Элчингийн томилгоо “элэг” авч, эгдүүцэл төрүүлдэг болов
Элчингүүдийн томилгоог ингэтэл олноороо “анзаарч” байсныг мэдэхгүй юм. Явж л байдаг, ирж л байдаг. Угаасаа Чингис хааны үеэс уламжлагдсан төрийн алтан аргамж элчин харилцааны асуудалд ард түмэн оролцоод байдаггүйтэй холбоотой байх л даа. Тэгээд ч “алтан аргамж”-ийн асуудал алдаатай байх учиргүй. Тийм ч байгаагүй. Гэхдээ өмнөх дөрвөн жилээс анхаарал татаж эхэлсэн байдаг юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ГХЯ-наас Засгийн газартаа, Засгийн газраас Ерөнхийлөгч рүү, Ерөнхийлөгчөөс УИХ-д орж ирсэн 20 гаруй “дипломатч”-ийн асуудал олны “элэг”-ийг авч, эгдүүцлийг төрүүлж орхив.
Уг нь Засгийн газраас 80 хувь нь гадаад харилцааны салбараас мерит зарчмаар сонгогдсон гэж онцлоод байсан. Гэвч Элчинд нэр дэвшсэн 25 хүний хэд хэд нь улсаа төлөөлөх эрх зүйн хийгээд ёс зүйн шаардлага хангахгүй аж.
Дипломат ажилтнуудын төлөөлөл болох Т.Батцэцэг, Э.Сарантогос, В.Оюу, Д.Гэрэлмаа, Б.Болормаа нар Элчин сайд нарын томилгооны асуудлаар 2021 оны долдугаар сарын 2-нд Гадаад харилцааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт шаардлага хүргүүлжээ. Тэд “...Яагаад” гэсэн асуултуудаар мерит зарчмыг сануулсан байна. Шаардлагад “...Улс эх орон, яамныхаа нэр хүндийг хувийн сонирхлоос ямагт дээдэлж, дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүмүүсийн хувьд “олгой хагаравч тогоон дотроо” гэдгийг санан, уг асуудлаарх байр сууриа эхний ээлжинд яамны удирдлагуудад илэрхийлэх нь зөв гэж үзсэн болно.
-Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу? Ийм хүн томилохыг нөгөө улс хэрхэн хүлээн авахыг та бүхэн эрхбиш тунгаан бодно биз ээ.
-Яагаад Польш улсын хүчний байгууллагын хар жагсаалтад орсны улмаас өмнө ажиллаж байсан улсаас хугацаанаас нь өмнө татсан, эх орондоо ирснээс хойш ажилласан тайлангаа тавих бүү хэл яамаар ч үзэгдэхгүй хүнийг дахин томилохыг дэмжив? Энэ жагсаалтад орсон зарим хүнийг ажлаас нь халсан, заримыг нь яамандаа авахгүй байгаа бус уу?
-Яагаад манай өөр нэг чухал “гуравдагч хөрш” Франц улсад сүүлийн хоёр жил орчмын хугацаанд түр хамаарагч ажиллуулсны дараагаар Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар дөнгөж томилогдсон хүнийг огцом дээшлүүлэн томилохыг дэмжив? Нэгдүгээр нарийн бичгийн даргаас Элчин сайд болж болдог юм бол бид мэтийн зөвлөх, дэд захирал, захирлын албан тушаалыг цөөнгүй жил хашсан хүмүүс цаашид юунд найдаж, юунд тэмүүлэн ажиллах вэ?
-Яагаад дипломат албыг цалин хөлс багатай ч ачаалал ихтэй хэмээн голж олон жилийн өмнө орхин гарсан хүнийг Ази тив дэх чухал түнш оронд томилохыг дэмжив?
