Хотын дарга үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно” гэдгийг онцолсон юм.
Үүний дараа үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас давж үерлэсэн. Иймээс байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас урьдчилан сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байна.
Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий. Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид газар үерийн аюултай бүсээс нүүж газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Д.Сумъяабазар: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай
Богдхан уулын Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан. Тэрбээр Туул гол дагуух тохижилтын ажилд уралдаан зарлаж, найман бүтээл ирснээс шилдгийг шалгаруулсан. Мөн Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах Ажлын хэсэг гарсан гэдгийг хэллээ. Хотын дарга ажлаа шуурхай хийхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг холбогдох яамтай зөвшилцөж, зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжуудын усалгааг хийж, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС