Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагуудтай хийж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМДҮЗ-ийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, иргэд даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй хүргэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газраас Монгол Улсын Иргэний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 13 дугаар зүйлийн 13.1.2, 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Урьдчилан сэргийлэх үзлэгийн багцад орсон нэмэлт өөрчлөлт, 2019 оны “Журам, жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 23 дугаар тогтоол, “2021 оны төсвийн хуваарийг батлах тухай” 2021 оны 01 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны “Даатгалын гэрээний 2020 оны биелэлтийг баталгаажуулсан жагсаалтыг батлах тухай” А/07 дугаар тушаалыг тус тус үндэслэн төрийн, болон хувийн хэвшлийн 981 эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авахаар төлөвлөөд байгаа юм.
Улмаар өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэг, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Баясгалантай дэлхий эмнэлэг гэх мэт эрүүл мэндийн байгууллагуудтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээг байгууллаа.