн, хүн амыг хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээр нь хангах, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэх эрхэм үйлсдээ арвин их амжилтаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улс мөнхөд цэцэглэн хөгжих болтугай” гэжээ.