Хотын дарга "Тогтвортой байдлын тухай 2021" олон улсын цахим хуралд оролцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2021 оны зургадугаар сарын 9-нд зохион байгуулсан Олон улсын санхүүгийн корпорацын “Тогтвортой байдлын тухай 2021” олон улсын цахим хуралд оролцлоо. Энэ удаагийн хурал Ёс зүй, тэгш хөгжил дэвшлийг дэмжих технологи, Нийгмийн ялгааг арилгах, олон нийтийн сайн сайхныг дэмжих итгэлцэл, харилцан ойлголцол, Нийгмийг илүү тэгш, чинээлэг, тэсвэр тэвчээртэй болгох өөрчлөлтүүд гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан.
Цахим хуралд Ирланд Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Мэри Робинсон, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн сайн дурын элч, жүжигчин Дон Чидл, Дэлхийн Банкны Хөгжлийн бодлого, түншлэл хариуцсан захирал Мари Пангесту, Олон улсын санхүүгийн корпорацын захирал Махтар Диоп, Рокфеллер сангийн Ерөнхийлөгч Ражив Шах зэрэг төлөөлөгчид оролцлоо. Төлөөлөгчид хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход шаардлагатай технологийн манлайлал, тогтвортой байдлыг хангасан санхүүжилтийн эх үүсвэр, дижитал болон олон нийтэд ээлтэй хотууд, хот суурин газрын хөдөлгөөний тулгамдсан асуудлуудаар дэлхийн өнцөг булан бүрээс оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ухаалаг зорчилт хөдөлгөөн сэдвийн хүрээнд ярилцлага өгч, Улаанбаатар хотын дэд бүтэц болон тээврийн асуудлыг хэрхэн технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн салбарт манлайлж буй энтрепренер залуучуудыг хэрхэн дэмжиж ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр “Их хөдөлмөрлөж, хэлсэн амандаа хүр” гэж хэлсэн аавынхаа зөвлөгөөг байнга санадаг. Өндөр ёс суртахуун, хичээл зүтгэлтэй байхын зэрэгцээ зорилгоо зөв тодорхойлох нь нийгмийн тогтвортой байдал болон хөгжлийн тулгуур зарчим болохыг онцлов. Тогтвортой хөгжил нь Монгол Улсын урт хугацааны баримт бичиг болох “Алсын хараа 2050”-д тусгагдсан хөгжлийн бодлогын түлхүүр хэсэг юм.
Газар нутгийн хувьд Монгол Улс нь Бүгд Найрамдах Франц Улсаас гурав дахин том бөгөөд 3 сая гаруй хүн амтай тул дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай улс, орнуудын нэгт тооцогддог. Гэсэн хэдий ч Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд үүнийг дагасан хотжилт, гэр хорооллын өрхүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Улмаар хотын төвлөрөл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг асуудлууд нийслэл хотод тулгамдаж буй. Жишээ нь, нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо энэ жил 650.000-д хүрсэн нь нүүрстөрөгчийн ялгарал, авто зогсоолын хүрэлцээ, замын түгжрэлийн асуудлыг бий болгож байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг өндөр хөгжилтэй улс, орнуудад нэвтрүүлээд буй зорчилт хөдөлгөөний ухаалаг шийдлүүдтэй танилцаж, цаашид Улаанбаатар хотын тээврийн удирдлагын тогтолцоонд дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг Хотын дарга онцлов. Тэрбээр “Хэрэв бид хангалттай эрчим хүч үйлдвэрлэдэг болчихвол цахилгаан автобусны систем нэвтрүүлэх боломжтой болно. Жишээ нь, хотод тогтвортой нийтийн тээврийг хөгжүүлэх үүднээс 50 хувь нь цахилгаан, 50 хувь нь байгалийн хий ашигладаг хэрэгслүүдийг нэвтрүүлж болох бөгөөд үүнд такси ч хамрагдах боломжтой юм. Дэлхий нийтээрээ мэдээллийн технологид суурилсан хөгжлийн бодлогыг баримталж буй өнөөгийн цаг үед Улаанбаатар хотын хувьд ч мөн адил олон улсын жишигтэй хөл нийлүүлэн хөгжих шаардлагатай байна. Энэ хүрээнд цаашид бид мэдээллийн технологид суурилсан төслүүдийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч, хотын цахилгаан хангамжийг сайжруулах, нийтийн тээврийн салбарт ухаалаг, цахилгаан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, ухаалаг, ногоон хотыг хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна” хэмээн ярив.
Ухаалаг, цахим шийдлүүд нь Улаанбаатар хотын иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төвлөрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудын мэдлэг, туршлага чухал ач холбогдолтой. Иймээс мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад Улаанбаатар хотын хувьд нээлттэй байгааг Засаг дарга Д.Сумъяабазар хурлын үеэр тэмдэглэв.
Цаашид Улаанбаатар хотыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг, олон улсын стандартад нийцсэн хот болгон хөгжүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлал хамгаас чухал. Үүнтэй уялдуулан зорилгоо зөв тодорхойлж, түүнийгээ тайлбарлаж ярилцах нь ойлголцол, итгэлцлийг бий болгодог гэдгийг Улаанбаатар хотын Захирагч онцоллоо. Ойлголцол, итгэлцлийг бий болгосноор урт хугацаандаа Улаанбаатар хот илүү тогтвортой цэцэглэн хөгжих юм.
Цахим хурлыг дараах холбоосоор хүлээн авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=TuJQ722cU38&t=10278s
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС