Н.УЧРАЛ: "ИХ ЗАСАГ" ИХ СУРГУУЛЬ Ц.ЦОГЗОЛМАА САЙД БИД ХОЁР БАЙСАН БАЙГААГҮЙ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ ЯВАА

Нийтэлсэн: Админ 2018-10-05 5:13:46


Өчигдрийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарын хооронд ширүүхэн үйл явдал болж өнгөрсөн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас дараах тодруулгыг авлаа.


 

-Таныг Ц.Цогзолмаа сайд тусгай зөвшөөрөл авах болохоор сайд аа гээд гүйдэг гэж ярьсан. Үнэхээр ийм ашиг сонирхлын зөрчил байгаа юм уу?

-Боловсролын салбарт тусгай зөвшөөрөл авч, сургууль байгуулна гэдэг бол магадлан итгэмжлэл байдаг. Энэ нь таван жил байдаг. Яригдаад байгаа манай гэр бүлийн хүнтэй холбоотой “Их засаг” их сургууль Ц.Цогзолмаа сайд бид хоёр байсан байгаагүй өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж яваа. Боловсролын салбарт арын хаалга байдаггүй. Энэ салбар өөрөө шударга өрсөлдөөнөөр явдаг салбар. Яагаад гэвэл оюутантай сургууль ажиллаад, оюутангүй нь хаагддаг. Тийм учраас зарчмын асуудал дээр хувь хүний гэр бүлтэй холбоотой асуудлыг яриад байх шаардлага байхгүй. Би зүгээр тойргийнхоо асуудлыг ярьж байна. Үнэхээр 62 дугаар сургууль бол 5000 хүүхэдтэй. Гурван ээлжээр 960 хүүхэд хичээллэж байгаа. Ийм сургууль байхгүй юу. Энэ сургуулийн төсөвт гаргасан мөнгө нь царцах гэж байна. Энэ хэний буруу гэхээр яамны алдаа. Тиймээс үүнийг хурдан , шуурхай шийд гэдэг зарчмын асуудлыг байнга ярьж хэлж байгаа. Тийм учраас хувь хүний асуудлыг, гэр бүлтэй нь холбоотой асуудлыг энд ярих шаардлагагүй.


-Танд ямар нэгэн байдлаар хувийн төсөл гуйсан тохиолдол байгаа юм уу?


-Би юу ч гуйгаагүй. Яагаад гэвэл гуйх шаардлагагүй шүү дээ. Үе үеийн сайд дарга нарын үед өөрсдийнхөө ажлаа хийсэн шиг хийгээд, хууль дүрмийнхээ хүрээнд ажиллаж байгаа ийм л сургууль. Тийм учраас гуйсан зүйл байхгүй.


-Яам тендер руу зүтгэснээр ямар үр дагаварт хүрэх вэ?


-Нийслэл дээр бол газрын алба, ерөнхий төлөвлөгөөний алба байдаг. Өөрөөр хэлбэл, том бүтэц шүү дээ. Нийслэл рүү энэ ажлыг өгөх юм бол ядаж л газрыг нь судлан, ерөнхий төлөвлөгөөгөөр оруулаад хүссэн хүсээгүй нийслэлтэй хамтарч ажилладаг байхгүй юу. Яаманд газрын дарга болон хоёр хэлтсийн дарга, доороо хэдхэн мэргэжилтэйтэй бүтэц өөрөө бүх асуудлыг шийднэ гэж байдаагүй юм. Тиймээс уг ажлыг нийслэлд нь өгвөл иллүү хурдан шуурхай явна гэдэд бодолтой байдаг. Боловсролын яам бол салбарынхаа бодлого руу анхаарахгүй бол үнэхээр тендер худалдан авах ажиллагаанд оролцсоноос болоод үндсэн салбарын бодлого орхигдоод байдаг. Үнэхээр ачаалалтай байдаг учраас сайдыг би ойлгож байгаа.


-Тодруулбал, хэчнээн төгрөг царцах гээд байгаа юм бэ?

-62 дугаар сургууль дээр гурван тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Энэ жил 900 сая төгрөг тавигдсан байгаа. 23 дугаар хороон дээр мөн нэг цэцэрлэг байгаа. Уг цэцэрлэгийн газар нь сая шийдэгдсэн. Энэ цэцэрлэг дээр бас 900 сая төгрөг байгаа. Тэр мөнгө нь царцах юм бол дахиад ашиглалтад орох боломжгүй болчихож байгаа юм. Бид энэ ажлын хөөцөлдөөд 6.5 тэрбум төгрөг болгочихсон. Гурван тэрбумд тохирох ажлыг нь заавал хийхгүй бол, гурван тэрбум төгрөг түлхүүр гардуулахаар зарлахаар ямар ч компани орохгүй шүү дээ. Тэгэхээр энэ наад захын асуудал байхгүй юу.


-Гол шалтгаан нь юу байна вэ?

-Гурван тэрбум төгрөгт нь тохирох хэмжээг нь зааж өгч болно шүү дээ. Энэ ажлыг багтааж хий гээд зарлачих юм бол энэ жил 900 сая төгрөгийн гэрээ аль хэдийн хийгдэх байсан байхгүй юу. Нэг сард бид төсөв хэлэлцээд батлаад дуусчихаж байгаа юм. Гэтэл төсөв нь батлагдсан зүйлд тендер зарлагдах нь аравдугаар сард хийгдэж байгаа юм бэ. Зуны хэдхэн сарыг ашигламаар байна шүү дээ. Ингэвэл ядаж 2019 онд ашиглалтад орно. Би хүүхдийн төлөө яриад байгаагаас биш сайд бид хоёрын хувийн асуудал энд байхгүй. Би тэр хүнийг ажлаа сайн хийгээсэй гэж бодож байгаа. Би хамгийн том тусыг хүргэсэн. Багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийг батлуулж өгсөн. Ийм том тус хүргэчхээд юуг гэж салбарын сайдыг болохгүй, бүтэхгүйгээр нь дуудахав. Гол нь хүүхдийн асуудал яригдаж байна. Гурван ээлжээр хичээллээд өрөвдөлтэй шүү дээ. Оройны 17 цагт ээлж солиод 20:30 цаг хүртэл хичээл нь ороод тараад явж байгаа ийм л эмзэг асуудал.

 

Б.Цэрэнлхам