“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн явцтай танилцлаа
Өнөөдрийн байдлаар Байгаль орчны салбарт гадаадын хөрөнгө оруулалттай 20 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүний нэг нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төсөл юм.
Өнөөдөр БОАЖ-ын сайд Нямжавын Уртнасан төслийн баг, бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж төслийн явц, хэрэгжилтийн үр дүнтэй танилцлаа. Төслийн I шат 2015 оноос эхлэн 10 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн 11 Хамгаалалтын захиргаадад хэрэгжиж эхэлсэн. Дээрх аймгуудад төсөл хэрэжсэнээр Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, орон нутгийн ард, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байгаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэхдээ уг төсөл ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдад үр өгөөжөө өгч байгаа боловч нөгөө талаараа учир дутагдалтай, анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байгааг онцоллоо. Тухайлбал, байгаль хамгаалагчдын орон сууц болон сургалт мэдээллийн төвүүдийн ариун цэврийн байгууламжийн асуудал, төсвийн үр ашигтай зардал, байгаль хамгаалагчдын дүрэмт хувцасны стандарт зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй байгааг энэ үеэр хэлэв.