-Яагаад өмнө нь хоёр удаа Элчин сайдаар ажилласны дараа өвчний шалтгаанаар хүсэлт гарган үргэлжлүүлэн гадаадад ажилласан, өөрөөр хэлбэл сүүлийн долоон жил гадаадад ажилласан хүн гурав дахь удаагаа Элчин сайдаар ажиллахыг яамны удирдлага дэмжив? Энэ хүнд гурав дахь удаагаа Элчин сайдаар ажиллах боломжийг гадаад оронд ажиллаж байхад нь олгосон хэрнээ сүүлийн 4-5 жил төвд ажилласан бидэнд яагаад нэг удаа Элчин сайдаар ажиллах боломж олгохгүй байна вэ?
Дээрх нэр дэвшигчидтэй холбоотой шударга бус байдал бидний ажиллах эрч хүч, урам зоригийг мохоож байгаагийн зэрэгцээ бид үүний улмаас залуу ажилтнуудын авч буй буруу ойлголтод санаа зовж байна. Улс, яамны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллах хэрэггүй, ажлаа унагачихгүй хэмжээнд бай, хажуугаар нь дээрээс татах хүнтэй ойрт, мөнгө хуримтлуул, тэгвэл “тооноор орж ирэн Элчин сайд болох боломжтой” гэсэн ойлголтыг залуу ажилтнуудад өгч байна. Бид яамны удирдлага биднийг хүлээн авч уулзан, АНУ, Кувейт, Франц, Сингапур, Швейцар улсад Элчин сайдаар ажиллахаар нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгосон тухайгаа танилцуулахыг хүсч байна” гэжээ.
Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газраас хүргүүлсэн 25-аас нэгийг нь авч үлджээ. 24 хүний нэрийг УИХ-д оруулсан байна. Тэр нь Кувейт улсад суух Элчин сайдад явж байсан Н.Наранбат байв. Түүнийг яагаад авч үлдсэн талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар “...Хар тамхитай холбоотой нэг нэр дэвшигчийг өргөн мэдүүлээгүй. Засгийн газраас нэрийг нь оруулж ирсэн ч шалгаж байгаа учраас оруулж ирээгүй” гэж тайлбарлав.
Үнэхээр ч мэдээлэл шүүрдэхэд, Польшийн прокурорын байгууллагаас манай прокурорын газарт хар тамхины хэргээр эрэн сурвалжилж байгаа монгол иргэдийн жагсаалтыг ирүүлж байв. Энэ явдал 2012, 2019 онуудад болж байжээ. Сүүлд 2019 онд Интерполоос Польш улсад хар тамхины хэргээр манай 31 хүнийг үндэсний хэмжээнд эрэн сурвалжилж байгааг мэдэгдэж нэрсийг нь зарласан байв. Н.Наранбатын нэр 2012 онд Польшийн прокурорын байгууллагаас манайд ирүүлсэн жагсаалтад байв. Тухайн үед Н.Наранбатыг дурын google сайтаас хайхад Интерполоор эрэн сурвалжлагдаж буйгаар нэрс намтар, зурагтайгаа гарч ирж байлаа.
Харин Н.Наранбат гурав хоногийн өмнө хэвлэлд өгсөн тайлбартаа “...Миний талаар хэд хэдэн ташаа мэдээлэл Монголын хэвлэл мэдээллээр гарсан. Ийм учраас миний бие Чех улсад суух Элчин сайдын ажлаа хугацаанаас нь өмнө өгч, эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг нь олъё гэж зорьсон. Албан ёсоор хариу ирсний дараа тайлбар өгье гэж бодож явсаар өдий хүрчихлээ. Польшийн шүүхийн байгууллагаас тодорхойлолт ирсэн учир одоо тайлбар өгөхөд татгалзах зүйлгүй. Манайхны цагдаагийн тодорхойлолт гэдэг шиг Польшийн шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Польшийн хууль, хяналтын байгууллагаар намайг холбогдуулан шалгаж байгаа зүйл огт байхгүйг нотлох бичиг нь ирсэн” гэж байсан юм. Түүний хувьд 1979 онд төрсөн, 1996-2000 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, 2006-2008 онд тус их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. “Тэргүүн шадар” дипломат цолтой. 2000-2009 онд Гадаад харилцааны яаманд атташе, дэд сайдын туслах, газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, Сингапур дахь Ерөнхий консулын газарт консул, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2009-2012 онд Төрийн ёслолын газрын дэд захирал, 2012-2014 онд Европын газрын, 2014-2016 онд Ази, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж байсан. Одоо Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаад 2017 онд Чехэд Элчингээр томилогдсон.
