Халдвар авч байгаа 10 хүн тутмын 9 нь бүрэн вакцингүй иргэд байна
Өдөр бүр халдвар авч байгаа хүмүүсийн 90 хувь нь вакцинаа бүрэн хийлгээгүй иргэд байна. Ковид туссан сүүлийн 3 өдрийн 6600 гаруй хүний 6000 нь буюу 90% нь 2-р тунгаа хийлгээгүй, огт хийлгээгүй, 2-р тунгаа хугацаандаа ирж хийлгэж амжаагүй 1-р тунтай иргэд, хүнд өвчтэй буюу дархлаа сул, хүүхэд зэрэг иргэд байна. 2-р тунгаа тариулаад 14-өөс дээш хоносон иргэд хамрын ханиад мэт халдвар авч эрсдлээс бүрэн хамгаалагдаж байна. 4 төрлийн вакцин тариулсан 900 хүн дээр түүвэр судалгааг ХӨСҮТ хийлгэсэн.
АстраЗенека, Файзер, Спутник, Синофарм тариулсан хүмүүсийг амь насны эрсдлээс 88-100 хувь хамгаалж байна. Халдвараас 80-90 хувь хамгаалж байна. Бүх төрлийн вакцин хийлгэсэн иргэдээс 0.5-06 хувь нь халдвар авсан. 90-ээс дээш хувь нь хөнгөн өвдсөн. 9 хувь нь хүндэвтэр өвдсөн. 1 хүрэхгүй хувь нь биеийн суурь өвчнөөс болж хүндэрсэн.
Нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.