"Б.Золжаргалыг огцруулах шийдвэр эцэслэгдээгүй"
Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ энэ сарын 20-нд хуралдаж, Засаг дарга Б.Золжаргалыг огцруулахаар болсон. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус хэмээн аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдэгдээд байгаа юм.
Учир нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуулийн хугацаанд хуралдуулаагүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс бүлгийн гишүүд ИТХ-ийн ээлжит бус хуралдаанд оролцоогүй байна. Маргаан дагуулаад буй уг асуудлаар талуудын байр суурийг хүргэе.
ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭРИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛНА
Архангай аймгийн Ардчилсан намын бүлгийн дарга Ч.МӨНХБАТ:
-Намын бүлгийн зүгээс Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хууль зөрчиж, хууль бусаар хуралдсан гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтад албан бичгийг өргөн барьснаас хойш 15 хоногийн дотор Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулна гэж тусгасан байдаг.
Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн хугацаанаас хэтэрч хоёр сар гаруйн дараа ээлжит бусаар хуралдаж байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгээс ээлжит бус хурал, хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгох саналтай байна.
Иймд тус хуралд оролцоогүй. Мөн Засаг дарга Б.Золжаргалыг огцруулах тухай өргөх бичиг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаагүй, хуулийн хүрээнд тогтоогдоогүй тул Засаг даргыг огцруулах үндэслэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм.
ХУРЛААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ БУС ГЭЖ ҮЗВЭЛ ШҮҮХЭД ХАНДАЖ БОЛНО
Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.БАТЖАРГАЛ:
-Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуулийн хугацаанд хуралдуулаагүй. Өмнө нь хурлын ажлын албанд Covid-19 илэрч, дөрвөн тэргүүлэгч халдвар авсан зэргээс үүдэн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хойшилсон тал бий.
Ер нь Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 14 төлөөлөгч Засаг дарга Б.Золжаргалыг огцруулах тухай албан бичгийг ИТХ-ын хурлын даргад тавдугаар сарын 21-нд өргөн барьсан. Энэ ч үүднээс ээлжит бус хурлаар огцруулах шийдвэр гаргасан.
Тиймээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчөөгүй. Уг хуулийн заалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1/3 нь аймгийн Засаг даргыг огцруулах албан бичгийг ИТХ-ын хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 14 хоногийн дотор хуралдуулж асуудлыг шийднэ” гэж тусгасан байдаг. Хуулийн хүрээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнд өмнө нь албан бичиг өргөн барьсан учраас ээлжит бусаар хуралдаж, асуудлыг эцэслэн шийдвэрлэж байна.
Ер нь Засаг даргыг огцруулах асуудал нь үндэслэлтэй эсэхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 39 гишүүн хэлэлцэж олонхоороо шийдвэрлэх ёстой. Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлэг Засаг даргыг огцруулах үндэслэл нь хууль бус гэж үзвэл шүүхэд хандаж, асуудлыг цаашид шийдвэрлэх бүрэн боломжтой.
Архангай аймгийн Засаг дарга Б.Золжаргал нь өнөөдрийн байдлаар ажлаасаа огцроогүй. Түүнийг ажлаас нь чөлөөлөх эсэх албан ёсны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргана гэж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үзэж байгаа юм.