Мөн энэ Элчингүүдийн томилгооны “тоон дотор цохиж яваа үсэг”, бас “сайхан гар” гэгдээд байгаа нэг хүн бий. Тэр нь Америкт явах гэж буй Ө.Батбаяр. Түүнийг дипломатууд ч, жирийн иргэд ч эсэргүүцээд сүйд болж байна. Олон нийт аяллын пейжийн админаар нь таньдаг Ө.Батбаяр нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.
1994 онд Цог/Сэрүүлэг гадаад хэлний дээд сургуулийг англи хэл судлалаар төгссөн. 1998 онд КТМС-ийг компьютерийн техникийн инженер мэргэжлээр дүүргэсэн. 2000 онд КТМС-ийг мэдээллийн технологи, менежментээр төгссөн.
2010 онд АНУ-ын Сайнт Льюс хотын JCI дэлхийн байгууллагын дэд ерөнхийлөгч, 2011 онд JCI дэлхийн байгууллагын ерөнхий санхүүч, 2012 онд JCI дэлхийн байгууллагын. Ази Номхон Далайн бүс хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч, 2011-2017 онд АНУ-ын YPO дэлхийн бизнес эрхлэгч залуучуудын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч, салбарын тэргүүн, 2017 оноос АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудад Монгол иргэдийг корчих аялах “Хариуцлагатай аялцгаая” арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэгч, 2019-2021 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх, 2021 оноос Ерөнхий сайдын гадаад бодлого, хамтын ажиллагаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “...Гадаад харилцааны ажлын туршлага, мэдлэгийг харгалзан энэхүү албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна” Ө.Батбаярыг тодорхойлоод гарын үсгээ зуржээ.
Ө.Батбаярын талаар дипломатууд “...Яагаад манай чухал “гуравдагч хөрш” болох АНУ-д сэтгүүлч-аялагч, хэлний мэдлэгийн хувьд тааруу, яриа хэлэлцээрийн ур чадваргүй хүнийг томилохыг дэмжив? Олон улсын харилцааны улам бүр хурцдаж буй өнөөгийн нөхцөл байдалд их гүрнүүдээс шууд болон шууд бусаар бидэнд үзүүлдэг дипломат дарамтыг энэ хүн дааж, улсын язгуур эрх ашгийг хамгаалж чадах уу” гэж салбарын удирдлагуудаасаа асуужээ.
Зөвхөн дипломатууд, гадаад харилцааныхан гэлтгүй олон нийт энэ хэдэн хоногт аялагч Ө.Батбаярын талаар байр суурь, үзэл бодлоо харамгүй илэрхийлж байна.
Энэ хоёроос гадна Сингапурт Элчингээр явах С.Энхбаяр, Швейцарт явах гэж буй Р.Алтангэрэл, Францад зүтгэж байгаа У.Нямхүү нар дипломатуудын “...Яагаад” асуултад өртсөн байгаа юм.
Гэвч эцсийн бүлэгт Элчингүүдийн томилгоонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэг тавина. Угаасаа Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн эрх мэдлүүдийн нэг нь энэ. Тэрбээр хуулийн дагуу УИХ-тай зүгээр л зөвшилцөж байгаа юм.
Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод анх удаа зарлигдаж, Элчингүүдийг томилох гэж байна. Сайтар шүүж, мэргэн зарлигдах буй за.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир