Шатахуун импортлогчид хуулийн цоорхойгоор 60 тэрбум төгрөг завшчээ

Нийтэлсэн: Админ 2021-12-23 10:32:57

Алслагдсан орон нутагт газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх зорилгоор Онцгой албан татварын хуульд автобензин, дизель түлшийг импортлон оруулж ирж байгаа хилийн боомтуудаас хамааруулан 0 татвартай болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Өөрөөр хэлбэл, Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээ хүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Эрээнцаваар автобензин, дизелийн түлш импортловол онцгой албан татварын хувь хэмжээг 0 болгосон Засгийн газрын тогтоол байдаг.

Энэ тогтоол хэрэгжсэн үед буюу 2018-2021 онд 5.5 сая тонн дизель болон автобензин импортлогдсон байдгаас 50 хувь нь буюу 2.8 сая тонн бүтээгдэхүүн онцгой албан татварын хөнгөлөлттэй горимоор гаалийн бүрдүүлэлт хийгджээ. Бүр тодруулбал, “Магнайтрэйд”, “НИК”, “УБТЗ”, “СодМонгол”, “Шунхлай” зэрэг импортлогчид 1.7 сая тонн буюу нийт хэмжээний 63.5 хувийг хилийн боомтын 0 татварын нөхцөлтэйгээр гаалийн бүрдүүлэлтээ хийсэн байгаа юм. Эндээс зөвхөн дизель түлш нь 215.3 мянган тонн байсан бөгөөд энэ нь 60.3 тэрбум орчим төгрөгийн онцгой татвар төлөх хэмжээний түлш гэсэн үг. Гэтэл импортлогчид хөнгөлөлт эдэлдэг хилийн боомтуудаар импортлосноор зөвхөн түлшнээс гэхэд л 60 тэрбум төгрөг завшчээ.

О.Очир